Categories
мэдээ цаг-үе

Иргэдээс тэрбум гаруй төгрөг цуглуулж барьсан өвлийн хүлэмжээс 90 тонн гүзээлзгэнэ хураана

-“ЧАНДМАНЬ ЖИМСТ”-ИЙНХЭН ШИНЭ ЖИЛЭЭС ӨМНӨ ӨРГӨСТ ХЭМХ, УЛААН ЛООЛИО ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА-

Улаанбаатар хотоос гарч 59 км яваад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Х.Алтанцацралтын өвлийн хүлэмжинд очлоо. Замын хойхно талд зүүн урагш харсан энгэр газарт долоон ижил хүлэмж цаснаас ялгагдахааргүй цайран харагдана. Хүлэмж бүрийн дэргэд жижигхэн улаан тоосгон байшин барьжээ. Ажилчдынх нь сууц юм байна. Биднийг очиход арваад хүн ид ажиллаж байв. “Х.Алтанцацралтын хүлэмж мөн үү” гэж лавлахад “Мөн, Цацаа ах тэр хүлэмжинд байгаа” хэмээн зүүн урд талын хүлэмжийг заалаа. Тэр хүлэмжинд гүзээлзгэнэ тариалжээ. Агрономич С.Тунгалаг “Би чинь 9900 хүүхэдтэй. 10х80-ын хэмжээтэй манай хүлэмжинд гүзээлзгэний 9900 бут бий. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд үрсэлгээгээ суулгасан. Одоо цэцэглэсэн хэд хэдэн бут байна. Долдугаар сард ургацаа хураана” гэж ярилаа. Гүзээлзгэний бутнуудыг гялгар уутаар бүтээжээ. Зэрлэг ургамлаас хамгаалах, чийгийг нь барих, хөрсний дулааныг хадгалах гэж ийм арга хэрэглэдэг юм байна. Гучин хэм давсан энэ өдрүүдэд өвлийн хүлэмж дулаахан гэж жигтэйхэн бөмбийж байна. Хаврын хачин дулаахан өдөр шиг орчин биднийг угтав. Биднийг очихын өмнөх өдрийн үүрийн дөрвөн цагт энд гадаа хасах 42 хэм хүрч хүйтэрч. Тэр үед эдний хүлэмж нэмэх 18 хэмийн дулаантай байжээ. Нар гарч байвал хүлэмжинд зун шиг дулаахан байдаг гэж “Чандмань жимст” компанийн ажилчид ярьж байв. Монголын хувьд жилийн 365 хоногийн 300 өдөрт нь нартай байдаг гэнэ.

Сонирхуулж хэлэхэд хүлэмжийн ургамалд зөгийгөөр тоос хүртээдэг юм байна. Агрономич С.Тунгалаг “Гадаа ургадаг ургамал агаар, салхи, шавьжаар тоос хүртдэг.

Харин хүлэмжинд байгаа ургамалд зөгийгөөр тоос хүртээдэг. Тоос хүртсэний дараа жимс нь хурдан гардаг юм” гэж тайлбарлав.

“Чандмань жимст” компанийн захирал Х.Алтанцацралт “Энэ жил эрт хүйтэрч, цас их орсон. Ойрын зуун жил тохиогоогүй хүйтэн өвөл болно, бичин жил сүүлээрээ шарвадаг гээд ярьж байна. Хүйтний улирал гурван сар гартал үргэлжилнэ гэвэл илүү сартай өвөл болох нь. Халуун орны жимс ногоог эрс тэс уур амьсгалтай Монголд, ийм хүйтэн жил тарьж байна. Нуулгүй хэлэхэд заримдаа айдас төрдөг. Маш олон хүн надад итгэж хөрөнгө оруулсан. Тийм болохоор гэр орноо хаяад энд ирж сар гаруй хугацааг өнгөрүүллээ. Өвлийн жавар тачигнахаас өмнө үлдсэн хүлэмжийнхээ дотоод ажлыг дуусгачих гээд хичээж сууна” гэж ярилаа.

Хүлэмжийн дулааныг яаж шийдсэнийг сонирхоход компанийн захирал “ШУТИС-ийн доктор Баяр айл, аж ахуйн нэгжид ирж байгаа 220 вольтын цахилгааныг дөрвөөс тав дахин өсгөдөг технологи зохион бүтээсэн юм. Энэ нь 2015 оны дэлхийн шилдэг 15 бүтээлийн нэг болсон. Бид Баяр докторын багтай хамтраад хүлэмжийн халаалтын системээ зохицуулсан” гэв.

Өргөст хэмхнийх нь хүлэмжээр орлоо. 2250 бут суулгажээ. Энэ хүлэмжинд улаан лооль ч тарьсан гэж агрономич бүсгүй тайлбарлав. Эхний ургацаа шинэ жилээс өмнө хураахаар төлөвлөжээ. Өргөст хэмх, улаан лооль хураах гэнэ. Барьчихсан байгаа долоон хүлэмжийнхээ нэгд нь өргөст хэмх, улаан лооль, гуравт нь гүзээлзгэний үрсэлгээ хийсэн юм байна. Нэг хүлэмжээс нэг удаадаа 25-30 тонн ургац авна гэж агрономич бүсгүй сонирхуулав.

“Чандмань жимст” ХХК-ийн захирал, хүлэмжийн агро парк байгуулах төслийн санаачлагч Х.Алтанцацралт биологич мэргэжилтэй юм байна. “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагаараа дамжуулан иргэдэд экологийн боловсрол олгож, зуны гурван сар мод ургамал тарих сургалт явуулдаг гэнэ. Тэрээр “Газар тариалангийн салбарт ажилладаг хүмүүс өвөлдөө ажилгүй сул суудаг. Өвөлдөө ч ногоо, жимс тарьж ажилтай байх гэж өвлийн хүлэмж ажиллуулж эхэлсэн” гэж ярив. Эхлээд “Чингис” бондоос наян сая төгрөгийн санхүүжилт авч, Шувуун фабрикт өвлийн хүлэмж бариад нарийн ногоо тариалж. Хоёр жил амжилттай тариалсан ч, өвлийн хүлэмжийн аж ахуйг ганц нэгээрээ эрхлэхэд зардал өндөр тусдагийг мэдэрчээ. Нэгдэж, нийлээд менежмэнттэйгээр үнэ цэнийн сүлжээнд орж байж өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлбэл илүү ашиг олно гэсэн санаа тэр үед төрсөн юм байна. Ингээд “Хүлэмжийн агро парк” байгуулах төслийг санаачлан бичжээ. Өмнөх засгийн үед өвлийн хүлэмжийг бондын мөнгөөр санхүүжүүлэхээр болж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Голомт” банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан ч сонгууль болоод замхарчээ. Хариуцаж байсан Аж үйлдвэрийн яам нь татан буугдсан учраас банкнаас зээл авах ч боломжгүй болж.

Х.Алтанцацралт төслөө бариад “Голомт” банк, Азийн хөгжлийн банк, Жайка гээд хандаж болох газар бүрт очсон ч санхүүжилт олдоогүй гэнэ. Харин “Голомт” банкнаас “Та өөрөө санхүүжилт босгоод энэ намар хэдэн хүлэмж барьчихвал бид ирэх жилээс дэмжинэ” гэсэн хариу өгчээ. Х.Алтанцацралт “Хаваржин хүлэмж барина гэж ярьчихсан байдаг. Гэтэл есөн сар гарч байхад ямар ч санхүүжилтгүй гацаж орхисон. Одоо л хүлэмжээ барьж чадахгүй бол хавар дахиад ярих хэрэг гарна. Хавар болохоор хүлэмж ярьдаг өвчтэй хүн гэж хэлүүлэхийг хэн хүсэх вэ дээ” хэмээн ярив.

Ингээд твиттер, фэйсбүүкээр 30 сая төгрөгийн санхүүжилт хийвэл төсөл амжилттай хэрэгжсэний дараа нэг хүлэмж өгье гэсэн зар тавьжээ. Өвлийн хүлэмжинд хөрөнгө оруулах сонирхолтой иргэд санаснаас нь их байсан гэнэ. 45-хан хоногийн дотор нэг тэрбум 280 сая төгрөгийн санхүүжилт босгожээ. АНУ-д амьдардаг гурван залуу хүртэл итгэж хөрөнгөө оруулжээ. Солонгост 18 жил ажилласан бүсгүй “Монголд ирээд юу хийхээ мэдэхгүй байсан юм. Таны санал таалагдлаа. Байгальд ээлтэй, хүнд хоргүй гоё бизнес байна” гээд мөнгөө бариад ирж. Ингээд хүлэмж барих ажлаа есдүгээр сарын 17-ноос эхэлүүлсэн байна. Барилгын ажилд нь 100 гаруй хүн оролцжээ. Иргэдээс цугласан мөнгөөр долоон хүлэмж бариад дуусч байгаа аж. Нэг хүлэмж нь 150 сая төгрөгөөр босчээ. Х.Алтанцацралтын “Чандмань жимст” компани одоогоор итгэж мөнгөө оруулсан хорь гаруй хөрөнгө оруулагчтай болж. Тэрээр энд 60 өвлийн хүлэмж байгуулах юм байна. Үлдсэнийг нь ирэх жилээс банкнаас зээл авч барихаар төлөвлөжээ. Банкнаас авсан зээлээ дараа жилийнхээ ургацаас дарах тооцоо хүртэл гаргачихаж. 30 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс эдний барьсан хүлэмжийг өмчлөх эрхтэйгээс гадна ургацынх нь ашгаас ч хүртэх боломжтой аж. Хөрөнгө оруулагчдадаа хүлэмжийг нь өгөхдөө газартай нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй өмчлүүлэх юм байна.

