Бизнес эрхлэгч Б.Баясгалантай казиногийн асуудлаар ярилцлаа.
-Монголд казино байгуулах тухай асуудал үе үеийн парламентад яригддаг боловч хууль нь батлагдаагүй. Гэвч нийгэмд нууц байдлаар дэлгэрээд удаж байна. Төр засгийн зарим түшээд казиног эсэргүүцээд байдаг л даа. Харин та гадаад, дотоодын казинод олон жил ажиллаж байсан хүний хувьд энэ бизнесийн зарчим, ашиг зэргийг маш сайн мэдэх байх. Монголд казино байгуулбал ямар ач холбогдолтой вэ?
-Хүн ер нь мэдэхгүй зүйлийнхээ дайсан нь байдаг л даа. Зарим УИХ-ын гишүүдийн ярихыг харж байхад казиног маш ихээр шүүмжилдэг. Тэгээд ч монголчуудын дунд казино гэхээр хар тамхи, архидалт, биеэ үнэлэлт явдаг гэсэн ойлголт түгээмэл. Казино гэж юу байдгийн үнэрийг нь ч мэдэхгүй хүмүүс төрийн түшээдийн эсэргүүцэж байгааг зөвтгөөд л явна. Түүгээр зогсохгүй казино байгуулбал манай улсын эдийн засагт ямар ашигтай, ямар соёлтой, хатуу ёс зүйтэй, хичнээн ач холбогдолтой болохыг мэдэхгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад үйл ажиллагаа явуулдаг казинод дэлхийн баячууд ирж хэдхэн цаг тоглоод мөнгөө өгөөд гардаг гээд энэ бүгдийг мэдэж байвал казиног байгуулахыг дэмжих ёстой. Харамсалтай нь энэ олон улс төрийн бүлэглэлийн цаана олон хүн байгаа болохоор хууль батлагдахгүй явсаар өдий хүрлээ.
Монголд 1997 оны тавдугаар сард казино байгуулагдаж, тухайн үеийн хамгийн том зочид буудал болох “Чингис”-т үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Үүнийг герман хүн Монголын компанитай хамтарч хөрөнгө оруулаад ажиллуулж байсан юм. Ингээд Англиас мэргэжилтэн авчраад биднийг зургаан сарын турш бэлтгэсэн. Казиногийн дүрэм журмаас эхлүүлээд аюулгүй байдал гээд дэлхийн түвшний стандартыг заасан л даа. Бид энэ хугацаанд казиног дэлхийн түвшинд явуулах бүх арга зүй, технологийг нь сурсан. Тэнд 200 орчим монгол залуус ажиллаж байсан. Харуул хамгаалалт нь маш чанга болохоор 100 орчим хүн шалгаруулж авсан санагдаж байна. Харамсалтай нь жилийн дараа тендер шалгаруулалт нь маргаантай болоод хаагдсан. Тэгээд казиногийн хуулийг цуцалсан. Харин нөгөө герман хүн маань 1999 онд Чехэд хөрөнгө оруулаад казино байгуулаад Монголоос 30 гаруй залууг ирж ажиллахыг урьсан. Бид ч дуртайяа саналыг нь хүлээн аваад очиж ажилласан. Зарим нь 5-10 жил ажиллаад зохих хэмжээний мөнгө хуримтлуулаад Монголдоо ирсэн. Тухайн үед “Чингис” зочид буудлын казинод хамт ажиллаж байсан манайхан өнөөдөр дэлхийгээр тарсан байгаа. Америкт усан онгоц дээр, Африк тивд ч ажиллаж байна. Европ тивээр 40-50 залуу ажиллаж амьдарч байна. Монголд 100 гаруй залуу ирчихсэн байна. Хэрэв Монголд казино байгуулагдвал тэдгээр гадаад орнуудад амьдарч байгаа хүмүүс маань эх орондоо ирэхэд бэлэн байгаа.
-Монголд казино байгуулбал ажиллуулах боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Бид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой залуусыг ч бэлдээд өгөхөд бэлэн байна. Бид казиногийн менежмэнтийг нь аваад явах дэлхийн стандартыг бүрэн эзэмшсэн.
-Та хэд эх орондоо ирээд юу хийцгээж байгаа вэ?
-Хувь хувийнхаа ажил төрлийг хийгээд явж байгаа. Голдуу бизнесийн салбарт хүчээ сорьж байна даа.
-Ер нь казино байгууллаа гэхэд монголчуудыг оруулахгүй гэсэн хувилбар бас яригдаад байна л даа?
-Бидэнд хичээл зааж байсан багшийн хэлснээр казино бол аюулгүй байшин. Нисэх онгоцны буудал руу ороход хүмүүсийг нэвт скайнерддаг шиг тийм өндөр шалгуураар хүмүүсийг оруулдаг. Тэнд хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг. Тэр бүү хэл пүүз, жийнстэй хүмүүсийг оруулдаггүй байх ёс журамтай. Мөн хар тамхи байтугай, согтууруулах ундаа үнэртүүлсэн хүмүүсийг бүр ч ойртуулахгүй. Казино руу орох хүмүүсийг тусгай багажаар шалгаж оруулдаг. Казиног хуульчлаад зөв хэрэгжүүлэхэд аюулгүй байдал нэг номерт тавигддаг. Өнөөдөр казино Монголд нууц далдуур хаа сайгүй байна. Эхний удаад бие биеэ хутгалж, буу шийдэмдээ хүрлээ. Дараагийн удаа хүний амь эрсдэх магадлалтай. Сая буу шийдэмдээ хүрч, хэвлэлийнхний анхаарлыг татсан залуус аргагүйн эрхэнд цагдаад мэдэгдээд ийн ил болсон. “Өдрийн сонин” энэ тухай хөндөж, мөсөн уулсын дөнгөж орой хэсэг нь гэж сурвалжлага бэлтгэсэн байсан шүү дээ. Тэр бол үнэхээр үнэн. Монголд 7000 орчим хүн покер мэддэг гэж нэг ярилцлагаас уншсан. Тэднээс 1000-аад хүн гадаадад очоод тоглох мэдлэгтэй гэсэн байсан л даа. Нэгэнт тэд гадаадад очоод мөнгөө алдаад ирж байна. Тэрний оронд энэ мөнгөө Монголдоо үлдээх хэрэгтэй шүү дээ. Ийм боломжийг нь олгохын тулд монголчуудыг казинод оруулах хэрэгтэй. Монгол хүнийг казинод оруулахгүй гэвэл нутаг дэвсгэр дээрээ байгуулах хэрэг юу байна вэ. Тодорхой хэмжээнд стандарт мөрдөж байж хүмүүсийг казинод оруулах нь зөв. Тэгэхгүй бол цаашаа далд хэлбэрээр явсаар байгаад олон хүн эрсдэлд орох аюултайг дахин хэлье. Гадаадынхан тав тухтай, тансаг орчинд казино тоглоод, монголчууд нь тийшээ орж чадахгүй нууц хэлбэрээр бие биеэ хядаад дуусвал яах вэ гэдгийг хууль боловсруулагчид санах хэрэгтэй.
-Ер нь монголчуудыг оруулахгүй гэсэн шалтгаанаа амьдрал дорой байна гэж тайлбарласан. Эдийн засаг хүнд байхад монголчууд казинод орж хамаг юмаа өгөөд туучихна гэсэн болгоомж хэлж байсан?
-Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Иймээс монголчуудыг казино тоглуулж болохгүй гэсэн хууль батлагдвал Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Тэгээд ч өнөөдөр эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал туйлдаа хүрсэн нь хэний буруу билээ дээ. Төр засгийнхан нь өөрсдөө ард түмний амьдралыг туйлдуулчихаад ийм тайлбар өгч байгаа бол эндүүрэл. Бизнес эрхэлж байгаа бидэнд ч эдийн засгийн хямрал асар их нөлөөлж байна. Энэ хүндрэлээс гарах гарцыг ер нь төрийн түшээд эрэлхийлж байна уу.
Ер нь бол хувь хүн казинод орж тоглох уу, тоглохгүй юу гэдэг нь хүний эрхийн асуудал. Үүнийг хуульчилж, хүчээр зохицуулах нь буруу. Хэрэв тухайн хүн казино мөнгө алдаад байна гэж үзвэл ар гэрийнхнийх нь хүсэлтээр эсвэл өөрөө дахиж орохгүй гэж бодож байгаа бол хар дэвтэрт бүртгүүлж болдог олон улсын жишээ бий л дээ.
-Сүүлд өргөн баригдсан Казиногийн тухай хуулийн төсөлтэй танилцав уу?
-Д.Оюунхорол сайд Казиногийн тухай хуулийн төсөл өргөн бариад Хууль зүйн байнгын хороон дээр явж байгаа юм билээ. Бид казиногийн дотор нь олон ажил буцалж, сайн, саар талыг нь мэдэхийн хувьд зөв мэдээллийг хүргэх сонирхолтой байна. Монгол Улсын эрх ашгийн төлөө, ашигтай хувилбараар ажиллаасай гэдгийг монгол хүний хувьд хүсч байна. Бид яагаад гадаадад арав гаруй жил ажиллачихаад буцаад ирсэн бэ гэвэл өөрийн гэсэн эх оронтой. Үр хүүхдүүдээ эх оронд нь сайхан амьдруулмаар байна. Иймд яах аргагүй казино бол улсын эдийн засагт асар их үр өгөөжтэй салбар гэдгийг мэднэ. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд бүхий л талаар мэдээлэл өгч, тусалж дэмжин хамтран ажиллахад бэлэн. Маркетинг хийх чадвар бидэнд байна.
-Хөрөнгө оруулалтын тал дээр ямар байвал дээр вэ?
-Үндэсний аюулгүй байдлаа бодох юм бол гадны ямар нэгэн улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай байж болохгүй. Ялангуяа хоёр хөршид бол бүр ч дэмий. Оросуудын муухай ааш нь хөдөлбөл нефтийнхээ хоолойг хаачихвал бид хэцүүднэ. Тиймээс хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад казино байгуулж болж байна. Тэгээд казиногийнхоо орлого, зарлагыг нь шилэн дансаар хөтлөөд явах боломжтой. Ирээдүйд өсч өргөжих ийм хувилбар байж болж байна. Казиногоо монгол хүн хянаж байж цаашид амжилттай явна. Гадныхан бол ашгаа олоод хамаад гарна шүү дээ. Эсвэл гурав дахь хөрш орнуудаас багахан хэмжээний хөрөнгө татвал илүү баталгаатай. Бидний санаа бол багахан хэсэгт гадаадын хөрөнгө оруулаад, нээлттэй хувьцаа хэлбэрээр ажиллаж болж байна. Тэндээсээ ТУЗ-өө сонгоод ашигтай ажиллаж болно. Олон улсын казино яаж ажилладаг талаар хуулийг бид сайн мэднэ. Лицензийг бол 3-5 жилээр өгч болно. Жишээлбэл, германчууд хэзээ ч худлаа ярьдаггүй, авлига, хээль хахуулийн тал дээр хатуу ёс зүйтэй хүмүүс. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг татахдаа сайтар судлах хэрэгтэй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг 20 хувиас хэтрүүлж болохгүй.
-Казино байгуулчихлаа гэхэд хэдий хугацаанд ямар ашиг өгөх вэ? -Эхний нэг, хоёр жилийн орлогоор Улаанбаатар хотод метро барих хэмжээний ашиг олно. За тэгээд казиног дагаад дэд бүтэц, эдийн засаг сайжирдаг. Дэлхийн сүлжээ зочид буудал, гольф, дэлгүүрүүд хүүхдийн диснейлэнд зэрэг казиног дагаад манай улсад бий болох боломжтой.
Манай улс жилд 400-500 мянган жуулчин авдаг. Казино байгуулахад аялал жуулчлалын салбарынхны зорилт болсон нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Казино тоглохоор ирэх нэг баян хүний цаана туслах нь, эхнэр хүүхэд нь, бараа бологчид нь гээд өчнөөн олон хүн дагаж явдаг. Ялангуяа эхнэрүүд нь нөхрийгөө казино тоглож байх зуур шоппинг хийж, тансаг ресторанаар үйлчлүүлж мөнгөө үрдэг л дээ. Сүүлийн жилүүдэд арабууд их ирдэг болсон. Тэд маш их мөнгөтэй. Тээр жил “Чингис” зочид буудалд казино ажиллуулж байхад Арабын Шейх ирж тоглож байсан. Өдрийн цагаар казино хаалттай байхад нээлгүүлээд хэдхэн цагийн дотор 100 мянган ам.доллар алдчихаад явж байсан.
Монголд покерын тэмцээн зохион байгуулахад дор хаяж 1000 хүн ирнэ. Тэдний багш, найз нөхөд гээд 3-4 мянган хүн ирнэ. Монголд маш их хөрөнгө үлдэнэ. Дэлхийн бүх өнцгөөс Монголыг үзэх гэж ирнэ. Хичнээн олон буудал, ресторанууд дүүрнэ. Эдийн засгийн мөнгөний урсгал нэмэгдэнэ. Бид тэр тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хөзрийг нь хольсноороо Монголд маш их мөнгө үлдэнэ шүү дээ.
Ер нь казино байгуулагдахад наад зах нь 1000 хүн ажлын байраар хангагдана. Залуус маань олон орны хэлтэй, соёлтой, харилцааны өндөр боловсролд суралцана шүү дээ.
-Хуучин нисэх онгоцны буудлыг казиногийн чиглэлээр ашиглая гэж байсан. Байрлалын хувьд нийслэлтэйгээ ойр байх нь ямар бол?
-Зөв санаа. Тэнд дэд бүтэц байна. Том заал, нисэх онгоцны буудал байгаа. Хааяа хувийн том, том онгоцууд ирээд буучих боломжтой. Казино байгуулагдлаа бол солонгосчууд воноо, япончууд иенээ, африкчууд доллараа бариад ирнэ. Тэд Монголд ирээд төгрөгөөр солиулна. Валютын зохих хэмжээний хуримтлал шууд үүснэ. Тэгэхээр валютын энэ их хөөрөгдөл аяндаа навс унана шүү дээ.
М.МӨНХЦЭЦЭГ