Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Авьяаслаг монголчууд” шоунд Ардын нам ялав

“Авьяаслаг монголчууд” шоуны шигшээд П.Баярмагнай гэдэг дуучин биш Ардын нам шалгарчихлаа. Шигшээд өрсөлдсөн оролцогчдын үзүүлбэрээс П.Баярмагнайгийн харуулсан “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуутай, ахмад дайчидтай үзүүлбэр бол тэр чигээрээ Ардын намын тавилттай жүжиг, захиалгат шог гараа байлаа. Хэдхэн хоногийн өмнө тус намынхан дахин сэргээж тэмдэглэхээр боллоо хэмээн хүмүүст ойлгуулсан Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойд зориулсан үзүүлбэр тайзнаа дэлгэгдэж, түүгээр ч барамгүй уг үзүүлбэрийг шигшээд түрүүлүүлчихсэнийг тоймлоод харвал энэ шоунд улс төр ороод эхэлжээ гэж хэлж болно. Шалгаруулалт болж байгаа танхим, тайз нь МАН-ын Тусгаар тогтнолын ордных юм чинь арга ч байж уу гэдгийг үзэгч олон түмэн хүртэл ярьцгааж “Энэ удаагийн дугаар арай л хошин болчихлоо” гэцгээж байх юм.

“Авьяаслаг монголчууд” шоу бол манайдаа л зохиогддог, зохиогдож байгаа шоунуудаас хамгийн гайгүй нь байсан юм шүү. Хүн бүр үзэж, жинхэнэ шоу гэж үүнийг л хэлдэг байх гэж ам сайтай байтал улстөржсөн үзүүлбэр орж ирж, тэрийг нь шууд л шигшээд шалгаруулчихаж байгаа нь эргээд энэ шоуны нэр хүндийг унагачихаж байгаа юм. Үзэгчид, шүүгчид нь эх орны дуунд уярч, эх орноороо бахархсандаа тэр үзүүлбэрийг дараагийн шат руу оруулчихсан юм биш ээ. Ардын нам ямар их чадал, тэнхээтэй байгаагаа гайхуулж тэр үзүүлбэрийг шигшээ рүү оруулчихсан юм шүү. Үнэндээ тэр дуучны хувьд ердийн нэг дуучны хэмжээнээс доогуур түвшинд л “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”-г дуулсныг бүгд сонссон. Улс төр гэдэг ийм л бохир гэдгийг харцгаалаа. Дэлхийн хэмжээний шоуны шүүлт болоод үзэгчдийн саналыг тусгай байгууллага хянаад байхад л улстөрчдийн гутлын шавхай энэ шоуны эрхэмсэг тайзыг халтартуулчихаж чадаж байна.

Аливаа зүйлд улс төр хутгалдаад ирэхээр л хичнээн сайн сайхан үйл хэрэг, найр, наадам, нөхөрлөл, бурхан шиг мундаг хүн байгаад ямар ч утгагүй болчихдогийн жишээ нь энэ шоу болов. Олон түмний хайр хүндлэлийг хүлээж байсан тэр дөрвөн шүүгчийн нэр хүнд хүртэл энэ захиалгат үзүүлбэрийн харгайгаар дарагдчихаж байгаа юм. Нэг сайхан юм үзээд, хараад дэмжээд, бишрээд, даган дуурайгаад, сэтгэл санаа овоо аятай болж эхлэхээр л тэрийг ашиглаад улс төрөө “чихчихдэг” үзэгдэл манай нийгэмд бүр тогтчихсон.

Н.Энхбаярыг дарга байхад яруу найргийн томоохон баяр болох “Болор цом”-ын тэргүүн шагналд өгдөг болор савыг бас л иймэрхүү байдлаар нэгэндээ атгуулчихсан юмдаг. “Ардын эрх” сонины тухайн жилийн есөн алдартанг тодруулдаг ёслол гэж сүртэй, нэр алдартай шалгаруулалт болдог байлаа. Тэр шалгаруулалтаар гарч ирсэн алдартнуудыг бүгд нэгэн дуугаар дэмжиж “Нүдээ олсон шалгаруулалт, жагсаалт болжээ” гэж магтдаг байв. Гэтэл энэ шалгаруулалтад улстөрчид өнөө л шавар шавхайтай хөл, бохир гараа дүрж “Тэр хүнийг жагсаалтынхаа төдөд оруул, тэр хэнийг доош нь буулга” гэх мэтчилэнгээр завхруулсаар уг шалгаруулалт утгаа алдаж байсан билээ. Ийм жишээ олныг бичиж болно.

“Авьяаслаг монголчууд” шоунд авьяастай монгол хүн, авьяаслаг монголчууд л шат шатанд шалгараад өрсөлдөөд эцэст нь дэлхийн дэвжээнд улс, үндэстнээ төлөөлж чадах нь үлдэх ёстой. Гэвч ийм цар хүрээ өргөнтэй шоуны уур амьсгалыг улс төр өөр тийш нь эргүүлчихээр ямар юмных нь дэлхийн дэвжээ, тайз энэ тэр байх вэ. Намын ухуулгын байрны индрэрхүү маягийн л юм болчихож байна. Тийм болохоор л “Авьяаслаг монголчууд” шоуны шигшээд Ардын нам шалгарчихлаа, ялчихлаа гээд байгаа юм ш дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *