Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат засгийн газрын 100 хоногоо сэтгүүлчдэд тайлагнах үеэрээ гадны хэд хэдэн улсаас зээл авах асуудлаар хүсэлтээ уламжилсан гэж тодотгож байсан. Тухайлбал, Засгийн газрын зүгээс БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг улсуудаас албан ёсоор зээл хүсээд байгаа аж.
Үүнд урд хөршөөс 4.2 тэрбум ам.долларын зээл авах хүсэлт тавьсан нь тодорхой болсон. Уг зээлийг 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй авна гэгдэж байсан ч урд хөршөөс зээлийн хүүгээ 5-аас 7 хувьд хүргэх асуудлыг тавьсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй. Харин Япон улсын хувьд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, макро эдийн засгийн түвшин тогтворжиж эхлэх үеэр зээл олгох асуудлыг ярьж болно гэсэн шийд өгсөн байна.