Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ны тоглолтуудыг шүүн явуулж буй Монгол дөрвөн шүүгч өнөөдөр нэг тоглолт дээр ажиллахаар томилогджээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй ОУХБХ-нд харъяалалтай дөрвөн шүүгч анх удаа Азийн тэмцээнд ажиллаж байгаа нь энэ удаагийнх болсон. Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас эхлэх Хятадын Тайвань Гуамын тоглолтын талбайн шүүгчээр Д.Түмэнбаяр, туслах нэг Ч.Жавхлантөгс, туслах хоёр Э.Ариунболд, дөрөвдүгээр шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ ажиллахаар томилогдсон нь Монгол шүүгчдийн баг анх удаа ОУ-ын тэмцээн шүүхээр болсон түүхэн мөч болоод байна.
Өнгөрөгч долдугаар сард Гуам улсад тус тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн болоход манай шилдэг шүүгчид болох Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар ажилласан нь монгол шүүгч олон улсын тэмцээнийг шүүн явуулсан анхны тохиолдол болж байв. Тэдний шүүлт сайн байсан тул “Зүүн ААШТ-ийн хоёрдугаар шат”-ыг Монгол дөрвөн шүүгч явуулах эрхтэй болсон. Тэрхүү тэмцээнийг Энэтхэгийн 2, Вьетнам 2, Хонг Конгийн 2, Монголын 4 шүүгч дэнсэлж байгаагаас манай шүүгчдийн ур чадварыг бэлхэнээ харж болно.
Түүнчлэн тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал ажиллаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Зүүн АХБХ-ны санхүүгийн хорооны хуралд МХБХ-ны гадаад харилцааны захирал С.Монголжингоо Хонгконгийг зорьсон. Ийн Монгол улсаа төлөөлөн ОУ-д ажиллаж байгаа залуустаа амжилт хүсье.