ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран сэтгүүл зүйн оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын VII наадам ирэх сард болно. Их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлж, тэдний онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулах замаар ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих зорилготой тус наадам нь энэ сарын 25-нд сүүлийн бүтээлээ хүлээн авч дуусах ажээ.
Энэхүү уралдааны талаар ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаагаас тодрууллаа. Тэрбээр “Жил тутам өргөжин тэлж буй “Алтан үзэг” наадамд оролцох оюутнуудын бүтээлийн чанар чансаа ч сайжирсаар байна. Энэ нь сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, уг мэргэжлээр суралцагч оюутнуудад ур ухаанаа дайчлан, авьяас чадвараа нээх боломжийг олгож байдаг тус наадмын үр нөлөөг илтгэж байна. Оюутнууддаа хандаж хэлэхэд, уралдаанд нэг оролцогч гурав хүртэлх тооны бүтээл илгээх боломжтой. Тухайн оюутны бүтээл нь сэтгүүл зүйн түгээмэл зарчим, нийтлэг үүрэгт нийцсэн байх шаардлагатай. Мөн бодит үнэнд нийцсэн байх хэрэгтэй. Энэ утгаараа уралдаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн, олон нийтийг зөв зан үйлд уриалсан, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх зорилго бүхий видео бүтээлийн төрлийг 2012 оноос шинээр оруулан өдгөө хүрлээ. Нэвтрүүлгийн төрөл нь гол санаа, дэвшүүлсэн асуудал, ур хийц зэргийг харгалздаг, оролцогчоос ихээхэн хөдөлмөр шаарддаг төрөл юм. Иймд нэвтрүүлгийг ганцаарчилсан болон багаар хийсэн байж болно. 10-аас 15 минутын хугацаатай байх шаардлагатай. Харин радио нэвтрүүлгийн төрөлд ирүүлэх бүтээлийн тоо жилээс жилд өсч буйд зохион байгуулагч бид баяртай байна. Бүтээлийн тоо өссөний хэрээр радио нэвтрүүлгийн үндсэн шаардлагыг хангасан, эх бичвэрийн, дуу чимээний зохист харьцааг тохируулсан 10-аас 15 минутын бүтээлийг хүлээн авна. Баримтад гэрэл зургийн төрөлд зөвхөн оролцогчийн авсан гэрэг зураг байх ёстой бөгөөд бүтээл бүр өөрийн нэр, тайлбартай байх хэрэгтэй. Гэрэл зурагт эвлүүлэг ашиглаагүй, нэмэлт чимэглэлгүй, бодит байдлыг харуулсан гэх мэт олон шаардлага тавьж байгаа. Тэр ч утгаараа энэхүү наадам жилээс жилд оролцож буй оюутнуудын ирүүлсэн бүтээлийн чанар, болоод ур чадвар нь өсч байна. Энэ жилийн наадмын гол онцлог нь өмнөх жилүүдээсээ илүү өргөн хүрээтэй зохион байгуулагдах болно. “Алтан үзэг” анхны наадмаас эхлэн “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин хамтран ажиллаж, өөрийн нэрэмжит шагнал, төгсөөд сониндоо ажиллах эрх олгодог уламжлал тогтсон билээ.” гэв.
Оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадмын “Гранпри”- байрт орсон оюутанд, өргөмжлөл, 500.000 төгрөг, төрөл тус бүрээс нэгдүгээр байр өргөмжлөл, 200.000 төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл, 150.000 төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл, 100.000 төгрөг тус тус олгохоор болжээ. Харин наадмын шагнал гардуулах ёслол ирэх сарын 3-нд болох аж.
Түрүү жилийн “Алтан үзэг” наадмын “Гранпри” байрт орсон “Томъёогүй хүнс” бүтээлийг хүргэе.
Э.МӨНХ