Нийтийн дууны залуу үеийн төлөөлөл болсон Соёлын тэргүүний ажилтан Энхболдын Чулуунчимэгтэй ярилцлаа. Тэрээр бие даасан “Сэтгэлийн зурвас” нэртэй цомгоо гаргажээ.
-Сэтгэлийн зурвас цомгоо гаргажээ. Ямар дуунууд багтсан бэ?
-Энэ миний ганцаараа гаргасан хоёр дахь цомог. Б.Болдтой хамтран хийсэн цомогтой нийлээд дөрөв дэх цомог минь бэлэн болж байна. Нийт 16 дуунаас бүрдсэн. Хуучин дуунууд болон шинэ уран бүтээлүүд минь багтсан. Энэ сардаа багтаж цомгийн баяраа хийх болно. Мөн цомгийн баяртаа зориулж “Сэтгэлийн зурвас” нэртэй теле концерт хийлээ. 2011 онд оюутан байхдаа гаргасан “Санаандгүй учирсан дурлал” цомог бол миний хамгийн анхны цомог байсан.
Дашрамд сонирхуулахад, “Эрхэмсэг” дуунд минь бүсгүйчүүд дуртай байдаг. Тиймээс мөн бүсгүйчүүддээ зориулж “Зүгээр л инээмсэглэ” гэсэн дуугаа хийж байна. Үгийг нь захиалж бичүүлсэн. Байгалийг бүсгүй хүнтэй харьцуулсан маш гоё үгтэй. “Гол мөрөн миний толь юм
Гоо сайхан миний сэтгэл юм
Уулын жимс миний будаг юм
Урьхан салхи миний сам юм” гэх мэтчилэн. Энэхүү дуугаа удахгүй дүрсжүүлэх болно. Хөгжмийн зохиолч Мөнхжаргал эгчийн уран бүтээл уянгын талдаа байдаг шүү дээ. Харин энэ дуу цоглог, эрэмгий ч гэж хэлж болохоор бүтээл байгаа. Бүсгүйчүүдийн маань сонсох дуртай дуу болно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан уран бүтээлээ зогсолтгүй хийх болно.
-Мөнгөнцэцэг, Хандмаа нартай хамтран хийсэн попури фэйсбүүкээр нэлээд хандалттай байсан. Дахиж хамтран уран бүтээл хийх үү?
-Мөнгөнцэцэг, Хандмаа бид гурав их сургуулийн нэг анги юм. Бид гурвын хоолойны тембр өөр л дөө. Өөр, өөрийн хоолойны онцлогтой учраас хамтарч уран бүтээл хийх дуртай. Нэг үеийн уран бүтээлчээс гадна дотнын найзууд. Бид гурав хамтарч “Хүндэтгэл үргэлжлэл” гэх ардын дууны попури хийж байлаа. Дараа нь хөгжмийн зохиолч Мөнхжаргалын долоон уран бүтээлийг цоморлиг болгож дуулсан. Мөн миний “Сэтгэлийн зурвас” цомогт Монгол Улсын гавьяат жүжигчин Одмаагийн 1993 онд дуулж байсан “Санаж явах ижий” гэж ард түмний хайртай сайхан дууг хамтран дууллаа. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр маш их захиалга авдаг байсан энэ дууг Одмаа эгчээсээ зөвшөөрөл авч дуулсан юм. Шинэ оны дараахан Одмаа эгчтэйгээ хамтарч клип хийхээр төлөвлөж байна.
-Таны мэргэжлийн багш хэн билээ?
-Би СУИС-д найрал дууны удирдаачийн ангид орж байсан. Дуулаачийн ангид орохын тулд хоёр шатны шалгалт өгөх ёстой байдаг юм. Гэтэл хоёрдугаар шатны шалгалтдаа уначихсан. Бүжиг бэлдэж ирэх ёстой байж л дээ. Гэхдээ дараа нь дуулаачийн ангидаа орж Найдалмаа багшийнхаа шавь нь болсон доо. Би дуурийн дуулаачийн ангийг төгссөн юм. Гэсэн ч Найдалмаа багш маань заавал дуурийн дуулаачаа хий гэж шахаж, шаарддаггүй. Хамгийн гол нь уран бүтээлээ хийгээд явахыг л зөвлөдөг. Тийм болохоор бид багшаасаа айж эмээгээд байх зүйлгүй уран бүтээлээ хийгээд явдаг. Тиймдээ ч хожсон гэж боддог шүү. Ер нь багшийн шавь нар дотор нийтийн дууны урлагт өнгөлж яваа бүсгүйчүүд олон бий. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан. Энхмэнд, Р.Дэлгэрмаа гэх мэт. Багш минь үргэлж зөвлөгөө өгдөг шүү. Их сайхан хүн дээ миний багш.
-Та гавьяат Т.Баясгалангийн фэн шоунд ээж, ааваасаа нууцаар ирж оролцож байсан гэсэн үү?
-Миний аав, ээж хоёр эрдэм, номын мөр хөөсөн, сэтгэл хөдлөл багатай тийм хүмүүс л дээ. Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй. Тийм болохоор дууны тэмцээнд оролцоно гэхээр дургүйцэх байх ч гэж бодсон юм уу, хэлэлгүй Дарханаас вагоноор ирж байлаа. Вагон 500 төгрөг байсан санагдаж байна. 2004 онд болсон шоу л даа. Багын л дуучин болохыг мөрөөддөг байсан хэрнээ тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй. Тэр шоу миний анхны тайз байсан. Гэхдээ амжилт үзүүлээгүй л дээ. Түүнээс хойш тэмцээн уралдаанд их оролцдог болсон. Миний хамгийн анхны алтан медаль хүртсэн тэмцээн дуучин болох замыг минь нээсэн гэж болно. Медальдаа гол нь биш л дээ. Тэр тэмцээнийг Ардын жүжигчин Хайдав багш шүүсэн юм. Тэмцээний дараа Хайдав гуай “Миний хүү заавал СУИС-д ороорой, дуучин болно шүү” гэсэн. Тэр үг намайг урлагт эргэлт буцалтгүй хөтөлсөн.
-Шоунд орохын тулд вокзалаас Монголын үндэсний телевиз хүртэл алхсан гэсэн…
-Тэр үед өндөр барилга ч цөөхөн байж. Үндэсний телевизийн антен хаанаас л бол хаанаас харагддаг. Цэнхэр есөн давхруудын дундуур ороод Үндэсний телевизийн антенийг чиглээд л алхаад байсан. Одоо бодоход их хол алхсан байгаа биз. Би хийнэ гэсэн зүйлээ хийж байж л санаа амардаг зантай. Тийм болохоор тэр шоунд бүр ормоор санагдаад л Дарханаас наашаа зорьж байсан хэрэг.
-Оюутан байхдаа “халтуур” их хийдэг байв уу?
-Урлагийн сургуулийн оюутнууд заавал төгсөөд уран бүтээл хийнэ гэсэн хууль байхгүй. Сурч байх хугацаандаа уран бүтээл хийж алдахдаа алдаж, туршлага хуримтлуулж байж уран бүтээлч болдог. Ер нь урлагийн сургуульд суралцаж байгаа оюутнууд сэргэлэн байвал зүгээр. Арай илүү хөдөлгөөнтэй байгаа нь дуулах урилга илүү авдаг шүү. Чаддаг юмаа хийгээд мөнгө олчихно. Би анхны уран бүтээлээ хоёрдугаар курстээ гаргаж байлаа. Одоогоос долоон жилийн өмнө юм байна. Залуу хүн болохоор гэгээлэг, хайрын сэдэвтэй дуу дуулъя гэж бодоод захиалж хийлгэсэн. Хүмүүст бас чамгүй хүрсэн гэж боддог. Их булган сүүлтэй уран бүтээл. Ар араасаа олон сайхан уран бүтээл дагуулсан. Дуулсан дуунуудаа яг тоолоогүй юм байна. Цацахгүй орхичихсон уран бүтээл ч байдаг шүү. Ер нь 80-аад дуу дуулжээ.
-Таныг бага байхад эмээ тань гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж дуудан өхөөрддөг байсан гэл үү?
-Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж сайхан дуучин бий. Намайг төрөх үед Чулуунчимэг гуай ардын болон богины дуугаар ид алдаршиж байсан үе. Тийм болохоор эмээ маань намайг ардын болон богины дуун мастер Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж явуулж, тоглодог байсан гэсэн. Эмээ минь намайг гурван настай байхад бурхан болсон л доо. Гэхдээ амны билгээс ашдын бэлгэ гэж эмээгийн минь хэлсэн үгийн хүч биелэн дуулж яваа юм болов уу гэж боддог юм.
Надад Э.Чулуунчимэг гавьяаттай хамтарч уран бүтээл хийнэ гэсэн бодол бий. Өөрт нь ч санал тавьж үзсэн. Маш сайхнаар хүлээж авсан шүү. Харин ямар уран бүтээл хамтарч хийх вэ гэдгээ бодоод л явна.
-Мэргэжлийн дуучнаас гадна аялал жуулчлалын мэргэжилтэй байх аа?
-Тийм шүү. Аялал жуулчлалын чиглэлээрээ хийе гэж бодсон юм их бий. Жуулчны баазтай болж, соёлын аялал жуулчлалд өөрийнхөө чадах чинээгээр хүч хөдөлмөрөө зориулна гэж боддог. Одоохондоо уран бүтээлдээ түлхүү анхаарал хандуулж байна. Урлаг бол тодорхой цаг хугацаатай. Хэдэн жилийн дараа шинэ залуу үе гарч ирнэ. Тэр цагт дараа, дараагийнхаа ажлыг амжуулаад явна даа.
-Нийтийн дууны төлөөлөл болсон залуу уран бүтээлчид нэлээн эв найрамдалтай байх шиг харагддаг?
-Манай үеийнхэн их эв найрамдалтай. Нэг нь тоглолт хийх үед бүгд чадах чинээгээрээ тусалдаг. Найдандоржийн тоглолт болох гэж байхад би хэвлэлийн мэдээ бичээд, нэг нь хоол хийгээд л гүйж байх жишээтэй. Билет хүргэлтэд хүн хүрэлцэхгүй бол бас нэг нь явна. Энэ мэтчилэн бүх зүйлд нь гар бие оролцож тус дэм болдог нь их сайхан санагддаг. Мөн энэ хугацаанд Болдоо бид хоёр Монгол бөхийн өргөөнд гурван тоглолт хийсэн. “Илбэе”, “Жаргалтай айл манайх”, “Хос орчлон” гэсэн тоглолтууд маань юм. Мөн л найзууд минь тус дэм болсон. Дуу хуураа ч өргөсөн. Түүнчлэн нийтийн дууны ертөнцийг тодорхойлж яваа залуу уран бүтээлчид учраас дэвшилттэй зүйлийг хийхийг зорьдог. Тоглолтуудаа аль болох өвөрмөц өнгө, аястай байлгахыг хичээдэг юм. Тоглолтын багийнхан их сайн уялдаж ажилладаг шүү. Дүрс, дуу их сайхан нийцтэй байдаг шүү. Хамгийн сүүлд Э.Чинбаяр найзын маань тоглолт боллоо. Энэхүү тоглолт эхлэлээсээ авахуулаад мөн ялгаагүй өвөрмөц болсон. Нийтийн дуу бол массын урлаг. Ардын дууны үргэлжлэл, хөгжил ч гэж ярьдаг. Тиймээс аль болох гэрэл гэгээтэй, сайхан зүйлийг ард түмэндээ хүргэх юмсан гэж хүсэж явна даа.
-Хөдөө орон нутгаар хэр их аялан тоглолт хийсэн бэ?
-Л.Болдоо бид хоёр хөдөө орон нутагт нийтдээ 300 гаруй тоглолт хийсэн байна лээ. 21 аймгаа хоёр удаа тойрч, 200-гаад суманд очиж тоглосон байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө орон нутгаар их явлаа. Мөн хилийн чанад дахь монголчуудтайгаа уулзаж ая дуугаа өргөсөн. Суманд тоглолт хийх маш гоё байдаг шүү. Халуун дулаан уур амьсгал яг л тэнд бүрддэг дээ. Ер нь аль болох л сонсогчидтойгоо ойр байдаг. Биднийг бага байхад зарим олны танил хүмүүс зургаа хамт авахуулъя гэхэд дургүйцдэг байсан нь таалагддаггүй байлаа. Тиймээс залуу уран бүтээлчдийн хувьд аль болох сонсогчидтойгоо ойр байхыг хүсдэг юм.
-Таныг туфль цуглуулах дуртай гэж сонссон. Цуглуулга нь хэр арвин болж байна вэ?
-Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн болгон өртэй гэдэг үгийг саяхан уншсан. Нээрээ л тийм шүү. Би гоё туфль харахаар шууд л авмаар санагддаг. Гадагшаа явахдаа дэлгүүр хэсэх юм бол заавал туфль авдаг. Авсан юмнуудаа эргээд харахаар бараг бүгд л туфль байдаг юм. Нэг удаа бүр 10 гаран туфль авчихсан байсан. Ер нь олон болж байгаа шүү.