Өнөөдөр манай орны хаягдал төмөр дуусч байна. Өмнө нь манай улс хаягдал төмрийг их хэмжээгээр экспортод гаргадаг байх үед үүнийг хориглосон хууль гаргасан нь маш зөв алхам болж байсан. Гэтэл Эдийн засгийн байнгын хороогоор нэг тогтоол гаргуулаад гурваас дөрөв дахин үнэтэйгээр Хятад руу гаргая гэж байгааг эсэргүүцэх хүмүүс байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм.
Тэрбээр: Хятад руу хаягдал төмрийг гаргана гээд байгаа тэр үнээр нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр байдаг юм уу арматур хийдэг бусад үйлдвэрүүдэд нийлүүлж болно шүү дээ. Эдгээр үйлдвэрүүд хаягдал төмрийг ашиглах ёстой. Ойрын жишээ хэлье. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр буталдаг шаар гэж байдаг юм. Тэр шаарыг Монголд хийдэг. Тэдний ганц түүхий эд нь хаягдал төмөр л байхгүй юу. Одоохондоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч тэр, бусад үйлдвэрүүдийн хувьд ч тэр өөрсдийн хүчин чадлаар төмрийн хүдрийг боловсруулан ган гаргаж байгаа зүйл алга. Юу байна гэхээр бэлэн зуух байна. Тэр зуухандаа бэлэн хаягдал төмрийг хайлуулж, хатуулаг нэмээд шаар, ган бөмбөлөг, арматур гаргаад явж байгаа юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд үндэсний үйлдвэрээ дэмжих нь чухал.
Монголд байгаа хаягдал төмрийг заавал Хятад руу гаргаж яах гээд байгаа юм бэ. Эдийн засгийн байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ төмөр замыг дэмжих гэж байгаа нь энэ гээд хямралаар бамбай хийн ингэж явж болохгүй.
Сүүлдээ бүр хаягдлын төмрийн асуудлаасаа халиад модоо огтолж эхэлье гэхээр нь эсэргүүцсэн юм. Төмөр замын дэрийг бетоноор хийхэд хүчин чадал нь хүрэхгүй байгаа тул 10 жилийн хугацаанд мод тайрах зөвшөөрөл олгоод өгөөч гэдэг зүйл явж байна. Үүнийгээ болохоор зөвхөн төмөр замын дэр мод бэлтгэх журмаар гэж яриад байгаа л даа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь ой байдаг билээ. Сайн бодох хэрэгтэй. Ойн сан багатайн дээр сүүлийн жилүүдэд модоо огтлоод бараг дуусчихсан..
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэхээр хэдэн төслүүдийг л голдуу жагсаачихсан байдаг юм билээ. Энэ удаагийнх дээр бид төслүүдийг нь зааж өгсөн. Таван толгойн станц, төмөр зам ч гэдэг юм уу. ТЭЦ III-ын ажлыг эхлүүлэхгүй бол хоёр жилийн дараа эрчим хүчний дутагдалд орохоор байна хэмээн үзэж байна.
О.ӨНӨР