Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө
Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна.
Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.
2016 оны төсвийн тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэн, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулсан билээ.
Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан.
Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байна. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг юм. Энэ тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.
Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо
Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
- Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг
- Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг
- Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
- Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
- Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
- Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
- Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
- Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар болж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Тэмдэглэлт ой, баяр ёслолд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө зарцуулахгүй
Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ.
Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.
Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм.
Тэтгэвэр авагч банкаа сонгох эрхтэй боллоо
Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь Улаанбаатар, Хас, Чингис хаан, Худалдаа хөгжлийн банкаар тэтгэврээ авч байна.
Одоогийн байдлаар тэтгэвэр авагч нь тэтгэврээ авах банкаа сонгох тухай нэгдсэн зохицуулалт байхгүй бөгөөд тэдний өмнөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс банкийг нь сонгож өгдөг. Үүнийг өөрчилж, тухайн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаараа тэтгэврээ авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Иргэн тэтгэвэр авах банкаа сонгох хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад гаргах юм.
Банкаа өөрөө сонгодог болсноор банкуудын дунд өрсөлдөөн үүсч, үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдал сайжрах, үйлчилгээний шимтгэл, хураамж багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Аж ахуйн нэгжүүд түлш, шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 81900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.
Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 7,530 тонн, АИ-92 автобензин 28,200 тонн, дизелийн түлш 48,900 тонн нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт дүнгээр 84,720 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.
2015 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл хугацаанд дээрх аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж 982 мянга гаруй тонн шатахуун импортоор оруулж иржээ.
С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ
Элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.
С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Энэ оны есдүгээр сарын байдлаар С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн “Харвони” эмийг уусан бөгөөд эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг харахад 98.9 хувьд нь вирус тоологдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.
Цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэн шийднэ
Төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй дараах зардалтай холбоотой асуудлыг 2016 оны есдүгээр сарын есний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Үүнд:
- Цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг өр төлбөрийг барагдуулах;
- Байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтооомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;
- Бүтцийн өөрчлөлттэй холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал зэргийг эцэслэн шийдвэрлэх юм.
МАК компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө
“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.
Уг төсөлд зарцуулагдах 32.231.104.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад даалгалаа.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох юм.
150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.
Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна.
“АСЕМ-ын өдөр”-тэй болохыг дэмжив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэв.
2016 оны долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ач холбогдлыг тодруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “АСЕМ-ын өдөр” болгох зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив. Гэхдээ гуравдугаар сард баяр, тэмдэглэлт өдөр олон таардаг тул жил бүрийн 10 дугаар сарын 17-ныг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх саналыг уламжлахаар тогтлоо.
40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт болно
“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ.
Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Олон улсын нэр хүнд бүхий наадмын бэлтгэлийг хангах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт үүрэг болголоо.
Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлжээ.
Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө. Өмнөх жилүүдэд академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ.
Товч мэдээ
- Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
- “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Санамж бичиг нь 19 зүйлтэй бөгөөд хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ач холбогдолтой бичиг баримт юм. Австрали Улс манай улсад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол, Австралийн олоборлох үйлдвэрлэлийн төсөл”, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлж байна.
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчилж орон тооны дээд хязгаарыг 95 байхаар тогтов. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүлэв.
- Нялх, балчир хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
- Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг энэ сард, Монгол Улсын үндэсний спортын ууган мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай тогтоол гаргалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурьт даалгав.
- Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5, 21.6, 21.7-д заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд удирдлага, менежментийн чиглэлээр Х.Чилаажавыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д санал болгохоор тогтлоо.
- “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх юм.
- ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN