Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Бид дэлхийн боловсролын систем рүү орох ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Таныг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байхад ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлсэн “Кембридж”-ийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаагаас ярилцлагаа эхэлье. Энэ хөтөлбөр өнөөдөр хичнээн сургууль дээр явдаг юм бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шилжилт зургаан жил үргэлжилж байна. Дахиад хоёр жил хэрэгжүүлээд дуусгачихвал эцсийн үр дүнг нь үзнэ дээ. Энэ хөтөлбөр бүх сургууль дээр явж байгаа. Хүмүүс хос хэлний сургалттай гурван сургууль дээр хэрэгждэг гэж ойлгоод байдаг. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд бол хос хэлний хөтөлбөртэй. Эдгээр сургуулиудын зорилго нь сургалтын хөтөлбөрөө туршаад, Монголын нөхцөлд тохирсон хөтөлбөрийг гаргах юм. Дээрээс нь 41 үндэсний лаборатори сургууль байна. Аймаг, дүүрэг болгоноос нэг, нэг сургууль багтсан. Тэнд олон улсын лаборатори сургуульд туршигдсан хөтөлбөрүүдийг Монголын нөхцөлдөө оруулж ирээд тухайн дүүрэг, сумдынхаа бусад багш нарыг сургах ёстой. Тиймээс үндэсний лаборатори сургууль гэж нэрлэгдэж байгаа юм. Хоёр жилийн дараа гэхэд яг 12 жилийн шилжилтээ хийж дуусангуут хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. “Монголын боловсролын систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартдаа орчихжээ” гэсэн дүн авах зорилготой эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа юм.

-Энэ жилээс сурагчдын хичээлийг кредит цагаар тооцох болсонд хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ойлголт муутай байх шиг байна?

-Олон улсад мөрдөгддөг системээр хүүхдүүд ахлах ангид ороод ирэхээр мэргэжлийнхээ чиглэл рүү хуваагддаг. Манайх бол сургуулиа төгстөлөө бүгд нэг хичээл үздэг. Харин олон улсад төгсөх ангийн сурагчид мэргэжлийн чиглэл рүүгээ явах учраас их сургуулийн бэлтгэл болгоод кредитийн үнэлгээнүүд орж эхэлдэг. Үүнийг манайд өнөө жилээс мөрдөж эхэлж байгаа болохоор багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд тийм ч сайн ойлголтгүй байна. Хэрэв эмч болох сонирхолтой хүүхэд байлаа гэхэд хими, биологийн хичээл нь чухал. Сэтгүүлч болох хүсэлтэй сурагчид дээд математик хэрэггүй. Харин математикаа хөнгөрүүлсэн хэлбэрээр үзээд нийгэм, түүх, монгол хэлнийхээ хичээлийг түлхүү судлах юм. Кредит үнэлгээ гэдэг бол хүүхдүүдийг ингэж мэргэжлийн чиглэл рүү нь оруулж байгаа хэлбэр. -Энэ систем цаашид тогтвортой мөрдөгдөөд явна биз дээ?

-XX зуунд бид Зөвлөлтийн боловсролыг хуулж хөгжилд хүрсэн шүү дээ. Одоо XXI зуунд дэлхийн боловсролын систем рүү орох ёстой. Бид тэрийгээ дагаж хөгжье гэж байгаа юм. Монголчуудад зааж байсан ОХУ энэ систем рүү шилжээд арван жил болсон байна. Тэгэхээр бид хоцрогдож болохгүй. Мэдээж тэр систем рүү ороход нэлээд бэрхшээл бий. Олон жил уламжлалт системээр бэлтгэгдсэн багш нар ойлгохгүй байх зовлон байна. Ямартай ч бид үүнийг даван туулаад дэлхийд хүүхдийг яаж бэлтгэдэг яг тэр системээр нь явъя гэж байгаа юм. Манайхан “Кембридж” гэхээр англи хичээл заах нь гэж ойлгодог. Энэ ташаа ойлголт. Хятад, англи, монгол математик гэж байхгүй. Хоёр хоёрын дөрөв гэдгийг бүгд мэднэ. Англид тавдугаар ангийн хүүхэд математикийн хичээлд юу үздэг яг тэрийг нь заадаг болъё гэж байгаа юм. Тэгэхээр энэ системд орж байгаагийн гол шалтгаан нь манай Монголын хүүхэд Англи, Герман, Франц, АНУ-д сурч байгаа хүүхдүүдээс дутуу мэдлэг авч болохгүй. Гол зорилго нь энэ.

