Түвдийн алдарт “Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнг өчигдөр Манба Дацан хийдэд нээж, Богд Зонхава болон түүний шавь нарын тосон урлалыг залж, аравнайлах ёслол боллоо. Тус үйл ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Гүмбүм хийдийн удирдах зөвлөл, Манба Дацан хийд хамтран зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн захирал, хатагтай Ли Вэй, Түвдийн Гүмбүм хийдийн лам нар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Тува Улсын Эрүүл мэндийн дэд сайд Монгуш Күдэр Кендинович, Түвдийн Анагаах ухааны сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Нямацэрэн болон нийслэлийн сүм хийдүүдийн лам хуврага, эрүүл мэндийн болон боловсролын салбарын төлөөлөл, сүсэгтэн олон оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржид бурхан шүтээн, судар ном, бодь модны навч тэргүүтэй зүйлийг гардуулан өглөө.
“Түвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнд балин урлаг, зээгт наамал, ханын зураг буюу бүх төрлийн танка багтдаг. Энэхүү гурван урлагийг 2006 онд БНХАУ-ын биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд Хятад Улсад төдийгүй дэлхийд алдартай бүтээлүүд юм.
Тус бүтээлээрээ алдартай Түвдийн Гүмбүм хийдийн лам нар Монголд морилон ирж, өчигдөр Манба Дацан хийд дээр балин урлагийн гол төлөөлөл болсон Богд Зонхава болон түүний хоёр шавийн дүрийг тосоор урласаныг өнөөдөр ийнхүү Манба Дацан хийдэд заллаа. Балин урлагийг сарлагийн сүүнээс гаргаж авсан тосыг шороон будгаар өнгө оруулан урладаг бөгөөд нарийн ур дүй шаардсан тусгай урлаг юм.
Гүмбүм хийд нь зээгт наамалаа хавтгай болон гурван хэмжээст гэсэн хоёр төрлөөр хийдэг бөгөөд 400 гаруй жилийн түүхтэй хамгийн онцгой зээгт наамал Гүмбүм хийдэд байдаг байна. Ханын зураг буюу танка урлагийн хувьд Гүмбүм хийдийн нэрт бурхан урлаач Цойш Лувсаншинангийн зураг урлагийн хэв маягаас өвлөгдөн иржээ.