Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-аас ямар нэг хариу ирүүлээгүй байна

Далай лам манай улсад айлчилсантай БНХАУ-ын тал манайхтай хийх уулзалт, яриа хэлэлцээрээ хойшлуулаад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрүүд хойшлогдсон. Үүнийг яаж шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?

-Тодорхойгүй хугацаагаар яриа хэлэлцээрүүд болон айлчлалууд хойшилсон. Бид гадаад харилцааныхаа шугамаар БНХАУ-ын талд Засгийн газрынхаа байр, суурийг маш тодорхой хэлж байгаа. Энэ байдал хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс өөрийнхөө зарчмын байр, суурийг баримталсан хэвээрээ байгаа. Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал,тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ батлан хэлсэн. Мөн яриа хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эхлүүлье гэдэг саналаа тавьсан. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрынхаа хуралдаанаар ярилцаж тохирох, байнгын хороотойгоо зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ хийж байя. Мөн зөвхөн БНХАУ гэлтгүйгээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Япон, АНУ, Солонгос зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа. Бид “Төсөв хүнд байна. Мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэхээсээ илүүтэйгээр “Бид ийм бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд хэдэн хувиар буурна. Дараа жил ч мөн буурна. Зардлаа хэмнэж орлогоо нэмэгдүүлнэ. Төсвийн хариуцлагатай бодлогуудыг хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэдгээ танилцуулаад явах ажлуудыг хийж байна. Манай Засгийн газар төлөвлөсөн ёсоороо бусад орнуудтай асуудлаа ярьж байна. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 16-нд ОХУ-д айлчилна. Тэнд хэлэлцээр үргэлжилнэ. Маргааш бид донорынхоо зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Энэ уулзалтаар дээрх ярьсан асуудлуудаа ярина. Мөн донорын уулзалт дуусмагц Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японд айлчилна. Үүний хажуугаар миний бие Германд уулзаж Европын түншүүдтэйгээ уулзана.

-БНХАУ-ын талаас ямар нэгэн хариу өгсөн үү?

-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн манай талаас шалтгаалахгүй. Хоёр тал хоорондоо ярьж байж шийдэх асуудал. Тодорхой мэдээлэл ирвэл би хэлнэ.

-Урд хөршийн зүгээс нүүрс, зэсний татварын үнийг нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Татвар нэмээгүй. Хураамж нэмсэн. Шинэ төрлийн хураамж нь “Ганц мод” боомтын тоног, төхөөрөмжийг шинэчлэхэд зориулагдан гэсэн. Үүгээр Монгол Улсаас БНХАУ-руу “Ганц мод” боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд нэг тонн нь найман юань, нэг машинд 10 юань, зэсийн баяжмалд нийт үнийн дүнгийн хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн. Өнөөдрөөс энэ хураамжийг авч эхэлж байгаа. Уг асуудалд бид БНХАУ-ын талаас тодруулга авч байна. Хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай юм, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач ээ гэх санал тавьж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *