Categories
мэдээ цаг-үе

Түвдэндоржийн Отгончулуун: Тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж гэж аав минь ярьж байсан

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Б.ТҮВДЭНДОРЖ АВАРГЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-

Булган аймгийн Хангал сумын харьяат, үндэсний спортын ууган гавьяат, далай, даян, дархан аварга Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүний охин Т.Отгончулуунтай ярилцсанаа хүргэе.


-Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиогдож байна вэ?

-Аавын минь 100 насны ой энэ жил болж байна. Олон сайхан хүмүүсийн тус дэмээр ойн хүрээн дэх ажлууд бараг цэгцэрчихлээ. Бид энэ сарын 20-ны өдөр Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан зохион байгуулах юм. Мөн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Домогт аварга Б.Түвдэндорж” сэдэвт гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эргэл хайрхны домогт хүчтэн” эссэ бичлэгийн уралдаан, спортын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Дархан аварга Б.Түвдэндорж ба үндэсний бөх” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон. Мөн аавынхаа тухай ном гаргаж байна. Олон ч хүн ирж уулзаж, сайхан хүн байсан талаар нь дурслаа. Аавын минь тухай нутгийнх нь хөгжмийн зохиолч Ц.Санжаасүрэн, яруу найрагч Ц.Чинбат нар “Түвдэндорж аварга” гэж сайхан дуу хийжээ. Бүр олон жилийн өмнө шүү.

“Хуурын аялгууг эгшиглүүлсэн

Хурсан олныг баярлуулсан

Барсын бяртай Түвдэндоржоо

Баярын магнай хүчит аваргаа” гээд ийм сайхан үгтэй. Мөн бид ойд нь зориулж “Эргэл хайрхны домогт хүчтэн” гээд сайхан дуу хийлгэсэн. Ингээд хоёр сайхан дуутай болж байна. Ийм сайхан хүний охин болж төрнө гэдэг их хувь заяа юм даа.

-Б.Түвдэндорж аварга 23 настай байхдаа арслан цол хүртэж байсан гэдэг?

– Хамгийн анх 14 настайдаа нутгийнхаа Эргэл хайрхан уулын овоо, тахилгын наадамд анх удаа зодоглож байсан юм билээ. Аав минь 23-хан насандаа төрийнхөө баяр наадамд түрүүлсэн азтай хүн. Цэрэгт татагдсан жилээ улсын наадамд орсон юм билээ. Барилдах болсон түүх нь их сонин. Цэрэгт ирээд байхад нь жанжин Ж.Лхагвасүрэн гэх хүн аавыг улсын засуул Гончиг гуайтай уулзуулж л дээ. Ухаандаа бие хаа томтой болохоор нь шинжүүлэх гэсэн санаатай. Гончиг гуай хараад ихэд тоож “Энэ хүүг улсын наадамд барилдуулаарай” гэсэн гэдэг. Аав минь 1939 оны улсын баяр наадамд 512 бөх зодоглоход “урт гарт” хэмээх Лхагва арсланг өвдөг шороодуулан, цолгүй бөх арслан цолны болзол хангасан түүхтэй. Аргагүй л ир, бяр гэдэг нь тэр байх даа. Эмээ маш их баярлаж хэдэн өдөр уйлсан талаар хожим ааваасаа сонсож байсан. Одоо бодоход ч бахархам сайхан байдаг юм. Харин аав минь 1941 онд Өлзийсайхан арслангаар ес даван түрүүлж аварга, 1945 онд Цэвээнравдан заанаар ес даван түрүүлж даян аварга, 1946 онд Чимэд-Очир арслангаар арав даван түрүүлж дархан аварга цол хүртсэн. Улсын баяр наадамд хамгийн анх долоо түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн, үндэсний бөхийн ууган гавьяат мастер хүн шүү дээ.

-Улсад долоогоос ч илүү түрүүлэх боломжтой байсан гэж ярьдаг юм билээ?

-Тийм шүү. Аав минь тоолохыг нь мэдсэн бол 10 түрүүлдэг байж гэж ярьж байсан. Миний дуулж байснаар цөөнгүй начин төрүүлсэн л гэдэг юм. Мөн намайг арван жилд байхад “Төв аймагт түймэр гарч гэнэ, Түвдэндорж аварга түй гээд унтраачихжээ” гэж хүүхдүүдийн амны уншлага болж яригддаг байсан. Ухаандаа тийм л бяр тэнхээтэй хүн шүү гэдгийг нь хошин байдлаар зүйрлэж л дээ. Хүүхдүүд “Танай аав чинь тэгсэн юм уу” гээд л асуудаг байж билээ.

-Түвдэн аварга бөхийн удамтай болов уу?

-Аав минь Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын харьяат хүн. Хангал суманд Эргэл хайрхан гэж сайхан хангай бий. Эргэл хайрхны Гурван эвэрт гэх газар төрсөн юм билээ. Цэрэндорж гэж ганц дүүтэй. Ядуу тарчигхан амьдралтай өссөн. Тиймдээ ч ээж, дүү хоёроо хүний гар харуулахгүй гэж багаасаа хүнд, хүчир ажил хийж явсан юм билээ.

Цагаан эргийн дамжлага баазад ачигч хийдэг байж л дээ. 70 кг-ын шуудайтай гурилыг хоёроор нь үүрээд гүйдэг байж. Эхэндээ хоёр шуудайтай гурилаа даадаггүй байсан гэдэг. Аав “Ажил хөдөлмөр хийснээрээ хүн мууддаггүй юм. Ажилд нухлагдаж явсан минь л надад бяр тэнхээ, ажлын амтыг мэдрүүлж амжилтын минь гараа болсон юм шүү дээ” гэж ярьдагсан.

Харин манай эмээг Сэрээнэн гэдэг байсан. Намайг төрөөд удаагүй байхад бурхан болсон л доо. Нутгийнхан нь “Хайнаг” Сэрээнэн гэдэг байсан гэдэг. Учир нь ихэвчлэн хайнаг хөллөж явдаг байж л дээ. Ер нь хийхгүй юм үгүй. Хар бор ажилд сайн хүн байсан юм билээ. Их л бяр тэнхээтэй, биерхүү хүн байсан гэдэг.

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Аав тань тайж гаралтай гэсэн үү?

– Аав Бадамдоригийн Түвдэндорж гэж овоглогддог. Бид саяхныг хүртэл аавыгаа айлын бутач хүүхэд л гэдэг байлаа. Гэтэл хүмүүсээс сонсохнээ аавын төрсөн эцэг Лувсанхайдав гэж ноёны хүү Гэндэн гэж хүн байсан гэнэ. Аавыг дөрөв, таван настай байхад эцгийг нь эсэргүү гээд хороочихсон юм билээ. Энэ бүхнийг аав минь их нууж явдаг байж л дээ. Харин ганц, нэгхэн өндөр настай бөх хүнд ярьж хуучилсан байдаг юм билээ. Ном хийх явцад хэд хэдэн хүний дурсамжид энэ тухай үлдсэн байсан.

Угтаа Лувсанхайдав гэдэг ноён нь Гэндэн, Гэмпил, Чойндон гэж гурван хүүтэй хүн байсан юм билээ. Саяхан бид Чойндонгийнх нь үр сад Мядагмаа гэж сайхан хөгшнийг олж уулзсан. Үр хүүхдэд минь гай болох вий гэсэндээ их нууцалдаг байж л дээ. Ямартай ч аавын минь хамаатан садан гэх хүмүүс байгаад их баяртай байгаа.

-Хоёр Мөнх аварга аавын тань шавь нар гэдэг бил үү?

-Аав 1958 онд Спортын төв ордон ашиглалтад орсон цагаас эхлэн үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.

Шавь нараас нь үндэсний бөхийн аварга гурав, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн хошой аварга хоёр, Олимп, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт арваад хүн байдаг. Ойн хүрээнд хоёр Мөнхтэй уулзаж аавынхаа талаар дурслаа. Х.Баянмөнх аварга их сайхан хүн дээ. Аавын минь бие тааруу, хэвтэрт байх үед нь “Багш аа, би анд явлаа. Танд чонын ходоод аваад ирье” гээд явж билээ. Үнэхээр яалт ч үгүй л бариад ирж байсан. Даанч тэр үед оройтчихсон байсан даа.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Аав цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцсан. Ээж Төв аймгийн Заамар сумын харьяат хүн. Ээж аавтай 16 настай байхдаа танилцаж, цэргээс халагдаж ирээд тоонот гэртээ толгой холбосон түүхтэй юм. Би эхээс арвуулаа юм шүү дээ. Нэг эгч, долоон ахтай, ганц охин дүүтэй. Манайхаар бөхчүүд их цуглана. Ер нь хөл ихтэй айл байлаа. Эрэгтэй хүүхдүүд л болсон хойно ах нар минь сахилгагүйтнэ. Аав минь нэг их үглэж зэмлээд байдаггүйсэн.

Аав залуудаа бас алдаж, эндэж л явсан. 40 нэлээн гарч л архи, дарс балгадаг болсон юм билээ. 1950-иад оны үед хятадуудтай нийлж даалуу тоглож, бас жаахан балгачихдаг, гаанс бол салгахгүй л зуудаг байсан гэдэг. Харин хятадуудтай нийлж даалуу тоглож байгаад баригдан шоронд хэсэг суусан юм. Ээж ч нэг өдөр ундууцаж “Өчнөөн нялх хүүхэдтэй байж архи дарс, даалуугаа боливол яасан юм. Гэр орноо өөд нь татахгүй бол болохгүй л байна шүү” гэж. Тэгж хэлснээс хойш удалгүй л “За Даш минь одоо хөгшин нь больё. Архи, дарс тоглоом наадгай чинь хэмжээтэй байх хэрэгтэй юм байна” гээд л архи, тамхи, тоглоомоо орхисон юм билээ. Хүн архи, тамхинаас гарна л гэдэг. Яг тэгээд зоригтойхон гарсан нь хэд бол, аав минь аргагүй л жинхэнэ эр хүн байж дээ гэж боддог юм.

Ах нар сүүлд ээж, аавыгаа дурсан ярихдаа “Ээж, аав хоёр хаашаа л явна, Отгончулууныг байдгаар нь гоёод аваад явдагсан” гэж билээ. Би их эрх, танхи өссөн. Гэхдээ их л ажилсаг охин байлаа. Олуулаа болоод ч тэр үү зөндөө гурил зуурч, элдэнэ. “Гурилаа зуураад элдчих юм бол гаргаж тоглуулна шүү” гэнэ. Хурдан гарч тоглохын тулд гялс хийхийг хичээнэ шүү дээ. Аав хурдан элдлээ гэж таван төгрөгөөр шагнадагсан. Тэр үед ч таван төгрөг их мөнгө байсан шүү. Би 30 нас гартлаа аав, ээжтэйгээ хамт амьдарсан. Аавын минь хөөрөг надад 30 жил болж байна. Харин зодог, шуудаг, эдэлж хэрэглэж байсан зүйл нь Улсын төв музейд байгаа.

Б.Түвдэндорж аварга зурган илэрцүүд

-Хүүхдүүддээ юу хэлж зааж, сургадаг байв?

-Аавд аархуу, онгироо, сагсуу зан огт үгүй байжээ. Үндэсний баяр наадамдаа түрүүлчихээд л ороод ирнэ. “Өө Даш, мах чаначихсан уу. За сайхан мах идье” гэж хэлж байгаа нь санаанд тод үлдэж дээ. Түүнээс би баяр наадамд түрүүлчихлээ, тэр аваргыг тэгж хаялаа шүү дээ гэж ярьж бардаж, онгирч байхыг нь үзээгүй. Аавын тухай дурсамжид улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай “Манай Б.Түвдэндорж арван тавны сар шиг сайхан хүн” гэсэн байна лээ. Нээрээ л миний аав сайхан хүн байсан даа. “Хүүхдүүд минь хөдөлмөрлө” л гэдэг байлаа. “Та нар ажил албаа таслав аа. Ажлаа сайн хийнэ шүү” л гэнэ. Ээж аавтай ханилаад зодог, шуудаг оёж сурсан юм билээ. Бид ч ялгаагүй эр, эм гэлтгүй ээждээ зодог, шуудаг хийхэд нь тусалдаг байлаа. Тиймдээ ч бүгд оёж чаддаг болсон. Аав ч “Зодог, шуудаг оёж сураарай. Алсдаа хэрэг болно” гэсэн. Нээрээ л үнэн байна даа. Аавын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан төрсөн нутагт нь жил бүр болдог. Түүгээр арван зодог, шуудаг аваад очдог юм. Ирээдүйд аавын минь нутгаас алдартай сайхан бөхчүүд гараасай гэж бэлгэшээн бэлэглэдэг дээ.

-Аваргыг залгамжилж бөхөөр хичээллэсэн хүн бий юу?

-Нэг ах минь барилддаг байсан ч аваарт орсны улмаас больсон юм. Харин миний дунд хүү Ундрах Японы мэргэжлийн сумогийн жүрёо зиндаанд 15 жил барилдсан. Одоо Монголдоо гэр бүлийн хамт амьдарч байна. Цаашид үр, удмаас нь болоод нутгаас нь аавыг минь залгамжлах хүчтэн төрнө гэдэгт итгэлтэй байна. Аавын дүү Цэрэндорж гэж хүн байсан. Бас л их сайхан бяр тэнхээтэй хүн байлаа.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *