Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Гадныхан Монголд эрсдэлийн удирдлага байхгүй гэж үздэг

Өчигдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улсын эрсдэлийн удирдлагын форум 2016” зохион байгуулагдлаа. Тус форумыг зохион байгуулсан “Мандал даатгал” компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийг компьютерийн программист мэргэжлээр төгсч, Токио хотод Мэдээлэл, технологийн төслийн удирдагчаар таван жил ажилласан туршлагатай. 2008 оны хямралын үеэр түүний ажиллаж байсан компани дампуурч эх орондоо иржээ.

-Форумын зорилго юу вэ?

-Анхны форум 2010 онд зохион байгуулагдаж байсан. Энэ үед нийгэм болон бизнесмэнүүдэд эрсдэл гэж юу вэ гэдгийг ойлгуулах энгийн зорилт тавьдаг байсан. Форумыг жил бүр зохиосоор өнөөг хүрлээ. Энэ жилийн форумаар эрсдэлийн удирлагын талаар ярилцсан. Эрсдэлийн удирдлага гэж юу болох, түүнээс яаж урьдчилан сэргийлэх, эрсдэлд орсон тохиолдолд хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

-Форумд хэн оролцож, ямар шийдвэр гаргав?

-Ихэнх нь бизнесмэнүүд байсан. Төр засагт урилга илгээсэн боловч цөөн хэдэн хүн харагдсан. Хангалттай оролцсонгүй.

-Сүүлийн эрсдэлийн индекс гэдэг ойлголт нийгмийн сонирхлыг татаж байна.

-Дэлхийд эрсдэлийг тоогоор илэрхийлдэг аргачлал байдаг. Гэтэл энэ нь Монголд тохирдоггүй.

-Яагаад?

-Эрсдэлийн жагсаалт газар хөдлөлт, цунами, терроризм гэх мэт жагсаалтаас бүрддэг. Гэтэл зуд гэхэд манайхаас өөр газар байдаггүй тул маш бага индексээр хэмжигдэнэ. Гэхдээ бид энэ аргачлалыг Монголдоо тохируулсан хувилбар гаргаж эрсдэлийг анх удаа тоогоор илэрхийлж индексийг гаргаж чадсан. 1-9 онооны үнэлгээгээр индексийг тооцсон. Байгалийн болон нийгмийн чиглэлийн эрсдэлээр судалгаа хийсэн.

-Яагаад энэ чиглэлийг сонгов?

-Бидний орчинд байгаа эрсдэл нь энэ салбаруудад давамгайлж байгаа учраас энэ чиглэлийг сонгож авсан. Судалгаанаас харахад байгалийн эрсдэл 5.5, нийгмийн эрсдэл зургаа давсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрсдэлд таван хүчин зүйлийг авч үзсэн. Үүнд өвчлөл, гэмт хэрэг, зам тээврийн осол, обьектод гарсан гал гэх мэт. Тэдгээрийн сүүлийн хэдэн жилийн статистикийг ашигласан. Эндээс харахад 2009 оноос хойш дээрх эрсдэлүүд тасралтгүй өссөн байна.

-Эрсдэлийн үнэлгээг хийчихлээ. Цааш нь юу хийх ёстой вэ?

-Эрсдэл ихсээд байгаа нь индексээр батлагдаж байна. Тэгэхээр дараагийн жилүүдэд тэдэн хувиар бууруулна гэхээр худлаа болчихож байгаа юм. Харин эрсдэлээс сэргийлэх ямар бодлого боловсруулах вэ гэдгийг ярих ёстой. Хөтөлбөр боловсруулж хийх ажлаа жагсаагаад хэрэгжүүлнэ. Энд төрийн оролцоо хэрэгтэй байгаа юм.

-Галын эрсдэлийг иргэд мэддэг. Тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Эрүүл мэндийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах талаар юу хийдэг бол?

-Эрүүл мэндийн эрсдэл өсөн нэмэгдэхээс гадна хүрээгээ тэлж байгаа нь судалгаанаас харагдсан.

-Яаж сэргийлэх вэ?

-Хоол хүнснээс эхлээд амьдралын хэв маягаа өөрчлөх гээд олон арга хэмжээ авах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал маш чухал.

-Агаар, хөрсний бохирдол хамгийн аюултайд тооцогдоно биз дээ?

-Бидний судалгаанд энэ аюул хамрагдаагүй. Учир нь энэ талын статистик байдаггүй. Хэрэв энэ судалгаанд хамрагдсан бол эрүүл мэндийн эрсдэлийн индекс бүр аюултай түвшинд гарна. Агаар, хөрсний бохирдол дам утгаараа нөлөөлдөг. Гэтэл энэ талаар хийсэн тоон үзүүлэлтийн судалгаа огт байдаггүй юм байна.

-Эрсдэлийн учруулсан, ирээдүйд учруулах хохирлын тоон үзүүлэлт байдаг уу?

-2015 оны судалгаанд тулгуурласан тоон үзүүлэлт гаргасан. Тус онд нийтдээ нэг их наяд шахам төгрөгийн хохирол учирсан байдаг. Энэ зөвхөн шууд хохирлын хэмжээ. Дам хохирлыг тооцвол бүр их тоо гарна.

-Дам хохирол гэдэг нь.

-Та эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийлгэхээс гадна эмнэлэгт очих, ажлаасаа чөлөө авах, эргэж тойруулах гээд олон төрлийн зардал гардаг. Гэтэл энэ бүхнийг тооцохгүйгээр зөвхөн эмнэлгийн зардлыг нь судалгаанд хамруулсан. Алдагдсан боломжуудыг тоогоор илэрхийлээгүй байхад ийм өндөр хохирол гарч байна. Зарим тохиолдолд шууд хохирлоосоо дам хохирол илүү байдаг.

-Эрсдэлээс хамгаалах, даван туулах хууль, эрх зүйн орчин манайд байна уу?

-Тодорхой хэмжээгээр бий. Манайд эрсдэлээс хамгаалах төрийн 20 орчим байгууллага байдаг. Нэг тал төрийн байгууллагууд. Энд Онцгой байдлын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалалах газар, Түргэн тусламж гэх мэтийн байгууллагууд хамрагдана. Тэтгэврийн сан хүртэл эрсдэлээс хамгаалах байгууллагад тооцогдоно. Нөгөө талд нь хувийн болон ТББ-ууд байдаг. Төр дангаараа эрсдэлийг үүрч чаддаггүй. Тиймээс хувийн хэвшил энэ ачааг үүрэлцдэг туршлага дэлхий дахинд түгээмэл болсон. Энэ утгаараа манайд хувийн даатгалын компаниуд байгуулагдсан.

-Хувийн хэдэн даатгалын компани, хэр хэмжээний эрсдэлийг даатгасан тухай судалгаа бий юу?

-Иргэдийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Даатгал гэдэг маань иргэдийн дундын сан шүү дээ. Багахан хэмжээний мөнгө төлөөд томоохон эрсдэлийг давах зарчим дээр үндэслэсэн тогтолцоо. Даатгалын компаниудын нөөцийн сан 150 орчим тэрбум төгрөг. Хураамжийн орлого 110 тэрбум төгрөг.

-Энэ зөрүүг яаж нөхөх вэ?

-Эрсдэлээ давхар даатгал буюу олон улсын зах зээл дээр тараан байршуулах замаар том эрсдэлээс сэргийлдэг.

-Би танай компанид итгээд даатгуулчихлаа. Дампуурахгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

-Богино хугацааны даатгалын хувьд нэг их асуудал үүсэхгүй байгаа юм. Харин урт хугацааны даатгал иргэдийн сэтгэлийг түгшээдэг. Олон хүн ийм асуулт тавьдаг. Ердийн даатгалын компаниудын хувьд нэг жилийн гэрээ хийдэг болохоор иргэд итгэдэг. Харин урт хугацааны даатгалын хувьд л эргэлзээ төрж, иргэд болгоомжлоод байна.

-Жишээлбэл насны даатгал гэсэн урт хугацааны даатгал хэр урагштай байна?

-Нэг их сайн явахгүй байгаа юм шиг байна. Манайхны сэтгэлгээ уламжлалт бус урт хугацааны даатгалд дасан зохицоход хэцүү байх шиг байна.

-Гадныхан бас оролцсон. Тэд юу ярьж байна?

-Тэд аль нэг намаас хараат бус. Асуудалд шууд мэргэжлийн үүднээс хандаж байна.

-Жишээлбэл?

-Би эрсдэлийн удирдлага манайд том компаниудад хэрэгжиж эхэлж байна гэж байхад гадныхан шууд “Монголд эрсдэлийн удирдлага байхгүй” гэж байна.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *