Цагдаа гэр бүлийнхэнтэй ярилцлаа. Аав С.Дорж Улаанбаатар хотын цагдаагийн холбооны албанд холбооны инженерээр 1968 оноос ажилласан. Цагдаагийн газрын анхны холбооны ажилтны нэг ажээ. С.Дорж гуай цагдаагийн хошууч цолтой. С.Дорж гуайн гэргий Ц.Нина ч нэгэн үе хэв журмын цагдаа хийж байсан гэнэ. Хүү нь ч бас гэр бүлээрээ цагдаа.
Доржийн Гантулга ахлах ахлагч цолтой. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын цагдаа хийдэг. 18 наснаасаа ажлын гараагаа эхэлж, өдгөө 25 дахь жилдээ цагдаагаар ажиллаж буй. Түүний гэргий Х.Энхжаргал цагдаагийн байгууллагад арав дахь жилдээ ажиллаж буй. Дүүргийн хөдөлмөрийн аварга болж байсан ч “Хамгийн том шагнал нь “Алдарт эх”-ийн одон” гэнэ. Нөхөр Д.Гантулга Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн аварга, дүүргийн хөдөлмөрийн аварга, Нийслэлийн тэргүүний ажилтан, ЦЕГ-ын Хүндэт жуухаар шагнагдаж байжээ.
Д.Гантулгад эхний асуултаа тавилаа.
-Таныг цагдаа болоход аавын нөлөө байсан уу, яагаад цагдаа болохоор шийдсэн бэ?
-Гэр бүл, өөрийн сонирхол нөлөөлсөн.
-Цагдаагийн байгууллагад ажилладаг ээж, аав хүүхдэдээ нэг их цаг гаргаж чаддаггүй байсан болов уу, хүүхэд насныхаа тухай дурсаач?
-Хүүхэд байхад аав, ээж хоёр “Түргэн авлаа” гээд хоёр, гурав хоног явдаг. Аав маань жижиг бор түргэний чемодантай байсан. Түүнийгээ бариад гараад явдаг байлаа. Бид аав, ээжийгээ хүлээсэн улсууд. Эхээс наймуулаа.
-Гэр бүлээрээ цагдаад ажиллаж, найман хүүхэд өсгөнө гэдэг амаргүй байх?
С.Дорж: -Цагдаад нийтдээ 38 жил ажилласан юм байна. Баяр наадмаар баярлаж байгаагүй. Ямар ч баяраар хамгаалалтын ажилтай байна. Баярын дараа бүх юм дууссан хойно биенийхээрээ орж гардаг. Одоо ч эд яг адилхан. Улсын баярын дараа долдугаар сарын 14-15-нд хүүхдүүдээ цуглуулдаг.
-Танай хүүхдүүд цэцэрлэг, яслиар дамжсан уу?
– Миний ээж хүүхдүүдийг маань харж өгсөн л дөө. Хүүхэд томроод ирэхээрээ том нь жижгийгээ хараад явдаг. Ямар сайндаа цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд, шөнө орой болтол авч чадахгүй, хасагдаж байх вэ. Би хамгаалалтад явчихсан. Авгай жижүүртэй, утсан дээр суучихсан. Одоогийнх шиг утсаар холбогдох биш. Шөнө яваад очиход 12 цаг болчихсон. Хүү маань манаач дээр үлдчихсэн байлаа. Гурав дахь хүүхэд маань ингэж цэцэрлэгээс хасагдсан юм. Хэдэн хүүхдээ унтаж байхад шөнө цоожлоод л гардаг. Одоотой адилхан унаа байх биш. Манайх Хайлаастад, хоёулаа шогшсоор байгаад ороод ирдэг. Тэр үеийн жолооч нар сайхан байсан. Хэрэв машин явж таарах юм бол зогсоод суулгадаг байлаа.
-Ийм амаргүй ажлыг хүү тань бас өвлөж авна гэхээр яаж хүлээж авсан бэ?
-Дөрвөн хүүтэй, гурав нь цагдаагийн албаар дамжсан. Төрийн ажил хийж л байвал болж л байна. Сайхан ажил. Зүтгэсний хүчинд одоо тэтгэвэр аваад, амар сууж байна. Тэтгэврийн мөнгө өөрт маань бол хүрнэ шүү.
-Таныг ажиллаж байх үеийн онцгой тохиолдлууд олон байх. Санаанд үлдсэн ямар түүх байдаг вэ?
-Улаанбаатарын хэмжээнд 1968 онд хоёрхон том ресторантай байлаа. “Туул” ресторанд согтуучууд цугладаг. Эргүүлийн гурав, дөрвөн тэрэгтэй. Тэндээс хүнээ ачаад ирдэг байлаа. Сансарт нэг ресторон нээгдэхэд нөгөөдүүл тийшээ шилжиж билээ. Холбооны алба байгуулагдсан жил стадионд анх удаа богино долгионоор бид холбогдсон. Тэгэхэд архичид, танхайчууд “Хэрэг тарьж болохоо байлаа. Суугаад босоход нэгийгээ дуудаад авчихдаг болж” гэж байсан гэдэг. Станцаар бие биетэйгээ яриад “Тэнд болохоо байлаа шүү, очоод ав” гэхэд л авчихдаг байхгүй юу. Элчингийн хүүхэд дугуйтай явж байгаад Сансарт дээрэмдүүлчихсэн. Бид станцаар зарлачихсан юм. Цаг гаруйн дараа бариад ирсэн. Элчингийнхэн “Та нар яаж олов” гээд гайхаж билээ.
-Хамгийн том хэрэг юу байв?
-Нэлээн дуулиантай хэрэг нь Хүнсний 20-ийн зодоон. 1972-1973 оны хэрэг юм уу даа.Тэр үед цэргийг комендат журамладаг байсан юм. Хоёр цэргийг комендат журамлаж байхыг ард түмэн хараад нөгөөдүүл рүү дайрсан. Ардууд оролцсон нэлээд том зодоон болсон юм. Барих мөртлөө барихгүй зодож нүдсэн шиг байна лээ. Нэлээд том зодоон болсон. Тавь, жаран хүн оролцсон байх.
-Тэр үед цагдаа нар хамгаалалтын ямар хэрэгсэлтэй байсан бэ?
-Бороохой ч байгаагүй. Ер нь цагдааг бүх л юманд дуудна шүү дээ. Арай л “Би шээж чадахгүй байна” гэж дуудахгүй юм. Одоо бол айлын хүүхэд уйлсан ч дууддаг болж.
-Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нэлээд анхаарал хандуулдаг болсон байх шүү?
Д.Гантулга: -Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг цагдаа нар нэг номерт авдаг болчихоод байгаа шүү дээ. Орой үдэш “Манай хажуу айлд хүүхэд орилоод байна” гээд л дуудлага ирдэг. Очоод шалгахад хүүхэд нь тоглоод орилж байх нь ч бий. Эхнэр, хүүхдээ зодсон тохиолдол ч таарна.
-Социализмын үед цагдаа нарын хангамж ямар байв?
С.Дорж: -Хангамж гэхээр юм байхгүй. Гэхдээ тэр үеийн дарга нар цагдааг их хамгаалдаг байлаа. Цагдаа зодуулчихаад ирэхэд прокурор зодсон хүнд арга хэмжээ авдаг. Одоо цагдаад нь арга хэмжээ авдаг болсон. Цагдааг очиход согтуу улсууд эсэргүүцнэ, зодолдоно, нүдэлдэнэ. Тэгээд сүүлд нь “Намайг зодсон” гээд эднийг шийтгүүлчихдэг.Бидний үед цагдаа хүчний байгууллага гэж явдаг байсан. Одоо бол цагдаа үйлчлэх ёстой гэдэг болсон. Согтуу улс “Та нар бидэнд үйлчлэх ёстой, гэрт хүргэж өг” гэж загнадаг. Хуучин бол согтуу хүний хажуугаар цагдаа гарахад эмээдэг, бараг эрүүл болчихдог байсан.
Д.Гантулга: -Бид одоо бүх үйлдлээ камераар нотолгоожуулдаг болсон. Хоёр цагдаа гардаг. Нэг нь камертай. Шаардлагатай бол эрүүлжүүлчихээд маргааш нь болсон явдлыг өөрт нь үзүүлнэ. Согтуу үедээ хүн яаснаа санадаггүй. “Ингэсэн юм уу” гэдэг.
-Цагдаа хүчний байгууллагын хүн гэж цагдаа ч, иргэд ч ойлгодог байсан. Харин одоо үйлчилгээний байгууллага гээд байна. Энэ хооронд цагдаад сэтгэлгээний шилжилт яаж хийгдсэн бол?
-Сургалт семинар байнга явна шүү дээ. Цагдаагийн академи, Хууль сахиулах сургуульд харилцааны соёлын талаар ээлж ээлжээр сургалтад хамруулна. Үйлчилгээний байгууллага болоод Ёс журмын эргүүлтэй болсон. Цагдаа зөрчил гаргавал Ёс журмынхан очиж шалгадаг.
-Цагдаагийн ажлын сайхан нь юундаа байдаг вэ?
Д.Гантулга: -Цагдаа нар ард түмэндээ үйлчилдэг гэдгээрээ бахархдаг. Аврал эрсэн нэгэнд тусламж үзүүлж, болохгүй нэгийг нь албадан саатуулна.
-Баяр талархлын үг сонссон тохиолдол олон байх?
-Байлгүй яах вэ. Нэг удаа эргүүл хийж байхад төрийн ордны ард нэг машин замын голд зогсчихсон байлаа. Хамт явсан цагдаа бид хоёр жолоочид нь хиймэл амьсгал, иллэг хийсэн. Түргэн дуудсан ч 30 минутын дараа ирсэн л дээ. Унадаг өвчтэй хүн байсан шиг байгаа юм. Долоо хоногийн дараа ирж бидэнд “Амийг минь аварсанд баярлалаа” гэж хэлсэн. Цэцэрлэгээс хүүхдээ авах гэж яваад замын голд бие нь муудаад зогссон юм билээ.
-Ховор олддог амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Ээлжийн амралтаараа аавынхаа зусланд очиж, байгальд уул хадаар тэнэсэн шигээ сайхан амардаг.
-Гадаадад аялж байв уу?
-Ажлаар Москва явж үзсэн. Төмөр замын цагдаагаар дүүрэг болгоноос нэг хүн сардаа нэг удаа явуулдаг байсан юм. Дээрэм тонуул ихтэй үед нэг вагонд нэг цагдаа явдаг байсан. Замд арав хоног яваад ажлаа хийнгээ гадаад орон үзчихээд ирж байгаа юм. Нэг өдөр Москвагаар тэнэх боломж гардаг. Улаан талбай, захаар нь явсан.
-Цагдаа нар ихэнхдээ албаны хувцас өмсчихдөг байх. Энгийн хувцас хэр олонтой вэ. Яаж гангалдаг вэ?
Х.Энхжаргал: -Гоёлын даашинз, сэлгээний хэдэн хувцас бий. Гараатай үед жагсаал хувцастай л явна. Энгийн хувцас өмсөх үе бага. Сүүлийн энэ хувцас амьсгалдаг, агаар нэвтэрдэг гээд байгаа. Худлаа шүү дээ. Битүү хөлстэй явна. Бид халууцлаа гээд хувцсаа тайлах эрхгүй, энгэр заамаа задгайлж болохгүй. Эдэлгээ муутай. Эмэгтэй хүн навсайж явж болохгүй. Хувиасаа мөнгө гаргаад оёулж өмсөх жишээтэй. Хуучны цэнхэр хувцас маань нормын хугацаагаа даадаг. Энэ хувцас жилээ даахгүй. Хоёр жил өмсөх нормтой болохоор дунд нь нэг удаа оёулж таардаг.
-Цагдаа хосууд маань яаж танилцав?
Х.Энхжаргал: -Цагдаа болоогүй байхдаа нөхөртэйгөө танилцсан. Гурван хүүхэд төрүүлсний дараа цагдаагийн байгууллагад бичээчээр ороод, сүүлд цагдаа болсон. Одонгийн хүүхдийг цагдаад ороод гаргасан. Ид ачаалалтай, хамгаалалт ихтэй үед цагдаад орсон. Том хүү маань л дүү нараа харж ханддаг. Түргэн авбал хоёулаа л гүйнэ. Гараа зөрсөн тохиолдолд “Сайн уу, сайн” гээд өнгөрнө. Багыгаа л их бөөцийлдөг.
-Анх нөхрөө хараад яаж хүлээж авч байв?
Х.Энхжаргал: -Манайд хулгай ороод, дуудлагаар ирэхэд нь анх харж байлаа.
-Заяаны хань зам дээр гэдэг л болжээ?
Х.Энхжаргал: -Гэрээс мөнгө алга болчихоод маргааш нь би усан нүдлээд ээжид хэлсэн чинь “Таньдаг цагдаа байдаг. Хорооны цагдаа явуулъя” гэсэн. Дэнж дээрээс өндөр цагдаа инээд алдаад ирсэн. Нүүр дүүрэн нүд л байсан.
-Их л “буян”-тай хулгайч байж дээ?
-Нөхөр маань орой нь манайд отолтоор хоноод, тэгээд танилцаад дотноссон. Манай ээж цагдаатай суулгахгүй гээд танилцуулсан хүн дээрээ очоод “Энэ цагдаа чинь охиныг минь эргүүлээд байгаа юм уу, ажлаа хийгээд байгаа юм уу” гэж л дээ. Дарга нь манай хүнийг дуудаад асуусан чинь “Ажлаа ч хийнэ, охиныг нь ч эргүүлнэ” гэж. Тэгээд л аваад суучихсан шүү дээ. Хулгайн хэргийг ч маш хурдан илрүүлсэн. Манайх гурван хүү, нэг охинтой. Том хүү 21 настай. Бага нь хоёр ойтой. Цагдаагийн амьдрал сайхан. Дасчихдаг юм даа. Хүүхдүүд хүртэл хувь тавилантайгаа эвлэрчихдэг юм. Дунд хүү маань л цагдаа болно гэдэг. Өөрсдөө мэд л гэдэг.
-Гэр бүлийн хамгийн том баяр юу вэ?
Х.Энхжаргал: -Хүүхдүүдийн төрсөн өдөр хамгийн том баяр. Хөл хүнд байхдаа нөхөртэйгөө хамт эргүүлд гардаг байлаа. 24 цаг үүрэг гүйцэтгээд хамт харина. Жирэмсэн юм чинь өөр хүнтэй гарахаар миний өмнөөс хэн дуудлаганд явж өгөх вэ. Хүүхдүүдээ хараад л стресс тайлагддаг. Төрсөн өдрийг нь заавал тэмдэглэхийг хичээдэг дээ. Бусад баярыг хүүхдүүд нь өөрсдөө “болгочихдог”. Хэв журмын цагдаагийн хувьд жирэмсэн үедээ албан үүргээ гүйцэтгэх амаргүй.Цагдаа дүрэмт хувцсандаа багтах ёстой. Өмдөө сунгаад, томсгоод багтах гэж үзнэ. Нэг удаа хөгжилтэй юм болсон. Ёс журмын шалгалт ирэхэд төрөх дөхчихсөн байсан. Шалгалтаар ирсэн дарга “Чи наад энгэр заамаа битүүл, хэнийг дуурайгаад задгай зогсоод байгаа юм” гэсэн. Нөхөр маань “Жирэмсэн юм” гэсэн чинь дарга гэнэт зөөлрөөд “Өө, яана аа, энэ хар халуунд наадмыг яаж давна аа” гэсэн. Би ч хамаг бие хөлрөөд, хэрэг тарьсан хүн шиг л зогсч байсан. Манай хэв журмын дарга, дэд хурандаа цолтой Б.Ууганбаяр дарга маань бидэнд их тус болсон. Болж өгвөл “А” зэрэглэлийн хүнд хамгаалалтад жирэмсэн албан хаагчдаа зогсоодоггүй. Тэрэнд их баярладаг. Үүрэг хүлээсэн юм чинь зогс гэвэл зогсох л учиртай. Нийслэлийн цагдаагийн газрын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан цагдаагийн бүх албан хаагч, мөрдэс нэгтэй анд нөхдөдөө, гэр бүлийнхэнд нь цагдаа гэр бүлийнхний зүгээс баярын мэнд хүргэе.