Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон Гадаадын болон орчин цагийн сонгодог бүтээлүүдийн сор болсон аялгуунуудыг тоглох “Best of Classics” тоглолтоороо үзэгч олонтойгоо уулзахаар болжээ. Уг тоглолтыг Морин хуурын чуулга, “Цэцээ-Гүн” Ротаракт клуб хамтран энэ сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байгаа ба тоглолтын орлого нь сайн үйлсийн төлөө зориулагдах юм.
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хүрээнд ийнхүү нийгмийн сайн сайхны төлөө сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонордуулах юм байна. Уг тоглолтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа ажээ.
Өнгөрсөн жилийн өдийд зохион байгуулсан “Best of Best” тоглолтын орлогоор Монгол улсын ирээдүй болсон шилдэг 10 оюутанд нэг жилийн сургалтыг тэтгэлгийг олгож байсан бол энэ жил харааны бэрхшээлтэй оюутнууд болон хүүхдийн суралцах эрүүл орчинг бий болгох төсөлд дэмжлэг үзүүлэх юм.
Хэр олон үзэгч тоглолтыг үзэхээр зорьж ирнэ, тэр хэрээр бид нийгэмдээ хувь нэмэр оруулж чадах нь. Тийм учраас энэхүү санаачилга нь Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, шилдэг бүтээлүүдийг нь дахин дахин сонсох дуртай үзэгчдийн дэмжлэгээр хэрэгжинэ гэсэн үг юм.
Дун цагаан өвлийн өнгийг эгшиг холбож зурсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын вальс, тройка, романс … Морин хуурын чуулгын “Best of Classics” тоглолт ингээд л эхэлнэ. Та гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө хамт Хуурын чуулгынхаа тоглолтыг зорьж, нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөхийн зэрэгцээ нийгмийнхээ сайн сайхны төлөө хувь нэмэр оруулаарай.