Аймаг, нийслэлээс их олон хүн эдний хүлэмжийг сонирхож туршлага судалж байгаа гэнэ. Х.Алтанцацралт “Монголчууд нэгдэж аймаг бүрт өвлийн хүлэмжийн цогцолбор байгуулж ажиллавал хүнсний аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдэнэ. Үүгээр ч зогсохгүй жил бүр урд хөршид 20 сая доллар тушааж жимс, ногоо худалдан авах шаардлагагүй болно. НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага хятад хүн жилд 350 кг, монгол хүн 35 кг жимс ногоо иддэг гэсэн судалгаа гаргасан байна лээ. Тийм болохоор Орос, Хятад улсад үндэсний сортын, эрүүл ногоо жимсээ экспортлох боломж ч бүрдэнэ. Энэ бол Монголын хөгжлийн нэг гарц. Манай орны хөрс нь, агаар нь эрүүл, ус нь тунгалаг учраас цэвэр эко жимс, ногоо тариалах бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

Одоо барьчихаад байгаа долоон хүлэмжийн ургац гэхэд л нийслэлчүүдийн улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэний хэрэглээний таван хувийг өлхөн хангах юм байна.

Х.АЛТАНЦАЦРАЛТ: ЖИМС, НОГООГОО УХААЛАГ УСАЛГААГААР УРГУУЛЖ БАЙНА

“Чандмань жимст” компанийн захирал Х.Алтанцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.


-Гэрэл цахилгаан, усалгаа, ажилчдын амьдрах орчин гээд олон асуудлыг цогцоор нь шийджээ. Туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Өнөөдөр монголчуудын хоолны хуваарьт өөрчлөлт орсон. Зөвхөн гурил мах иддэгээ болиод цагаан, ногоон хоолтнууд нэмэгдэж байна. Тийм болохоор химийн бордоогүй, эрүүл монгол хөрсөнд ургасан жимс, ногооны эрэлт нэмэгдсэн. Энэ бол хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүн эхлүүлэх ёстой ажил байсан. Мэргэжлийн хүний хувьд би эхлүүлээд байна. Миний тавьж байгаа гол зорилго бол нэг хүлэмжид хоёр хүн ажиллана. Гэхдээ 365 хоног ээлжгүй тулаа ажиллах юм. Тийм учраас амьдрах байр нь ая тухтай байх ёстой. Хятадууд бол 3х3 харьцаатай ногоочны байр гэж барьдаг. Би 6х4-ийн харьцаатай сууц барьсан. Хэмжээ нь багадаж байна. Тэгэхээр сүүлийн хоёр хүлэмжийн ногоочны байрыг 6х5-аар барьсан. Монгол хүн гэдэг бол барууны соёлтой, усанд орох ёстой, интернэтэд орох, зурагт үзэх хэрэгтэй. Тийм болохоор энэ бүх асуудлыг шийдэж байна. Ирээдүйд 60 хүлэмжинд 120 ногоочин ажиллаж, амьдрана гэхээр цэцэрлэг сургууль ч барих асуудал гарах биз. Баянчандманийн ажилгүй залууст ойжуулагч, цэцэрлэгч, ногоочны мэргэжил олгох сургалт явуулсан. Усалгааны хувьд ургамал болгонд дусалж очдог ухаалаг системийг ашиглаж байгаа. Мөн цахилгаан тасарсан үед нөөц зөөврийн цахилгаан үүсгүүрийг байрлуулсан.

-Тариалалтын хувьд төдийд өдийд тарина гэсэн тогтсон хугацаа бий юү?

– Тогтсон хугацаа байхгүй. Үр болгон хэд хоноод жимсээ өгөх өөрийн тогтсон хугацаатай. Тийм учраас зах зээлээ судлаад, хэдийд ургац авахыг хүсч байна, түүнийгээ тооцоод үрсэлгээгээ хийнэ. Манайхан хавар газар гэсэхээр бүгд тариалалт хийгээд намар ургацаа хураадаг. Бүгд ургацаа зэрэг авдаг учраас зах зээл дээр жимс, ногооны илүүдэл үүсч, ашиггүй ажиллах эрсдэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэхэд өвлийн хүлэмж чухал ач холбогдолтой.

-Өвлийн хүлэмж барих хүсэлтэй жирийн иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүлэмжийн барилгын үндсэн материал болох тоосго цемент, арматур бол манай улсад элбэг бий. Хучлага хөнжил, дээврийн карказыг Хятад улсаас оруулж ирдэг дистрибьютэр нь манай компани. Хоббигоороо хашаанд өвлийн хүлэмж байгуулаад жимс ногоо тарьж болно. Гэхдээ бизнес эрхлэх гэж байгаа бол аль болох нэгдэж, хоршоолж байж, өвлийн хүлэмжийг үнэ цэнийн сүлжээнд оруулж хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

Б.НАРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *