Цуврал (1)
Цуврал (2)
-ЗАРДЛАА ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?-
Гийгүүлэгч СЭРЖЭЭ /Гадаадад амьдарч байгаа монголчуудыг төлөөлнө/
Гадаадад сурч, ажилладаг бидэн шиг хүмүүс насаараа хүний нутагт амьдрахгүй нь лавтай. Хүн бүр их бага хэмжээний орлого олдог. Гол нь тэр мөнгөө хэрхэн үр дүнтэй зөв зүйлд зарцуулах вэ? гэдгээс л тухайн хүний амьдрал ямар байх нь шалтгаалдаг гэж би боддог юм. Ялангуяа үр хүүхэдтэй хүний хувьд тэднийхээ ирээдүйг баталгаажуулна гэдэг маш чухал зүйл.
Миний хувьд нэг ч төгрөг үрдэггүй өдөр, зардалтай өдрөөсөө олон. Иймд хүнсний ногоо худалдан авдаг өдрийнхөө зардлыг жишээ болгоё.
Ажил гэр ойрхон тул өдрийн цайны цагаа ашиглан шинэхэн бөгөөд бөөний үнэтэй хүнсний захаас ногоогоо цуглуулдаг. Долоо хоног бүрийнхээ хоолны менюг урьдчилаад гаргачихдаг болохоор тэр цэсэндээ тааруулаад төмс 1 уут 3000, лууван 2000, сонгино 1500, хайрцаг жимс 10000 вонн гэх мэтээр авч, нийт 21500 вонныг хүнсэндээ зарцуулжээ. Ямар ч тооцоогүй зах орвол зарим ногоог илүү авах, өөр дэмий зүйл худалдан авдаг гэмтэй учраас, яг юу худалдаж авахаа урьдчилан бичих нь хамгийн зөв арга юм. Хүнсний ногоогоо 5 хоногт нэг удаа авдаг болохоор хатаж хаягддаггүй гээд олон сайн талтай.
18:00 Ажил тараад охиноо цэцэрлэгээс нь аль болох хурдан авахгүй бол оройжин гомдол мэдүүлдэг юм. Энэ үедээ ээж охин 2 булагнаж өөрсдийнхөө дуртай школадыг авч иднэ. 1200
20:00 7-14 хоногтоо найз хүүхнүүдтэйгээ уулзаж, зовлон жаргал, баяр хөөр, нууцаа хуваалцан суух хамгийн сайхан байдаг. Кофе болон дессертны үнэ 4300.
Энэ өдөр зарцуулсан нийт зардал- 26000. Гэхдээ энэ нь өдөр бүр үрдэг мөнгө биш юм. Тиймээс өдөр бүрийн дэл сул зардлаасаа хэмнэсэн мөнгөө тусад нь цуглуулаад, өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулах нь үнэхээр сэтгэл ханамжийг авчирдаг. Эсвэл хуримтлалдаа хийхээр бас л гоё мэдрэмж төрдөг шүү. Та ч бас туршаад үзээрэй. Би чадсан учир та ч гэсэн чадна.
Гийгүүлэгч НОМИН /эдийн засагч/
Сүүлийн 1 жил тогтсон нэг хэмнэлээр амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Өглөө бүр 6.30 гэхэд өдрийн хоолоо бэлтгэж дуусаад, нөхөр болон өөртөө савлан, хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаад албандаа явцгаадаг. Том охиноо сургууль, бага охиноо цэцэрлэгт нь, нөхрийн ажил зам дагуу учир буулгачихаад ажилдаа очдог. Ажил дээр:
10.00: 1 аяга кофе эсвэл ногоон цай уудаг. Үнэ 300 төгрөг
12.30: Бэлтгэж ирсэн өдрийн хоолоо иддэг тул зардал гардаггүй. Хоолоо бэлдэж амжаагүй үедээ 4000 төгрөг л зарцуулдаг.
Эрүүл мэндэд тустай тул өдрийн турш ус уудаг. Ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолдоогүй бол ажил дээр тэр бүр мөнгөний хэрэгцээ гардаггүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Картандаа байнга яаралтай тохиолдолд хэрэглэх мөнгөтэй явахыг хичээнэ. Такси болон автобусанд мөнгө зарцуулдаггүй. Харин сард бензиний зардалдаа дунджаар 90,000 төгрөг зарцуулдаг бөгөөд ажлын өдөрт хуваавал нэг өдрийн 4000 орчим төгрөг болж байна. Ингээд тооцоход миний нэг өдрийн зардал 4 300- 9000 төгрөг юм.
