Categories
гадаад мэдээ

Турк улс Европын “хоёр нүүрнээс” залхаж байгаагаа мэдэгдлээ

Турк улс Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээрээс залхаж байгааг тус улсын гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өчигдөр буюу Мягмар гарагт Анкарад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр Туркэд айлчилж байгаа Германы гадаад хэргийн сайд Франк Уолтер Штейнмайертай уулзсаны дараа хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

11 жил үргэлжилж байгаа яриа хэлэлцээр сүүлийн үед Туркэд үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдлаас болоод бүтэшгүй зүйл болон хувирч байгаа аж. “Бид Туркийг шүүмжилсэн мэдэгдлээс үнэхээр залхаж байна. Шалгуур нь тодорхой байгаа боловч тэд бидэнд хоёр нүүр гаргасан хэвээр байгаа юм. Энэ нь биднийг бухимдуулж байна” хэмээн Чавушоглу хэвлэлийн хурлын үеэр өгүүлжээ.

Хэдийгээр Сириэс ирэх дүрвэгсдийн урсгалыг зохицуулахад нь Европт Турк улс хэрэгтэй боловч өнгөрсөн долдугаар сард гарсан төрийн эргэлтийн оролдлогын дараа сөрөг хүчинтэй харьцаж буй Анкарагийн хандлага эргэлзээ төрүүлж эхэлсэн юм.

Хамгийн сүүлд гэхэд Европын Холбоо хэрвээ Турк улс цаазын ялыг сэргээвэл тус холбоонд нэгдэх явцыг бүр мөсөн дуусгана гэж мэдэгдээд байгаа.

Германы гадаад хэргийн сайд энэ үеэр төрийн эргэлт хийх оролдлогын дараа иргэдийг бөөнөөр баривчилсан, хэвлэл мэдээллийн сувгуудыг хаасан зэрэг Анкарагийн үйлдэлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сараас хойш Туркийн эрх баригчдын авсан арга хэмжээнд нийт 110 мянган хүн янз бүрийн хэлбэрээр өртөөд байгаагийн 36,000 нь баривчлагдсан юм.

Турк улс Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж өгснийхөө хариуд иргэдээ Европт визгүй аялуулах тохиролцоо хийсэн. Гэвч Брюссель үүнээс өмнө Анкараг терроризмтай тэмцэх хуулиа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Хэт өргөн хүрээг хамарсан гэж шүүмжилж байгаа уг хуулийг өөрчлөхөөс Турк удаа дараа татгалзаад байна.

Туркийн ерөнхий сайд Бинали Илдирим өчигдөр парламент дахь өөрийн намын гишүүдийн өмнө үг хэлэхдээ “Тэд биднийг терроризмтай тэмцэх тэмцлээс ухраах юм уу зогсоож чадахгүй. Европын Холбооны элч нар Туркэд хууль хэрхэн үйлчлэхийг заах ёсгүй” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *