Та шинэ өглөөг эрч хүчтэй эхлүүлмээр байна уу. Тэгвэл танд унтаад сэрсэн биеэ сэргээх энгийн дасгалаас санал болгоё. Зарим дасгал, хөдөлгөөнийг нь өглөө ч гэлтгүй завтай үедээ хийж, биеэ хөгжүүлж болох юм шүү. Мэдээж, хүн бүр л өөрийн биеэ зөв галбиртай болгохыг хүсдэг шүү дээ. Дараахь дасгал, хөдөлгөөнүүд нь хийхэд хялбар ч таны бие дэх илчлэгийг шатаахад хамгийн үр дүнтэй.
Ингээд хамгийн үр дүнтэй долоон дасгалыг танилцуулж байна.
1. Дээс тоглох:
Та хэзээ хамгийн сүүлд дээс тоглосон бэ. Дээс тоглох нь хаана ч хийж болох хялбар бөгөөд хямд төсөр дасгалын хэлбэр билээ. Дээс тоглосноор дасгалыг илүү зугаатай байдлаар мэдрэх болно. Мөн гэр бүлийн хамт, үр хүүхдүүдтэйгээ энэхүү дасгалыг хамтдаа хийх боломжтой юм. Дээс тоглох нь таны зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлэх үр нөлөөтэй.
2. Хөндий суух:
Хоёр гараа урагш сунган барьж агаар дээр хөндий суух мэт энэ дасгал таны биеийн бүх булчинг нэг дор ажиллуулах чадалтай. Энэхүү дасгал нь таны биеийн илүүдэл өөхийг арилгах, илчлэг шатаах, булчингуудыг чангалах зэрэг олон үүрэгтэй. Энэхүү дасгалыг та зөөлөн буйдан дээр яг суухын алдад агаар дээр суух хэмжээнд биеэ сойж бариарай. Хөндий суух дасгалыг та өдрийн аль ч цагт хэд хэдэн удаа хийгээд үзээрэй.
3. Суниах:
Суниах нь бусад дасгалаас хүнд ч та үүнийг заавал фитнес клубт очиж хийх шаардлагагүй юм. Суниалтыг хүн бүр төгс хийж чаддаггүй ч та бага багаар оролдсоор байвал энэ дасгалыг зөв хийж чадах боломжтой. Энэ дасгал нь таныг зүрх судасны өвчлөлөөс хамгаалах болно. Мөн хөдөлгөөний дутагдлаас үүдэх ямар нэгэн эрсдлээс хамгаалахад өндөр ач холбогдолтой дасгал юм. Хоёр гараа тулан хийх энэхүү суниалтын төрөл нь таны биеийн цээжин бие гар, мөрөнд түлхүү үр нөлөөтэй.
4. Нэг хөл дээрээ суух:
Энэхүү дасгал нь таны өгзөг, хөлний бүх булчинг ажиллуулах болно. Өгзөг, гуя, шилбэний булчинг хөгжүүлэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй дасгал юм. Хоёр хөл дээрээ ээлжлэн суух энэ дасгалыг та өдөрт 30 удаа хийгээд туршаад үзээрэй.
5. Усанд сэлэх:
Усанд сэлэх нь бие галбирыг сайхан болгохоос гадна эрүүл мэндийн маш олон үр ашигтай. Таны биеийн бүх булчин ажиллахаас гадна сэлэлт нь эрч хүч бас амралтыг авчирна. Усанд сэлэлт таны нурууны ядаргааг бүрэн тайлж өгдгөөрөө давуу талтай. Мөн цусны даралтыг бууруулах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, уушги тэлэх, чийрэгжих зэрэг эрүүл мэндийн олон давуу талтай.
6. Гүйх:
Хүн төрөлхтөнийг эрүүл байлгах гол үндэс нь хөдөлгөөн. Идэвхтэй хөдөлгөөнүүд дотор ихэнх хүмүүсийн сонгон хийдэг дасгал бол гүйлт билээ. Гүйлт нь хүнийг хэвийн, эрүүл жинтэй байлгах, булчингуудыг идэвхтэй хөдөлгөхөөс гадна стресс тайлах, уушги тэлэх зэрэг олон ач холбогдолтой. Хэрвээ та гүйхээр шийдэж байгаа бол өдөр бүр энэ спортоор хичээллэх боломжтой. Гүйх нь зөвхөн гоо сайхны төдийгүй хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой спорт юм.
7. Дугуй унах:
Дугуй унах нь бусад хүнд дасгал хийхээс тэс өөр зүйл юм. Тохиромжтой газарт дугуй унах нь таны биед дасгал болохоос гадна таны оюун санааг зугаацуулах болно. Дугуй унах нь түлхүү хөлийн булчин ажиллах ч таны гарын булчинд мөн нөлөөлөх юм. Илүүдэл жингээ хасах эсвэл хөдөлгөөний дутагдалд орохгүй байх зэрэг зорилгоос хамаарч та дугуй унах хугацаагаа зохицуулаарай. Дугуй унах нь өөрийн биеийг дасгал, хөдөлгөөнд дасгах мөн насан туршдаа үргэлжлүүлэн хийх боломжтой хамгийн зугаатай бөгөөд үр дүнтэй дасгалуудын нэг билээ.