Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийн барилгыг Улсын комисс хүлээн авлаа

Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын тендерийн гүйцэтгэгчээр Ховдын Тулга ХХК шалгарч 2012 онд ажлаа эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтад орж, Улсын комисс хүлээж авлаа.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болоод холбогдох салбарын хүмүүс тус бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор олон давуу тал бүрдэж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 7000 м куб хүчин чадалтай бөгөөд хоногт 3400-3800 м куб усыг цэвэрлэх юм байна. Усыг цэвэрлэхдээ механик арга, халдваргүйжүүлэх арга, байгалийн арга, биологийн арга гээд дөрвөн дамжлагаар шүүж, идэвхтэй бактер устаж бүрэн цэвэрлэнэ гэдгийг инженер техникийн албаныхан онцолж байлаа.

Уг нь цэвэрлэх байгууламжийн тендер 2009 онд зарлагдаж, 2012 онд барилгын ажил эхэлсэн боловч жил дамнан явсаар өнөөдөр ашиглалтад орж байна. Барилгын ажил удаашрах болсон шалтгаан нь төсөв мөнгө шийдэгдэхгүй байсантай холбоотой гэж гүйцэтгэгч ХХК-иас тайлбарлаж байна.

Энэхүү цэвэрлэх байгууламжид SJC хлорын төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ нь АНУ-ын дэвшилтэт технологи дээр түшиглэн олон удаагийн туршилт судалгааны үндсэн дээр бий болгосон төхөөрөмж юм. Гүйцэтгэгч ХХК-ийн хувьд барилга байгууламжийн ажлаа барьж дуусаад 45 хоногийн хугацаанд туршилт хийсний дараагаар ийнхүү улсын комисст хүлээлгэн өгч байна.

Барилгын тухай хуулиндаа ямар нэгэн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ХХК баталгаат хугацаа өгдөг. Тэгвэл тус ХХК гурван жилийн баталгаа өгч буй юм. Энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарвал гүйцэтгэгч ХХК хариуцна гэдгээ амласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *