Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар газар, хэлтсийн удирдлагууд ажлаа тайлагнаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Улаанбаатарын дулааны сүлжээний 8а магистраль шугамд гарсан гэмтлийг засварлаж, үйл ажиллагаа хэвийн болсноос гадна зарим дулааны станцын нүүрсний хангамжийг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авч ажилласныг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцуулсан.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс яамнаас өгсөн чиг үүргийн дагуу уурхайнуудын нүүрсний үнийн асуудалд хяналт хийж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, Багануурын уурхайн нэг тонн нүүрсний үнэ 27.500 төгрөг байсныг 29.500 төгрөг болгохоор хянаж байгаа аж. Харин Шивээ Овоогийн нүүрс нэг тонн нь 23.060 төгрөг байсныг 24.560 төгрөг болгохоор судалж байгаа гэлээ. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Өвлийн их ачаалал эхэлж, цаг агаарын хувьд салбарын ажлыг шалгасан өдрүүд ирж байна. Болзошгүй саатлын үед ажиллах төлөвлөгөөг нарийн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа дулааны шугамын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй” гэв.