7 хоног:
-Талх, гурилан бүтээгдэхүүн, ногоогоо бөөний үнээр худалдан авдаг. /Зарим тохиолдолд охинтойгоо талх, гурилан бүтээгдэхүүнээ гэртээ хийнэ/
Сард:
-Зуны улиралд сардаа нэг удаа махаа их хэмжээгээр авдаг. Харин идшээ бэлдсэн үед, 6 сар хүртэл мах худалдан авдаггүй. Саван, шампунь гэх мэт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тухайн сарын байр цахилгааны төлбөр, утас, интернэт, кабелийн мөнгө, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлдөг. Бас хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлд шаардлагатай зүйлсийг авч өгдөг.
Улирал:
-Гурил, будаа, гоймон, ургамлын тос, хоол амтлагч болон тухайн улиралд шинэчлэх шаардлагатай хувцас худалдан авдаг.
Жилд:
-Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулдаг.Мэдээж амьдралд баяр ёслол хамт олны аялал зугаалга гэх мэт тооцоолоогүй зардал гарах нь цөөнгүй. Гэхдээ гэнэтийн тохиолдолд хэрэглэх хуримтлалынхаа ачаар санхүүгийн хүндрэлд орох нь ховор байдаг.
Гийгүүлэгч ТОГОО /Олон нийтийг төлөөлнө/
Би ямар нэгэн бизнес эрхэлдэггүй. Олонхийн адил цалингаас цалингийн хооронд, заримдаа ч өрнөөс өрний хооронд амьдарчихдаг талтай. Яваандаа ямар нэгэн бизнес эхлүүлье гэж боддог ч яг санаагаа олоогүй, гарааны мөнгө, яаж эхлэх гээд учраа олоогүй л явна. Гэтэл ийм асуудалтай хүн ганц би биш бололтой. Энэ сэдвээр яриа өрнүүлэхэд олон найз маань толгой сэгсэрдэг юм. Гэхдээ Михайлд нэг бодол бий гэдэг шиг санааны мухарт бодсон зүйл бий. Ер нь аливаа зүйл багаас эхэлдэг. Иймээс би хамгийн түрүүнд өөрийнхөө санхүүг удирдаж чадаж байгаа эсэхээ хянахаар шийдсэн юм. Эдийн засагчдын өгдөг хамгийн эхний зөвлөгөө бол зардлаа тэмдэглэх, юунд хамгийн их мөнгө үрж байгаагаа тооцох байдаг.
Ингээд эрхэм уншигч та яг одоо миний сарын өмнө /2016.10.06/ болон сарын дараа /2016.11.06/ хөтөлсөн нэг өдрийн зардлын тооцоог харьцуулан харна уу.
Би нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзээд сард 422,000 төгрөгийн хэмнэлт хийж чадахаа ойлгосон. Жаахан хувийн зохион байгуулалттай байхад л бүх зүйл ОК. Мэдээж эхэндээ эрт босохгүй, хоолоо хийж амжихгүй байх гээд асуудал гарна. Найз нөхдийн төрсөн өдөр, хамт олны зугаалга гээд мөнгө үрэх зүйл бишгүй бий. Гэхдээ дэмий зүйлд мөнгө үрэхээ больсон тул ямар ч байсан эхний ээлжинд өр тавихаа больчихсоноо анзаарч эхэлдэг юм. Хамгийн гол нь эрт унтаж эрт босох нь олон ажил амжуулахад дөхөмтэй. Гэртээ хоолоо хийх нь санхүүд болоод эрүүл мэндэд ч тустай. Өө тийм. Би өөртөө 3 үетэй жижиг хоолны сав, бас 2 литрийн усны сав л авсан. Саяхан манайх машинтай болсон. Удахгүй дахиад нэг өдрийнхөө зардлын тооцоог хийнэ дээ.
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Эрхэм уншигч та анзаарсан бол санхүүгээ зөв удирдаж чадвал тэр бүр мөнгөний гачаалд орохгүй. Бусдаас хурнийж мөнгө зээлэхгүй. Иймээс та юун түрүүнд нэг өдрийн зардлаа тэмдэглэж үзэхийг зөвлөе. Дараа нь долоо хоног, сараар нь тэмдэглэснээр ямар зүйлд дэмий мөнгө үрж байгаагаа ойлгох болно. Ингээд л та өр тавьдаггүй, харин зээлдэг нэгэн болно шүү дээ. Та яг одоо өнөөдрөөс зардлаа тэмдэглээрэй. Дараа нь үргүй зардлаа багасгаж чадна. Танд амжилт хүсье.
Цуврал (3)
-“ТАНЫ ӨРХИЙН ОРЛОГО ЗАРЛАГЫН ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?-
Өнгөрсөн удаагийн дугаартаа бид та бүхэндээ өөрийн болон гэрийнхээ нэг өдрийн цаашлаад долоо хоног, сарын зардлаа бичиж тэмдэглэхийг зөвлөсөн. Энэ үйлдлийг хийхэд танд нэг дэвтэр, үзэг бал байхад л хангалттай. Гэхдээ маш сайн ой санамжтай байхгүй бол нэгэн эзэгтэйн зардлын тэмдэглэл шиг “Надад 500,000 төгрөг байсан. Нэг кг нарийн боов – 2500 төгрөг, ургамлын тос 3800 төгрөг тэгээд яасан нь мэдэгдэхгүй 493,700 төгрөг гэдэг” шиг л юм болно шүү.
Мэдээж таныг дээрх хошин ярианы эзэн биш гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та зардлаа тэмдэглэж үзсэн бол магадгүй таны өмнө нь огт анзаарч байгаагүй мөнгөний дайснууд тань хаашаа ч бултах аргагүйгээр “баригдчихсан” нь лавтай. Энэхүү нийтлэлийн дараа нүүр номонд уншигчдын бичсэн сэтгэгдлээс хүргэвэл:
“Би санхүүгийн хувьд засарч чадна гэж өөртөө бүрэн дүүрэн итгэлээ. Ер нь хуримтлаал, өнөөдөртөө жаахан “яндан” байгаад байхад болчих юм байна. Ккк хэмээн Teshka Tegshee бичжээ. Харин Enkhmaa Tseesodroltsoo: би зардлаа их эрт бичдэг байсан. Хөтлөөд байхаар их сонин. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт яг график шиг гараад ирдэг. Тэгж байгаад больчихсон юм аа. Та нарыг хараад дахин хөтөлье гэж тууштай бодчихоод л байгаа 🙂 хэмээн бичжээ. Баяр хүргэе та нартаа. Үнэхээр та ч гэсэн ийм дүгнэлт хийж, зардлаа хөтөлж эхлэхээр шийдсэн бол магадгүй яаж бичихээ мэдэхгүй байгаа бол доорх загвараар орлого зардлаа тэмдэглэхийг хүсье. Ингэснээр та юуг тэвчиж, ямар хэмнэлт хийж чадахаа санхүүгийн дайн өрнөх дараах талбараас харж чадна.
Эхний ээлжинд зарлага тань тодорхой боллоо. Одоо та үүнийгээ орлоготойгоо харьцуулаад үз. Орлогын тань талаас илүү хувь нь зөвхөн хоол хүнсэндээ үрэгдчихээд байгаа бол мэдээж үүнийг хэн ч зохистой хэрэглээ гэж хэлэхгүй биз ээ.
Бид доорх зохистой хэрэглээг тогтоохдоо дундаж орлоготой өрхийн санхүүгийн үзүүлэлт дээр тулгуурлаж гаргасан юм. Жишээ нь: Таны “Өрхийн хэрэглээ” бүлгийн зардал орлогынхоо 36%-ийг эзэлж байвал та “Хоол хүнс, ахуйн хэрэглээ, унааны мөнгө” гэх мэт зардлуудаа бууруулах шаардлагатай гэсэн үг юм. Доорх хүснэгтээс ямар зардал таны орлогын хэдэн хувийг эзэлж байвал “Зохистой хэмжээнд” тооцогдохыг ойлгох болно.
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Бид энэ удаад уншигч танд зардлаа тэмдэглэж сурахад тань мөн орлогын тань хэдэн хувийг ямар төрлийн зардал эзэлбэл зохистой талаарх мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаарт: Орой бүр бүсгүй та ямар хоол хийхээ боддог уу? Тэгвэл энэ тухай зөвхөн ням гаригт л бодоход хичнээн төгрөг хэмнэж чадна гээч…