Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг анх байгуулагдахад нь тоглоомын Засгийн газар, утсан хүүхэлдэй гэж элдвээр хэлцгээсэн. Мэргэжлийн гээд байсан нь бүүр ч худлаа гэлцэж, нүд үзүүрлэн, байгуулагдсан цагаас нь огцруулах тухай өөрийнх нь намын гишүүд хүртэл ярьж байсан. Одоо харж байхад тоглоом нь шоглоом болчих вий гэсэн шиг УИХ нь нам цохиж унагаад байгаа харагдах юм. УИХ нь сэхээ өгөхгүй балбасаар байгаад Засгийн газраа хулчгар, хулмалзсан юм болгоод хаячихлаа. Байгуулагдсанаас хойших зуун хоногт нь хэд ч цохиж өнхрүүлэв дээ. УИХ нь аль намынх, Засгийн газар нь аль намынхав. МАН сонгуульд ялж олонхи болсон болохоор Засгийн газрынхаа хийж гүйцэтгэх ажлыг дэмжээд явчих юм санасан. Гэтэл тэгсэнгүй. УИХ, Засгийн газар нь хоёр өөр намаас бүрдсэн юм шиг, дагавар хүүхдээ ад үзэж байгаа аятай хандах юм. УИХ нь олонхи болчихоод Засгийн газар хэмээх цөөнхөө намнаад байгаа ч юм шиг. Гайгүйхэн ажил хийх гээд оролдохоор нь 65-уулаа нийлж сууж байгаад сэхээгүй болтол нь цохиж унагаад баатар гавьяа байгуулсан мэт ард түмэн рүү маасайтал харж байгаад л гайхуулан ярьцгаах аж. Энэ Засгийн газарт алдаатай санал санаачилга, буруу дуугарсан зүйл зөндөө байсан. Гэхдээ бас ч гэж юм хийчих гээд оролдож байна. Ядаж л халамж хавтгайруулахыг болих гэж үзсэн. Угтаа МАН эрх барихаараа халамжаар бөмбөгдөж, ард түмнээ тэжээврүүд болгож, ажилгүй залуусын архины мөнгийг бэлдээд эхэлдэг. Идэр насны эрүүл хүмүүс халамжаас халамжийн хооронд хөлчүү голдуу өдөр хоног өнгөрөөхөд хүрдэг. Ийм байдаг болохоор, эдийн засаг хүндхэн үед халамжаа таная гээд Засгийн газар нь санал оруулаад ирэхээр тас цавчаад л буцаачих юм. Оруулж ирсэн төсвийн төслийг нь танигдахгүй болтол өөрчилж эхлэв. Хямралтай хэцүү байгааг мэдсээр байж өнөөх л тойргийнхоо ашиг сонирхлыг урдаа барьж тамлана. 1.5 тэрбумаас доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийг Засгийн газар оруулж ирэхэд УИХ бас л буцаасан. Олуулаа болсон юм чинь өөрийн Засгийн газраа дэмжээд явчихна байх гэж хэн чиг л бодож байсан. Тэгсэнгүй.
Засгийн газар хямралаас гарах гэж элдвийн л арга сэдэх юм. УИХ нь сагаж цалгиж байгаа улс аятай л хандаж, загнаад л буцааж байна. Хэт олонхи болж эрх барьж байгаа болохоор загнаж дарамтлах хүн ч олддоггүй бололтой. Өмнөх засгаа нэг зүхнэ, одоогийн засгийг нэг загнана.
Халамж хавтгайруулахыг танасан нь эдийн засгийг арай эрүүл болгох нь гэхээр УИХ болиулчихна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар” гэж хэлж хөрөнгө оруулагчдыг татах зорилгоо илэрхийлж, том төслүүдээ хөдөлгөе гэж учирлан, хамгийн гол 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан.
УИХ нь “Цахим ертөнцөд та нарыг ингэж байна. Жиргээчид та нарыг ингээд муулчихаж. “Өдрийн сонин” ингэж шүүмжлээд байна. Та нар ер нь буруу юм хийлээ” гэж өөд уруугүй яншаад оруулж ирсэн саналыг нь унагаж орхино. Угтаа бол юм хийх гээд оролдоод байгаа юм шүү дээ, Засгийн газар нь. Эдийн засгийн хямралын үед бас ч гэж гарц хайж, үзэж байна. Юм хийчих санаатай санал санаачилгууд оруулж ирж байна. Гэтэл сошиалынханд таалагдах гээд л УИХ-ын гишүүд нь жишээ авч, ажлыг нь хийлгэхгүй шүүмжлээд суучихна. Бид ч сониндоо Засгийн газрыг олонтаа шүүмжилсэн. Гэхдээ УИХ нь засгийнхаа ажлыг ингэж унагачихна гэж бодоогүй. Бидний шүүмжилснээр өлгөж аваад хэвлэлийнхэн, цахим ертөнцөд шаагьж суудаг хэдхэн нөхдөд саймшрах яах вэ. Энэ Засгийн газар чинь ард түмэндээ хэрэгтэй сайн юм хийж байвал зүгээр байх юм. Гэтэл оруулж ирсэн болгоныг нь үгүйсгээд байх юм бол энэ улс орон чинь яах болж байна.
МАН-д сөрөг хүчин ч гэж алга, сөрөг хэвлэл ч гэж бараг алга. Ардчилсан намыг эрх барьж байх үед ажил хийлгэхгүй шүүмжилж, буйдан дээр хөндөлдөж хэвтдэг байсан үе бий. Одоо УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлчихээд 65-уулаа сууж байгаа хэрнээ л өөрийнхөө Засгийн газрын ажлыг хийлгэхгүй бас хөндлөн сууж хэл амаа билүүдээд байх юм. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эрлэг нь хэвлэл мэдээлэл ч биш, сошиал ертөнц ч биш, цөөнх гэгдэх Ардчилсан намын хэдэн гишүүн ч биш, УИХ өөрөө юм байна. УИХ гэдэг чинь шуудхан хэлэхэд Ардын намын 65 гишүүн шүү дээ. Шүүмжилж болно, болохгүйг засч залруулж болно. Гэхдээ юу ч хийлгэхгүй байж болохгүй. Ямар ч байсан Гүйцэтгэх засгийнхаа ажлыг нь хийлгэ. Тэгэхгүй бол энэ Засгийн газар чинь нэг төсөл оруулж ирээд л буцааж татдаг ажилтай л болох нь. Дараагийн сонгууль болоход ард түмэн Засгийн газар нь муу ажиллаж, УИХ нь сайн ажиллаж гэж хоёр өөр дүн тавихгүй. Монгол ардын нам муу ажиллалаа гэж дүгнэнэ шүү. Нарийн яривал энэ УИХ юу хийсэн юм бэ. Өмнөх парламентынхаа баталсан хуулийг хүчингүй болгож, өөрийн Засгийн газартаа чөдөр тушаа болсон, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг та нар яагаад авчихав гэж хэрүүл хийж суусаар л өдийг хүргэсэн гээд олонхийг бүрдүүлэгч эрхэм гишүүд та нарын тухай яривал бас ярих юм бий шүү д