Categories
мэдээ цаг-үе

Гэндэнгийн Дашчирэв: Сэгс цагаан Богд уул бол амьдын диваажин болсон түүхт нутаг

“Говийн гайхамшигт-6” уран бүтээлчдийн нэгдсэн аялал өнгөрөгч сард Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг, Алтайн өвөр говиор арваад хоног үргэлжилсэн. Аяны замд дөрөө харшсан настан маань Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цаг уурчаар насаараа ажилласан Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Гэндэнгийн Дашчирэв гуай. Шинэжинст сумандаа баялаг үзмэртэй гэр музей байгуулсан эл эрхмийг МУИС-ийн профессор Р.Самъяа “Нутаг орныхоо байгаль, түүх, хүн-байгалийн ариун дагшин холбооны амьд нэвтэрхий толь” хэмээсэн нь чухам голыг олсон дүгнэлт байлаа. Түүнтэй аян замын турш хөөрөлдсөнөө толилуулъя.


-Тантай Сэгс цагаан богд уулын тухай сайхан хөөрөлдье гэж бодлоо?

-Манай Шинэжинст суманд Богд нэртэй нэг л уул байгаа нь Монгол даяар алдаршсан Сэгс цагаан Богд уул. Монгол Улсын өмнөд хилээс дотогш есөн км-т сүмбэрлэх энэ уул түмэн үеийн түүхийн гэрч, монголчуудын оюун санааны шүтээн хайрхдын нэг. Манай нутгийн хамгийн өндөр хайрхан Залаажинст далайн түвшнээс дээш 2557 метр өндөрт өргөгдсөн бол Сэгс цагаан Богд уул 2480 метр өндөр юм билээ.

-Алсаас харахад налайн хэвтэж буй тэмээ шиг сүрлэг сайхан харагдах эл уул ямархан түүх хүүрнэх сэн бол?

-Эзэн богд Чингис хаан маань Тангудыг дарахаар 1220-иод оны үед Сэгс цагаан Богд уул, Шар хулсны шандаар дайран явсан гэдэг. Тийн явахдаа нэгэн уулыг өөрийн нэрээр нэрлэж, бас нэг уулыг харуулын толгой болгосноор Атас, Чингис хэмээн нэрийдэх болсон гэсэн домог бидний үед уламжлан ирж. Түүнээс хойш 1750-иад онд хятадуудтай наймаа хийх газрыг сонгохдоо энэ нутгийн Хонгор тайж Сэгс цагаан Богдыг баримжаалан, уух ус, амрах газрыг зааж заг чирэн зам гаргасан гэлцдэг. Энэ замаар олон зуун аянчин явж арилжаа наймаа хийж байсан жинчдийн жим буудлын мөр байсаар байдаг юм.

-Сэгс цагаан Богд уул нутгийн та нарт ойрхон боловч хүн зоны хөлөөс зайдуу Алтайн өвөр говийн үзэсгэлэн бүрдмэл сайхан нутаг юм. Эрдэмтэн судлаачдын анхааралд хэдийнээс өртсөн бол?

-Одоогоос 140-өөд жилийн тэртээ Оросын нэрт жуулчин Н.М.Прежевальский Сэгс цагаан Богд орчмоор аялахдаа нутгийн ард олноос баавгай амьдардаг тухай мэдээг дуулж мэдээлснээр анх мазаалайн тухай дэлхий нийтэд түгсэн байдаг. Олон улсын болон манай судлаачид тэр цагаас мазаалайг судалж эхэлсэн юм билээ. 2008 оноос Олон улсын баавгай судлалын ерөнхийлөгч Харри Рейнольдс өөр газар нутагт мазаалай байгаа эсэхийг судалж тогтоохоор ажилласаар ирсэн. Монгол-Оросын шинжлэх ухааны академийн хамтарсан баг П.Д.Гунины удирдлагаар 1976-1986 оны хооронд биологийн иж бүрэн экспедиц, хэт гандуу цөлийн суурин судалгааны анги ажиллуулж, байгаль экологийн бүрэн судалгаа явуулсан байдаг. ХБНГУ-ын Бавари мужийн Байгаль хамгаалах байгууллагын санхүүжилтээр доктор Р.Самъяа багш 2008 оноос нутгийн эко системийг судлахаар байгаль хамгаалах хэсэг байгуулан мазаалай болон бусад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах ажлыг хийж байна. Миний бие дээрх хоёр судалгааны багийнхантай хамтран ажилласан хүн л дээ.

-Сэгс цагаан Богд уулыг ховор ургамал, амьтны өлгий гэж ойлгож болох нь ээ?

-Цагаан Богд орчмын газар нутагт хэдэн арван сая жилийн өмнөх олдворууд өнөөг хүртэл хадгалагдан, шинжилгээ судалгааны үнэт олдвор болсоор байгаа. Тухайлбал, жаран сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн болон далайн амьтдын чулуужсан яс, мод, тэр үед ургаж байсан жигд, заг, тоорой, сухайн чулуужсан хэлбэрүүд олддог. Би гэр музейдээ нутгийн эл олдворуудаар нэлээд үзмэр гаргасныг та харсан байх. Энэ нутаг байгаль эхийн бүтээсэн ховордсон амьтан, ургамлын зоопарк, цэцэрлэгт хүрээлэн болдог тул 1990 онд ЮНЕСКО-гийн “Шим мандал”-д бүртгэсэн. Энэ хавийн нутагт “Улаан ном”-д орсон 13 зүйл хөхтөн, 10 зүйл шувуу, дөрвөн зүйл мөлхөгч, нэг зүйл хоёр нутагтан, дэлхийд нэн ховордсон амьтны жагсаалтад орсон 13 хөхтөн, долоон шувуу байдаг.

-Говь-Алтайн Ээж хайрхны Ламын агуйд Равдан хэмээх хүн олон жил хүн олноос хөндийрч амьдарсан байдаг. Сэгс цагаан Богдод тийм даяанч хүн нуугдаж байсан болов уу?

-Өнгөрөгч зууны эхээр Оросын нэрт эрдэмтэн эцэг хүү Ю.Н.Рерих Шамбалын орныг олохоор зорин явахдаа энэ хавийг сонгон судалж, газар нутгийн сонин содон түүхийг тэмдэглэн, зураг зурж үлдээсэн байдаг. Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамц 1904 оны модон хөх луу жилийн намрын дунд сарын 15-нд Сэгс цагаан Богд орчмоор морилон ирээд манай нутгийн Амарбуянтын хийд орох замдаа Шар хулсны рашааныг “Олон хүнд тус болох орчлонгийн шидэт ус байна” гэж аравнайлснаар өнөөг хүртэл ходоодны хавдраар өвчилсөн олон хүнийг анагаасан юм гэдэг. Тэрнээс энд элдэв лам хуврагууд даяанчлан суусан тухай сонсож байгаагүй шүү.

-Алдарт Жаа ламтай ямар сэжмээр холбогддог гэлээ?

-1920-иод оны үес Дамбийжанцан энэ нутгийн Эхийн гол, Цагаан богдын араар цэрэг цуглуулж өөрийн улсыг байгуулна гэж байгаад “Мазуньшянь” ууланд очиж бэхлэлтээ байгуулсан байдаг. Харин манай хошууны гэгээнтэн Жаалхан ламын дүр буюу Жамбалдамбийжанцанг Сэгс цагаан Богдоор 1933 онд хил давуулж Утай, Гүмбэн рүү явуулсан байгаа юм. Тэр үед аав минь гэгээнтний замчин буюу тогооч хийж явсан гэдэг. Гэгээнтэн Хөлтрөгийн голд очоод аавд минь “Та одоо буц даа, та тэгтлээ их ядарч зовохгүй ээ” гэж адислаад цааш одсон гэдэг.

-Энэ хавиар хятадууд хил зөрчин их орж ирдэг байсан гэл үү?

-1953-1960 оны хооронд Цагаан богдын хилийн харуул татан буугдсан үеэр хятадууд манай нутаг руу орж ирэн ан гөрөө хийж, махыг нь нутаг руугаа зөөдөг байсны дээр Эхийн голын баян бүрд орчимд хар тамхи тарьж байсан гэдэг. Зэвхийнүүд Онгон хайрхан уулын болон алттай гэгдэх газар нутгуудыг хар шоргоолж шиг ухаж байсан талаар Эхийн голд олон жил байгаль хамгаалагч хийсэн Ц.Зэсхүү гуай хуучилдаг юм.

-Та ч аргагүй л Залаа Жинст нутгийнхаа амьд нэвтэрхий толь юм. Алдарт “Сэгс цагаан Богд” найраглалд гардаг газар нутаг бүгд танай суманд байна уу?

-Монголын утга зохиолын сор болсон төрийн шагналт зохиолч Сономын Удвал, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй уран бүтээлчид Сэгс цагаан Богд орчмоор аялан, улмаар тэр алдарт найраглалыг бичсэнээр зохиогч нь төрийн шагнал хүртсэн төдийгүй манай нутгийн сүр сүлд болсон сайхан уулыг алдаршуулсан хэрэг. Манай нутагт Цэцэн Раш буюу Цэрэндаш хэмээх уул усаа шүлэглэн зааж өгдөг хүн байсан юм. Цэрэндаш гуай сухай ташуураа барин нэрлэсэн газрынхаа тийш зааж, зуун найман эрхиний тоогоор уул усыг шүлэглэн хэлдэг байж.

“Анагай гурван цоохор

Ажин гурван ширдэг

Аман гурван сээр

Ах дүү гурван хаалга

Залаатын гурван нуруу

Ямаатын гурван хавцал

Ихэр гурван хавцгайт

Эрээлэх гурван сэрвээт

Цоохор гурван дэл

Шалын гурван хоолой

Ар гурван гүн

Өвөр гурван Жаргалант

Зээрэнгийн гурван тал

Зэгстэйн гурван худаг

Байшинтын гурван шанд

Баяжихын гурван хөндий

Сувраа гурван хар

Суумал гурван улаан

Босго гурван гашуун

Бор гурван хайрхан

Эгэл гурван тооройт

Ижил гурван сэрвээт

Задгай гурван хээр

Зах гурван бамбуу

Өлзийт гурван овоо

Өгөөж гурван хонхор

Гуулингийн гурван хэц

Гурилын гурван цав

Ингэн гурван хөөвөр

Эх гурван бүрд

Төмөртийн гурван хөх

Тахийн гурван ус

Мазаалайн гурван булаг

Манхан гурван элс

Сүүж гурван орших

Сэгс цагаан Богд оо” гээд “За, тэгээд тогтоож амжсан уу” гэж ёжтойхон инээмсэглэдэг хүн байсан гэдэг. Эндээс ардын уран зохиолч маань эх зохиолынхоо санааг олж сайхан найраг туурвисан байж магадгүй юм.

-Найраглал төрсөн түүхийг та аль хэр мэдэх вэ?

-С.Удвал, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, С.Дашдэндэв, С.Лувсанвандан, Д.Нямаа тэргүүтэй Монголын шилдэг зохиолчид говийн айл С.Надмэд гуайнхаар зочилж, найраглалын баатар Н.Сүхбаттай уулзсан түүхээс үүдэлтэй юм билээ. 1969 оны аравдугаар сарын 15-ны өдөр Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр тохиож С.Удвал гуай түүнд алим бэлэглэж байсан гэдэг. Надмэд гуайгаар нутаг усны сайхныг яриулж, шүлэглэсэн газрын нэрсийг тэмдэглэх зуур Н.Сүхбат хулангийн унагаа тэжээснээ үзүүлж. Буцах болоход Долгорын Нямаа найрагч зүүж явсан тэмдгээ хулангийн унаганы ногтон дээр зүүж өгөөд, хошуун дээр нь үнсээд явжээ. Тэд дараагийн айлд буугаад цэцэн цэлмэг зохиолчид тоглоом наргиагаар “Д.Нямаа хүүхнийг үнсэх гэсэн ч биднээс ичиж бантсандаа унаганы уруул үнссэн” гэцгээснээр найраглал бичих гол гогцоог олсон гэдэг. Тэр үед Д.Нямаа 29-тэй, Н.Сүхбат 17-той байсан юм билээ. Хожим 44 жилийн дараа 2013 оны аравдугаар сарын 25-нд найраглалын баатруудыг уулзахад би хамт очиж байлаа. Д.Нямаа нүдэндээ нулимстай машиндаа суухад сэтгэл уярч суусан минь саяхан мэт.

-Та хөөцөлдөж Сүхбат гуайд батламж олгуулсан гэдэг бил үү?

-Аймгийнхаа номын санд “Сэгс цагаан Богд” найраглалын баатар байгаа тухай хэлснээр номын сангийн удирдлага өөд нь уламжилж, 2013 оны есдүгээр сарын 21-нд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Н.Сүхбатыг найраглалын тэмээчин дүрийн “Домогт баатар”-аар батламжилсан шүү.

-Та өөрийгөө их ярихгүй хүн юм аа?

-Ах нь яах вэ, Баян-Өндөр сумын Баржин гэдэг газар 1950 онд төрсөн хүн. Цэргийн алба хааж ирээд, Ус цаг уурын өртөө байгуулагдахад таван жил ажиглагчаар, 37 жил өртөөний даргын алба хашлаа. Орон нутгийн судлах музейг хоёр удаа байгуулж, арваад орны зуу гаруй иргэн, дотоодын мянга гаруй хүнд үзүүлж харууллаа. Хамгийн гол нь хүн эх нутагтаа л хайртай байх учиртай. Хүний энэ насанд хийх буяны нэг мод тарих юм гэнэ лээ. Би жигд, тоорой гээд мянга гаруй мод тарьж, хүүхдийн байгаль хамгаалах клубийг хориод жил ажиллууллаа. Уржнан жил Баянхонгор аймгийн тэргүүний эко клубээр шалгарсанд ная дөхсөн өвгөн би баярлаж л сууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *