Categories
мэдээ нийгэм

Малчдыг малаас нь дээш гаргахгүй бол мөнгө олно гэж бодолтгүй

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэн ярилцлагадаа 1990 онд хэлсэн гадны хүний хатуу үгийг сануулсан байдаг. Ерөнхий сайд маань хямрал нүүрлэж байгааг санаашран тайлбарлаж. Гэтэл нөгөө нөхөр нь “22 сая малтай хоёрхон сая хүн өлсөнө гэж байхгүй. 24 сая мал биш биз дээ” хэмээн хэлсэн гэдэг. Мөн хэдхэн жилийн өмнө Японы мэргэжилтэн “Танайд хямрал биш, хулгай нүүрлэж байна” гэжээ. Харин өнөөдөр 60 сая малтай Монгол Улс 20 тэрбум долларын өртэй сууж байна. Мал өсөх тусам өр нэмэгддэг мэт сэтгэгдэл төрнө. Зах зээлийн эдийн засагтай оронд бол манай малчид тэрбумтан биш гэхэд саятан байх боломжтой. Гэхдээ манай эдийн засгийн өнөөгийн тогтолцоо тэднийг тэрбумтан бүү хэл саятан болох боломж олгохгүй. Тэдэнд байдаг ганц гялтайх зүйл нь “Мянгат малчин” цол. Түүндээ баярлана гэж жигтэйхэн. Гэтэл махны үнэ мянган төгрөгөөр буухад л өвс, усны асуудалд малчид сөхөрнө. Зах зээлийн эдийн засагтай оронд “Мянгат малчид” дундаж давхаргын асар хүчтэй бүлэглэлд тооцогдоно. Дэлхийн зах зээл дээр нэг хонь амьдаараа 250-300 ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ жишгээр тооцвол мянган хоньтой малчин 300 орчим мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 700 сая төгрөгтэй иргэн. Хүүхдийн сургалтын төлбөр, хотын төв дэх ганц өрөө байрны тухай ярих нь тэдэнд ичгүүртэй санагдана. Харамсалтай нь өнөөдөр малчны хотон дахь амьд хонь 80 мянган төгрөг буюу 30 гаруйхан ам.доллар байна. Энэ тохиолдолд мянган хоньтой малчин 30 мянган ам.доллартай гэсэн үг. Энэ мөнгөөр нэг өрөө байр авч хүрэхгүй. Хүрлээ гэхэд маргааш нь үр хүүхэдтэйгээ өвс идэхээс өөр замгүй.

Гэтэл өчигдөр Тайванийн дээд сургуульд доктор хамгаалж, сургуульдаа багшаар ажиллаж байгаа нэгэн монгол эмэгтэй нэхийгээр хийсэн дэвсгэр 120 ам.доллар байгаа тухай “жиргэв”. Түүнээс энэ тухай тодруулахад “Австрали, Шинэ Зеландын хонины нэхий 180х110 см хэмжээтэй дээд зэргийн боловсруулсан арьс гэсэн байна. Энд уг нь халуун дулаан газар. Гэхдээ голдуу плита, модон шалтай (монгол шиг дрож хивс дэвсдэггүй) тасалгаандаа агааржуулагч их ажиллуулдаг болохоор шалнаасаа зөөлөн, дулаахан органик нэхийг их авдаг” гэсэн хариу өгсөн юм. Бог малын өлөн гэдэс гэж бас чухал түүхий эд өндөр хөгжилтэй орнуудад маш үнэтэй зарагддаг гэнэ. Өлөн гэдсийг өндөр зэрэглэлийн хиам, газар болон агаарын теннисийн цохиур, мэс заслын оёдлын утас зэрэг маш өндөр зэрэглэлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана. Гэтэл 60 сая хоньтой Монгол ядуугаараа гайхуулаад зогсохгүй, албатай юм шиг дэлхий даяар зээл нэхэн бэдэрч явна. Дэлхий дээр уул уурхайн эрдсийн үнэ л буурсан. Бусад бүтээгдэхүүний үнэ хэвийн байна. Малын арьсаа тансаг зэрэглэлийн тавилгын, үндэстэн дамнасан автомашин үйлдвэрлэлийн, брэнд хувцасны компаниудад борлуулах зах зээл хангалттай бий. Бидний жилд гаргадаг арван сая малын түүхий эд энэ зах зээлийн дусал төдий хэмжээ. Дэлхийн хамгийн том зах зээл БНХАУ, ОХУ, асар баян Арабын ертөнц монгол малын махыг авахад бэлэн. Индонези улс шүлхий гарсан газраас ч мах авахад бэлэн гэдгээ манай Элчин сайдад мэдэгджээ.

Манай малчид дэлхийн зах зээлээс чамгүй ногоон зулгааж, Монголын эдийн засгийг авч явах боломжтой. Харин малчид маань өвчтэй хонио нийслэлчүүдэд үнэтэй шахахыг оролдохоос өөрийг үл хийж байна. Саяхан хүнсний захуудад хийсэн шалгалтаар маханд ивомек гэдэг тариаг ихээр шахсан нь илэрсэн. Энэ нь урагт ноцтой нөлөөлөх тухай мэргэжилтэн ярьж байна. Эндээс манай малын махыг гадныхан бүү хэл өөрсдөө идэх боломжтой юу гэсэн асуулт гарна.

ХХАА сайд асан Р.Бурмаа нэг тэрбум долларын мах экспортлох боломжтой тухай мэдэгдэж байсан. Түүний үг улс төрийн хийрхэлд дарагдаад өнгөрсөн. Үнэн хэрэгтээ бид хөршүүддээ нэг бүү хэл тэрбум долларын мах гаргах боломжтой. Социализмын үед монголчууд 9.6 сая төл хүлээж авч, 700 мянган тонн мах гаргаж байсан гэнэ. Энэ нь зөвхөн ЗХУ-д гаргасан махны хэмжээ. Одоо түүнээс дутахгүй их махны зах зээл өмнөд хөршид байна.

Мэргэжилтний тайлбараар бол хөршүүд мах авахад бэлэн. Гэхдээ зөвхөн ямар нэгэн өвчингүй малын мах авна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулах шаардлага тавина. Гэтэл манай улсад жил бүр малын элдэв өвчин гардаг. Олон улсын байгууллага манай улсын нутаг дэвсгэрийг баруун, төв, зүүн бүсэд хуваажээ. Аль нэг бүсэд малын өвчин гарахад л тухайн бүсээс таван жил мах авахыг хориглоно. Дэлхийн томоохон машин үйлдвэрлэг компанийн төлөөлөгч манай малын арьсыг үзчихээд “Суудлын бүрээс бүү хэл, рулийн бүрээс хийх боломжгүй” гэчихээд буцсан аж. Хэргийн учир малын арьсанд шигсэн элдэв хачиг шавьжны нүх нядалж байхад мэдэгддэггүй боловч үйлдвэрийн боловсруулалтад ороход хуруу ором том болж хувирна. Нэг залхуу малчин малаа вакцинжуулаагүйгээс болж тухайн бүс нутгийн 20 шахам сая мал үнэгүйдэж, 20-30 мянган өрхийн орлого таван жил хаагдана.

Нэг бол өвчтэй гээд голох, эрүүл байсан ч арьс нь шаардлага хангахгүй учраас л малчид маань нийслэлчүүдээс өөр махаа шахах зах зээлгүй болсон. Махны үнэ унаснаас Монгол Улс инфляцигүй болсон. Энэ тийм ч их олзуурхаад байх зүйл биш. Учир нь ХАА-н бүтээгдэхүүний үнийн бууралт нь нийт хүн амын 30 хувийн орлогыг бууруулна. Гэхдээ энэ нь нийслэлчүүд үнэтэй мах идэж ХАА-гаа босгоно гэсэн үг биш. ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг юм.

Малын өвчин гарах нөхцөл маш энгийн. Бараг санаатай зохион байгуулсан тогтолцоо гэж хардмаар. Учир нь халдварт өвчин гарах бүрт төрөөс хэдэн тэрбум төгрөг гаргана. Түүгээр нь вакцин нийлүүлэх ажил гэж бөөн бизнес. Жинхэнэ, хуурамч, хугацаа дууссан, дуусаагүй гэсэн бөөн дайн үүснэ.

Мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт Үндсэн хуульд бий. Энэ хуулийг баталсан сүүлчийн Ардын их хуралд олон нэгдлийн дарга байсан. Зүй нь хувийн өмч халдашгүй гэдэг заалтад мал хамрагдаж л байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар малын вакцинжуулалтыг төр хариуцна. Төр малын эрүүл мэндийг хариуцсаны гор нь жилд арав хүрэхгүй мянган тонн махны экспорт. Жил бүр нийт малын 30 хүрэхгүй хувьд вакцин хийнэ. Үлдсэн 70 хувь нь өвчилбөл дахиад л төр мөнгө гаргана. Тэр бүү хэл мал өвчилсан малчинд нөхөн олговор олгоно. Тэр олговор нь зах зээлийн үнэ.

Өнөөдөр малчны хотонд нэг хонь 60-70 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Харин Улаанбаатарт 20 орчим хувь илүү үнээр борлогдоно. Энэ тохиолдолд малчин хот орж малаа борлуулах нь ашиггүй. Ченжид өгөөд ялгаагүй. Харин шүлхийтвэл төрөөс 20 хувийн нэмэгдэлтэй үнэ авчихна. Тэгвэл Өмнөд Монголын нэгэн иргэний ярьсанаар бол мал нь өвчилсан малчин ялтай. Малыг устгаад зогсохгүй өндөр торгууль төлнө. Ийм байхад малаа өвчин тусгахгүйн төлөө л зүтгэж таарна.

Энэ жилээс эхлэн малчид малынхаа үс арьс, эрүүл мэндэд анхаарал тавих зардлыг өөрсдөө хариуцдаг болчихвол ганцхан жилийн дотор мал эрүүлжих тухай мэргэжилтэн ярьж байна. Эс тэгвээс мал нь өвчин тусвал малчин баярладаг тогтолцоо Монголд үүснэ гэнэ.

Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *