Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA), олон улсын оюутны спортын холбоо (FISU) хамтран зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өчигдөр БНХАУ–ын Шиамен хотод эхэлсэн. Монголын баг 2015 онд 3х3 төрлийн оюутны ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (АШТ)-д оролцож, гурав хожин аваргын төлөө шалгарсан ч БНХАУ-ын багт ялагдсанаар анх удаа тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Ингэснээр монгол улсын баг анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ. ДАШТ-д дэлхийн 5 тивийн төлөөлөл болсон 10 орны шилдэг баг тамирчид өрсөлдөж байна. Манай улсын баг Аварзэдийн Гансүх, Энхбатын Дөлгөөн, Боргилын Батзолбоо, Гэрэлийн Чинбат гэсэн шинэ залуу шилдэг тамирчдаас бүрдсэн. Тэдний хувьд энэ онд манай улсад зохиогдсон оюутны ази тивийн АШТ-д түрүүлсэн монголын багийн бүрэлдэхүүн дэх шилдэг тамирчдын төлөөлөл юм. Багийн дасгалжуулагчаар МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер С.Тулга ажиллаж байна. Монголын баг ДАШТ-ий “В” хэсэгт багтсан бөгөөд энэ хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзын багуудтай өрсөлдөнө. Харин “А” хэсэгт 3х3 төрлийн Европ тивийн шилдгүүд болох Франц, Австри тэргүүтэй орнууд багтжээ.
ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын хүчирхэг багтай хийж, ширүүн өндөрлсөний эцэст өрсөлдөгчөө 12:11-ийн харьцаатай хожжээ. Харин хоёр дахь тоглолтдоо Малайзын багтаа оноолт таарч, илт илүүрхэн тогложээ. Улмаар 18:6-гийн харьцаатай хожиж, тэмцээний 2 дахь хожлоо авсан байна. Ийнхүү монголын сагсан бөмбөгчид дэлхийн аварга хэмээх томоохон тэмцээнээс хоёр хожил авч, нэгэн шинэ түүхийн хуудсыг нээлээ. Монголын багийн залуус өнөөдөр Тайланд (19:40 цаг) болон буурал европ тивийн төлөөл Унгарын багтай (22:20 цаг) хэсгийн 3, 4 дэх тоглолтоо хийнэ.