-Ингэхэд Монголын боловсрол дэлхийн хаахна явдаг юм бол?

-Манайх муу боловсролтой биш юм билээ. Энэ реформыг эхэлж байхад ямар асуудал гарсан бэ гэвэл математикийн хувьд зааж байгаа агуулга нь 10 хувь бага байсан. Хамгийн муу нь химийн агуулга байсан. Одоо тэр дутуу агуулгыг нь нэмж байгаа юм. 12 жилийн дараа баруунд хүүхэд ямар мэдлэгтэй төгсөнө, Монголын хүүхэд яг л тийм мэдлэгтэй төгсөх ёстой. “Кембридж”-ийн хөтөлбөрийг нэвтрүүлэхдээ дандаа байгалийн шинжлэх ухаан дээр суурилсан. Харин нийт хөтөлбөрөө бүгдийг нь шинэчилж байгаа нь “Цөм” хөтөлбөр болчихоод байгаа юм. Олон улсын стандартад орно гээд арван жилийнхээ сургалтыг 12 жил болгож сунгасан шүү дээ. Тэнд заадаг агуулгыг нь бүрэн хэмжээгээр өгч чадаагүй. Одоо мэдээж 10 болон 12 жилд авч байгаа мэдлэг өөр байж таарна. Тэгэхээр тэр 12 жилд авдаг мэдлэгээс дутууг нь нөхнө. Тэрнээс монгол хүүхдийг англи болгочихъё гэсэн юм огт байхгүй. Тэр бодлого л одоо үргэлжлээд явж байгаа хэрэг. Цаг хугацааны хувьд амаргүй. Нэлээд олон жилийн хөдөлмөр гарна л даа.

-Тэгэхээр 12 жилийн тогтолцоотой болсон хэрнээ 10 жилд үздэг байсан хичээлийг сунгачихсан гэсэн үг үү?

-Миний хувьд яг тэгж хэлж чадахгүй. Агуулга бол нэмэгдсэн. Гэхдээ бас ажиглаад байхад тав, зургадугаар ангид үзэх хичээлийг сунгачихсан харагдаад байгаа юм. Жишээлбэл, миний үед цагаан толгойн баярыг шинэ жилийн өмнө хийдэг байсан. Харин одоо хавар дөрөвдүгээр сард бүх үсгээ үзэж дуусгаад эрдмийн баяраа тэмдэглэж байх жишээтэй. Энэ бол хичээлийн хөтөлбөрийг сунгасныг харуулж байгаа юм. 12 жилийн тогтолцоотой яваад ирсэн улсуудын хувьд энэ хугацаанд ийм юм үзнэ гээд хичээлийн агуулгууд нь байж байна. Харин манайх 10 жилд үзэх программыг сунгачихсан. Өмнө 10 жил сурч төгсөөд таван жил их, дээд сургуульд сурдаг байсан. Харин одоо бол 12 жилээ төгсөөд дөрвөн жил их, дээд сургуульд сураад цаашаа магистрт явж байгаа. Эндээс харахад эцсийн дүн нь адилхан. Гэтэл доод талдаа 12 жил рүү 10 жилээ сунгачихсан юм шиг байгаа. Хичээлийн агуулга нь нэмэгдсэн ч бусад орнуудтай харьцуулахад тэр мэдлэгийг нь өгч чадахгүй байгаа юм.

-Ер нь боловсролын хөтөлбөр сайдаа дагаад дөрөв, дөрвөн жилийн хугацаатай өөрчлөгдөж байх юм. Шинэ сайд томилогдоод өөр шинэ хөтөлбөр нэвтрүүлнэ гээд л бужигнуулдаг. Боловсролын тогтолцоогоо тогтвортой үргэлжлүүлээд явж болдоггүй юм уу?

-Ерөнхий бодлого бол өөрчлөгдөхгүй байгаа. Түрүүчийн парламентын үед Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлагдсан.

Тэр бодлогыг батлахад МАН-аас миний бие ажлын хэсгийн дарга нь байсан. АН-аас С.Одонтуяа гишүүн ахалж байв. Бид ярилцаж байгаад үндсэн бодлогоо хатуу барина гэж харилцан тохиролцсон. Нэг, хоёр зөрүүтэй асуудал байсан л даа. Тэр бол системийн асуудал биш. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө гэх мэт дээр зөрөлдсөн. Харин өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн “Цөм” хөтөлбөр бол “Кембридж”-ийн хөтөлбөрийг шинэчлээд явсан ажил. Энэ “Цөм” хөтөлбөрийн реформ дуусах ёстой. Тэгэхээр боловсролын бодлогыг хөдлөөд байгаа гэж бодохгүй байна. Мэдээж, ирсэн сайд болгоны ньюансууд байна. Тэр нь гарч байгаа байх. Ж.Батсуурь сайдын хувьд хуучин хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдээс бодитойгоор хэрэгжүүлэхийг нь сонгож аваад явъя гэсэн бодлого баримталж байгаа.

-Монголын боловсролын тогтолцоог хүнээ хөгжүүлэх тал дээр сул гэсэн шүүмжлэл дагадаг. Өмнө боловсролын салбарыг удирдаж байсан хүний хувьд энэ асуудалд яаж анхаарч ажиллах вэ. Ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-Боловсролынхоо салбарт буцаж ирдэг гол зорилго бол эхэлсэн реформоо дуусгана гэсэн бодолтой байгаа. Боловсролын реформ дөрвөн жилийн ажил биш. Мэдээж янз бүрийн асуудал гарсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд үндсэн ажил нь зогсоогүй үргэлжилсэнд баяртай явна. Энэ ажлыг эхэлж байх үед Кембриджийн их сургуулийнхан ирээд надаас “Одоо та нар ямар тогтолцоо хүсээд байна вэ. Байгалийн шинжлэх ухааны юу эсвэл хүнийг хүн болгодог тогтолцоо хүсч байна уу” гэж асууж байсан юм. Жишээлбэл, XX зууны үед манайх хойд хөршөөс хуулбарлаж авсан боловсролын тогтолцоо бол Орос орон аж үйлдвэржиж байх үеийнх. Аль 1930-аад оны тогтолцоо болохоор математик, хими, физик түлхүү ордог байв. Кембриджийн их сургуулийнхны оруулж ирээд байгаа “Цөм” хөтөлбөрийн цаад гол зорилго бол хүн ямар мэргэжил хөөх нь хамаагүй. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, баяжуулдаг байх ёстой тогтолцоо. Хүн ямар мэргэжилтэй болохыг хүсч байна, тэрүүгээр нь түлхүү явуулдаг. Философи нь “Би өөрөө ийм хүн болох ёстой, үүнийхээ төлөө өөрөө өөрийгөө хөгжүүлэх ёстой” гэдэг суурийг суулгаж өгдөг тогтолцоо юм. Өмнө “Чи инженер болно” шүү гэдэг тогтолцоо байсан. Харин одоо “Чи өөрөө өөрийнхөө чиглэлээр явна шүү” гэдгээрээ ялгаатай. Энэ тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь цаг үеийн хэрэгцээ юм.

-Сурах бичгүүд нэлээд хэл ам дагуулсан. Хүүхдүүдийн сэтгэхүйд тохирохгүй сэдэв оруулж байна, алдаатай хэвлэгдлээ гэхчилэн асуудлууд бий. Сурах бичгийн чанарт хэр анхаарах вэ. Хэдэн жилийн зайтай шинэчлээд явах ёстой юм бэ?

-Яам бол сурах бичиг хариуцах болохоос гадуур хэвлэгдэж байгаа үлгэрийг хянахгүй. Сурах бичгэн дээр ганц, хоёр алдаа байна лээ. Жишээлбэл, хүүхдэд зориулсан тоо бодлогын номон дээр харагдсан. Аажмаар засаад явна. Энэ бол хөгжиж явдаг зүйл учраас гэнэт нэг өглөө засагдчихгүй. Интернэтээр яваад байгаа шиг хэтэрсэн алдаатай юм байхгүй гэдгийг хэлье.

Сурах бичгүүдийг сургалтын хөтөлбөрөө дагаж шинэчлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд үндсэндээ санхүүгийн боломжгүй байснаас хэд хэдэн сурах бичгүүдийг хийгээгүй байна. Тэгэхээр сурах бичгүүд хоцрогдох маягтай болжээ. Дараагийн нэг асуудал нь сурах бичгүүдийг дандаа их, дээд сургуулиудын багш нар боловсруулдаг болохоор онол их ордог талтай. Гэтэл дунд сургуулийн багш нар практик, даалгавар, дасгал ажил ихтэй байхыг хүсдэг. Тэрийг цэгцлэх бодолтой байна. Энэ тал дээр чиглэл даалгавар өгөөд ажиллаж байгаа. Мөн сурах бичгийг урьд нь шууд тендер зарлаад бичүүлээд авчихдаг байсан. Гэтэл хоёр өөр хүний бичсэн сурах бичиг уялдахгүй бол яах юм гэдэг асуудал нь үлдчихээд байдаг. Одоогийн явж байгаа систем дээр сурах бичгээ лаборатори сургуулиудад нэг жил ашигласны дараа эргэлтэд оруулж байгаа. Лаборатори сургуулийн багш нар тэр сурах бичгээр хичээлээ заагаад дэлгэрүүлмээр, засмаар, хумимаар байгаа сэдвүүдийг нь гаргаад ирнэ. Ийм туршилтын хугацаа гарсан учраас хэвлэлт жаахан хоцорч байгаа юм. Нөгөө талаар хүүхдэд таамгийн мэдлэг өгчихөөд байхааргүй болсон нь давуу тал юм уу даа.

-Нийслэлд олон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Байр савны асуудал мөд шийдэгдэх үү?

-Улаанбаатарт 254 бүлэг гурван ээлжээр хичээллэж байна. Анги танхимын хүрэлцээгүйгээс “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд химиэр явах сонирхолтой хүүхдүүдэд зориулсан химийн лаборатори байгуулмаар байна. Гэтэл анги танхимын боломж нь байхгүй болохоор хүүхдүүд биеийн тамир, дуу хөгжмөөр их яваад байгаа. Би хувьдаа монголчуудыг бүгдээрээ бөх барилддаг, дуучин болоосой гэж хүсэхгүй байна. Монголд инженерүүд хэрэгтэй.

Эдийн засгийн хувьд улс хүнд байгаа тул ирэх жилийн төсөвт нэг ч шинэ цэцэрлэг, сургууль баригдахгүй. Харин манай яам гадны хөрөнгө оруулалт татаж эхэлсэн. Эхний ээлжинд 29 сургуулийн өргөтгөлийн асуудлыг шийдэхээр Засгийн газрын шийдвэр нь гарчихсан. Боловсруулалтын шатандаа явж байна. Цэцэрлэггүй нэлээд олон хороо бий. Огт цэцэрлэггүй 10, төрийн өмчийн цэцэрлэггүй 26 хороо байгаа. Эдгээр хорооны цэцэрлэгийн асуудлуудыг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр ажиллаж байна. Мэдээж сургууль нэг жилд баригдахгүй. Тэгэхээр хоёр жилийн дараагаас хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ.

-Хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгийн ачааллыг хөнгөлөх байсан биз дээ?

-Би боловсролын салбарын хүн учраас энэ үйлчилгээг дэмжихгүй байгаа. Анхнаасаа ч хууль батлагдахад нь ч эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг л дээ. Нийгэмд цэцэрлэгүүдэд ор хүрэхгүй байгаа учраас үүнийг шийдэх арга зам гэж хараад байна. Хүүхэд харах үйлчилгээ бол хүүхдийг хооллоод л асраад байж байх газар. Яагаад сургуулийн өмнөх боловсрол гэдэг юм бэ гэхээр хүүхдийг сургуульд ороход нь бэлтгэл хийдэг болохоор ингэж нэрлэдэг. Цэцэрлэгээр дамжсан хүүхэд илүү сайн сурдаг нь судалгаагаар батлагдсан. Цэцэрлэгт явсан хүүхэд нийгэмшдэг, нүүр нь хагарсан байдаг болохоор илүү сурах нь мэдээж. Гэтэл бид цэцэрлэгийн ор хүрэлцээгүй гэдэг зовлонгоос үүдээд ийм үйлчилгээ гаргаад ирэхээр хүүхдийг хоёр өөр нөхцөл байдалд тавьчихаад байгаа юм. Нэг нь цэцэрлэгээр дамжаад илүү сайн сурах боломжтой байдаг. Нөгөө нь хүүхэд харах үйлчилгээ гэдэг юмаар дамжаад сургуульд орохдоо сайн сурах нь эргэлзээтэй. Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэж тусгасан. Тиймээс концессоор цэцэрлэгүүдийг барих асуудлыг шийдээд явна. Ер нь Хүүхэд харах үйлчилгээ бол манай яамны харьяа биш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарагддаг. Тэд шалгалт хийгээд үзэхэд үйлчилгээ явуулж байсан газрууд хүүхдийн аюулгүй байдал, боловсролын нөхцөлийг нь хангаагүй байсан гэсэн.

-Их, дээд сургуулиудын чанарын асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Шинэ төгсөгчид ажил дээр гараад гологдож, тэднийг ажилд авахгүй байна. Хэтэрхий олон их, дээд сургууль чанаргүй боловсрол олгож байгаатай холбон тайлбарладаг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Өнөөдөр дээд боловсролын нийлүүлэлт өндөр байна. Баян-Өлгий аймагт гэхэд 1000 гаруй багшийн орон тоо илүүдэлтэй байгаа. Тиймээс төгсөөд гарсан хүмүүсийг шүүж байгаад авах нь зүйтэй л дээ. Нөгөөтэйгүүр намайг сайд байхад Азийн хөгжлийн банктай хамтраад боловсролын чанарыг сайжруулах 20 сая ам.долларын төсөл авсан нь одоо ч хэрэгжиж байна. Тухайн үед намайг ажил авахад 154 дээд сургуультай байсан. Харин би ажлаа өгөхдөө 99 болгож цөөлсөн. Яагаад гэвэл хэт олон дээд сургууль хүнд ажил мэргэжлийн гараа болох газар гэхээс илүү бизнес болсон байсан. Тиймээс чанаргүй сургуулиудыг хаасан. Одоо 101 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол манайд ахадсан тоо. Сингапур улс гурван сая хүн амтай хэрнээ долоон дээд сургуультай. Сургуулийн тоо гэхээсээ илүү чанараар нь шахах ёстой. Хүнд олгож байгаа боловсрол гэхээсээ илүүтэйгээр төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлийнхээ чиглэлээр ажлын байртай болж байгааг хармаар байгаа юм. Өнгөрсөн жил Шүүхийн ерөнхий зөвлөл 34 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлахад 1800 хүн өрсөлдсөн байсан. Тэгэхээр бид эрэлтдээ нийцсэн систем рүү явмаар байгаа юм. Төрийн бодлого ийшээ чиглэх ёстой. Монгол Улс 1990 онд хүний эрхийг дээдэлдэг нийгэм сонгоод авчихсан учраас хүүхдийн мэргэжил сонголт дээр шахаж, тулгаж болохгүй. Харин “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ийм байна. Ховор мэргэжлүүд, өндөр цалинтай мэргэжил ийм байна” гэж эцэг, эх, хүүхдүүдэд ойлгуулж байж үүнийг зохицуулах ёстой. Гэтэл 7800 хуульч төгсч байгааг мэдэхгүй байна. Багшийн мэргэжилд төр тусдаа бодлого баримталж байгаа. Яагаад гэвэл социализмын үед сурлага нь төдийлөн өндөр биш нөхдүүд багшийн сургуульд ордог байлаа. Намайг сайд байхад төрөөс 600-гаас дээш оноотой хүүхэд Багшийн сургуульд орвол шууд сургалтын төлбөрийг төрөөс даана гэсэн бодлого гарсан. Яагаад гэвэл сайн багштай байж сайн хүүхдүүд гарна. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал гэж гаргасан. Шинэ төгссөн багш боломжийн цалинтай ажилтай байх хэрэгтэй. Тэгэхийн тулд багш нар төрийн албан хаагчийн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал авах юм. Ингэж байж сурлага сайтай хүүхдүүдийг багш руу татна. Тэд эргээд сайн хүүхэд бэлдэнэ гэсэн бодлого барина.

-Хөдөө орон нутагт ажилладаг багш нарт нэмэгдэл цалин өгдөг хэвээрээ юү?

-Хөдөөгийн багш нар таван жилийн нэмэгдэл цалин авч байгаа. Мөн тэтгэвэрт

авч байна. Монгол Улсын иргэн суурь боловсрол эзэмших эрхтэй гээд заачихсан. Тэгэхээр хамгийн захын суманд ч мэргэжлийн багш нар байх ёстой. Тиймээс хөдөө орон нутгийн багш нарын нэмэгдэл цалин гэдгийг бий болгосон. Үүний хүчинд мэргэжлийн багшийн хангалт 98 хувьтай байна. Дутагдаж байгаа зүйл нь багшийн давтан сургалтын асуудал байна. Олон жил санхүүгийн нөхцөл байдлаасаа болоод энэ мэргэжил дээшлүүлэх ажил хоцрогдчихсон. Тиймээс 2011 онд багшийн мэргэжил дээшлүүлэх институт гэж байгуулсан. Ажиллаж байгаа багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх ёстой. 20 жилийн өмнө хаа нэгтээ суманд очсон багш өөрөө мэргэжил дээшлүүлэх боломжгүй. Тэгэхээр таван жил тутамд мэргэжлийг нь дээшлүүлэх юм. Сүүлийн дөрвөн жилд санхүүгийн нөхцөл байдлаас болоод санаанд хүртэл энэ ажил яваагүй юм шиг байна.

-Засгийн газраас “Оюутан зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Оюутнууд сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс дипломоо сургуульдаа барьцаалуулж, ажилд орж чадахгүй байгаа тохиолдлууд олон бий. Энэ зээлийн өгөөж нь ямар байх бол?

-Оюутны 70 мянгыг өгөх боломжгүйгээс үүдэж энэ зээлийн хөтөлбөрийг санаачилсан юм. Оюутны сургалтын төлбөрийн зээл олгосноор тухайн оюутныг хариуцлагажуулна. Тэр зээлийг оюутан өөрөө авна. Харин эцэг, эх батлан даалт болно. Тэгээд сургуулиа төгсөөд ажил хийж байгаад зээлээ төлнө. Мөн ойрын хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөр гаргана. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй оюутныг хариуцлагажуулах юм. Энэ жил 90-ээд тэрбум төгрөг тавьсан. Он дуустал энэ зээлийг олгох байх. Ирэх жил 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зээлийн хувьд гурван төрөлтэй. Эхнийх нь хүү бууруулах зээл. Хэн нэгэн жилийн 16 хувийн хүүтэй цалингийн зээл аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн байлаа гэж бодъё. Харин оюутны зээл жилийн таван хувийн хүүтэй. Тухайн эцэг, эх таван хувийн хүүтэй зээл аваад цалингийнхаа зээлийг төлөх нэг боломж байна. Хоёр дахь нь богино хугацааны зээл. Төгсөх курсын оюутан богино хугацааны зээл аваад сургалтын төлбөрөө төлөх боломжтой. Голч дүн нь хоёроос дээш байхыг шаардана. Гурав дахь нь урт хугацааны зээл юм. Энэ нь гурваас дээш голч дүнтэй оюутанд үйлчлэх зээл. Муу сурсан нөхөрт төр зээл өгөхгүй. Төгсөөд ажилд орохгүй, төлөх боломжгүй. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сайн сургах хэрэгтэй.

-Сургуулиуд дөнгөж нэгдүгээр курст элсэнгүүт нь төлбөрөө нэхдэг. Ийм нөхцөлд голч дүнгүй оюутан зээл авах боломж бий юу?

-Мэдээж голч дүн байхгүй учраас богино хугацааны зээл авна. Харин нэгдүгээр курсээ төгсөөд голч дүн нь өндөр байвал урт хугацааны зээл авч болно. Энэ нь 10 хүртэлх жилийн хугацаатай зээл. Тухайн оюутан дөрвөн жил сурч төгссөнийхөө дараа 4-5 жил ажиллаж байгаад зээлээ төлнө. Одоо ерөнхий гэрээгээ хийж байна. Арилжааны банкуудаар дамжиж зээл олгоно. Магадгүй, ажилгүй хүмүүс байвал үл хөдлөх барьцаалж болох байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *