Categories
мэдээ улс-төр

АН-ы бүлэг Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцжээ

АН-ы зурган илэрцүүдУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн хуралдаанаар 2017 оны Төсөв болон Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцжээ. Учир нь маргааш хуралдах Эдийн засаг, Төсвийн байнгын хороодоор Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Зарлагыг дээд хэмжээнд хүргэж танасан, орлогоо бүх боломжоороо шавхаж, алдагдлыг ДНБ-ийн 6.8 хувьд хүргэж бууруулж батлах шаардлагыг АН-ын бүлгээс хүргүүлсэн. Харамсалтай нь бүх боломжийг дайчилж ашигласан чанартай төсөв болж чадсангүй. Алдагдлыг ДНБ-ийн 9.9 хувиас 9.1 болгож 0.8 хувиар л бууруулж баталлаа. Төсвийн алдагдлыг ойрын хугацаанд бууруулахгүй бол гадаад зах зээл дээр Монгол Улсын эдийн засгийг үнэлэх үнэлэмж буурсаар байх болно. Тиймээс энэ Засгийн газар алдагдлыг бууруулахын тулд өдөр шөнөгүй ажиллах ёстой гэдэг шаардлагыг АН-аас тавьж байгаа” гэлээ.

АН-ын бүлгээс төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарын багцийг 5 хувиар бууруулж хэмнэх үүрэг даалгавар өгөх санал гаргасан дэмжигдээгүй бөгөөд 1 хувиар бууруулж баталсан. Мөн 10 гаруй сайдын багц 2016 оны төгсгөлөөсөө нэмэгдсэн байгаа бөгөөд сайд нарын багцад нарийн задаргаа хийж хараахан дуусаагүй байгааг бүлгийн дарга С.Эрдэнэ хэлж байв. Мөн зардлын зүйл бүрт дүн шинжилгээ хийнэ гэлээ.

Хөгжлийн банкны тухайд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн манай бүлэгт ирээгүй. Тиймээс бид энэ асуудлыг 7 хоногоор хойшлуулах санал гаргана. Хуулийн хугацаандаа ирэх ёстой ч ирээгүй байхад байнгын хорооны хуралдаан товлодог нь хууль зөрчсөн асуудал. Ер нь МАН Хөгжлийн банкны шалгалтаар жижиг жижиг зөрчлийг л ярьдаг. Томоохон зээлийг огт ярьдаггүй. Нийт зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувь нь автозамтай холбоотой зээл байдаг” гэлээ.

Үүнээс гадна Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг яаж ч сайжруулж, өөрчилсөн хэрэгжих боломжгүй гэж С.Эрдэнэ гишүүн тодотгов. Учир нь бусад хуулиудтайгаа цогцоор нь боловсруулсан бөгөөд Эрүү, Зөрчлийн хууль хүчин төгөлдөр болоогүй цагт Гэр бүлийн хүчирхийллийн хууль хэрэгжих боломжгүй гэсэн юм.

Тус бүлгээс мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэхээр болжээ. Уг шаардлагад орон нутгийн сонгуулиас хойш удирдлага нь томилогдоогүй 104 сум, 2 аймгийн, 1 дүүрэг байгаа учир яаралтай томилох, улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах, хоморголон халж байгаа халаа сэлгээгээ зогсоох, иргэдийн амьжиргааны талаар Мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа хэрэгжүүлэх зэрэг агуулга тусгасан аж. Шаардлагыг өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайдад гардуулна гэлээ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдалтай холбоотойгоор улс төрийн мэдэгдэл, шаардлагыг АН-аас гаргахаар санал нэгджээ. Мэдээллийн төгсгөлд АН-ын зүгээс идэвхтэй тэмцлийн байр суурьт шилжиж, улс төрийн үйл ажиллагаа явуулах болсоноо С.Эрдэнэ гишүүн мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *