Categories
мэдээ цаг-үе

Михаил Задорнов манай боловсролын шинэчлэл

Боловсролын тогтолцооны хувьд намайг та нар ямар дүгнэлт хийснийг мэдэх үү? Хүүхдүүд огт буруугүй гэсэн дүгнэлт хийсэн. Ямар нэгэн хэмжээгээр шүү гэдгийг удахгүй та нар ойлгох болно. Манай хүүхдүүд уг нь их сэргэлэн, бас ч гэж чамлахааргүй авьяастай л даа, даанч тэд маань яахаа мэдэхээ больчихоод байгаа юм. Бүр, ямар сургуульд элсэхээ ч мэдэхээ больчихсон гээч. Америк боловсролын өнөөдрийн тогтолцоогоор дээд сургууль төгсөөд ирж байгаа цэл залуухан багш нар аль ч сургуулийг зай завсаргүй дүүргэчихжээ. Тэгээд хүүхдүүдэд өндөр мэдлэг боловсрол олгох ажилдаа өдөр шөнөгүй, сунаж унатлаа зүтгэж эхэлнэ дээ.

Орос хэлний нэг багш шавь нараа загнаж байхыг нь би сонслоо:

-“Та муусайнуудтай би эгээ л шоргоолжны үүрэнд ойчсон зөгий1 шиг гэдсээ хүүлүүлэх нь холгүй зовж байна” гэж. Ингэж хараалгасан хүүхдүүд хойшдоо ямар хүмүүс болж хүмүүжих вэ?

Зурагтынхан ч мөн адил толгой дараалан бичиг үсэггүйчүүл! Зөвлөлт засгийн үед бол зурагт руу зүрхэлсэн “хэлгүйчүүл”-ийг шууд л хаалганы цаад руу дохичихдог байж. Өдгөө цагт харин тиймчүүлийг алгаа дэлгэн хүлээж аваад толгойг нь илээд цэнхэр дэлгэцэн дотор залаад байх болж. Дээрээсээ даалгавартай юм уу, яадаг юм, бүү мэд. Тэднүүсээ тэгээд яаж ярихыг нь зөвшөөрдөг гээч? “Цүнх” гэхийн оронд “Цүүнх”2 гэж маяглах болов. Жванецкийг нэг удаа цүүнхээ савчуулан телевизийн дэлгэц дээр гарч иртэл сэтгүүлч нь тосож аваад “Та чинь ингэхэд ганцхан ээмэгнүүд зүүдэг болоо юу?” гэж байх юм. Ээмэг дандаа хоёр л байдаг учраас өөрөө олон тоон дээр ээмэг гэж л хэлэгддэг атал ээмэгнүүд гэж байхыг нь сонсооч! Ганцхан ээмэгнүүд! Хоёр ээмэг биш, ганцхан ээмэгнүүд шүү! Энэ загвараар бол нэг ширхэг ээмэгнүүд зүүж, нэг ширхэг джинснүүд3 өмсөж, нэг ширхэг нүдний шилнүүд4 хамар дээрээ тохох нь байна л даа.

Гэтэл иймчүүлийг байнга харж, сонсож байдаг хэлний эрдэмтэд нь амандаа ус балгасан мэт таг дуугүй. Яагаад гэвэл дээдэс нь яг л ингэж яриад сургачихсан юм чинь. Гадаад явдлын яамны сайд гэхийн оронд Гадаад явдлын сайд, Байгаль орчны сайд ч гэх шиг. Байгаль орчны сайд гэхлээр буга согооны сүргийн толгойлогчийг хэлээд байна уу? За тэгээд цааш нь сонсъё: “Мөнгөний янхан”5, “үнээний үхрийн мах”6 ч гэх шиг. Янхан л бол заавал “мөнгөний” гэх тодотголын хэрэг юу байна аа? Кофе7 гэдгийг эрс хүйсний үг хэмээн үзэх болж. Хэрвээ кофе эрс хүйсний үг юм бол Фурсенко ч гэсэн эрс хүйсний хүн болж таарна аа даа? Аль эсвэл Андрей Александрович Фурсенког манин гэх болж байна уу? Ерөнхийлөгчийн зөвлөх, Оросын төрийн нэн хүндэтгэлт хар хүнийг би манин юм уу гэж асуух гээд байна л даа.

Зурагтын зар, сурталчилгаанаас бол авах юм бүр ч байхгүй. Бонус8, конус хоёрыг ч ялгахгүй, анонс8, анус8 хоёрыг бол тэр тусмаа. “Таны толгойноос тэр дороо л хагийг чинь зайлуулна.” Хаг гээч нь уг нь толгойд биш үсэнд байдагсан. Өөрсдийнх нь толгой дотор л хаг ургачихсан болохоор ингэж ярьдаг байх л даа. “Хөл хуга ташмаар үс” ч гэх шиг. Үс яахаараа “хөл хуга ташдаг”9 байна аа? Толгойтой үс арзасхийгээд, босоод явчихлаа. Шөнө унтаж байх зуур үс маань босч ирээд хөлийг маань хуга ташчихвал яана аа, ий-ий. Энэ ч бас юу ч биш. “Таны өөхийг дор нь шатаагаад өгнө”10 гэж байна. Дундад зууны инквизаци11 санаанд оров байна шүү. Амьдаар минь гал дээр шатаах нь л дээ, ий-ий. Яндан чигээрээ л үхэх юмсан.

Интернэт гэж нэг юм гарснаас хойш залуу үеийнхний маань дээрээс аймшгийн бороо цутгах болов. Гөлмөн төмөр шиг хангир жингэр! Урьд чинь яваа хүн шалбааган дотор уначих юм бол гараас нь бушуухан татаад босгохынхоо оронд гар утсаараа зургийг нь авчихаад дээгүүр нь харайгаад гараад явчихна. Цаг алдалгүй “Цахим танилууд”-даа12 тараахын тулд! Гал асааж чадахгүй, мод хагалж чадахгүй, шатар бүү хэл, даам ч тоглож сураагүй ээ, сураагүй, манай залуус. Шатрын боднуудыг Чапаевын ширээн дээрх төмснүүд гэж л бодно. Олигтойхон Чапаев ч болж тоглож чадахгүй байж. GPS-гүй бол ой руу зүглэж ч чадахгүй, төөрөхөөсөө айна.

Хайр сэтгэл, секс хоёрыг бол харин ч нэг ялгана даа. “Завтай бол явж сексдэх үү?” гэвэл “Зав ч байна шүү” гэж хариулна. Харин “Би чамд хайртай” гэх юм бол нүдээ том болгоно. Яагаад гэвэл сексийг ажил хэрэг, харин хайр сэтгэлийг мөнхийн юм гэдгийг хэр хэмжээгээрээ хар багаасаа дэндүү сайн ойлгочихсон. Тиймээс хайр сэтгэлд гаргах зав байхгүй. Тэгтлээ удах юмаар яах юм бэ, яршиг л байна!

Цахилгаан галт тэргэнд залуухан ээжтэйгээ явж байсан нэг жаал хүү өмнөө сууж байсан эмгэний хөл рүү тувт л өшигчөөд байх юм гэнэ. Эмгэн “Яаж байгаа хүүхэд вэ!” гэж хичнээн хэлээд нэмэргүй болохоор нь аргаа ядаад эхэд нь гомдолловол ээж нь харин “Би хүүхдээ өрнөдийн аргаар сургаж байгаа болохоор юуг нь ч хорьдоггүй юм” гэж. Гэтэл эмгэний хажууд сууж явсан өсвөр насны хүү босоод зажилж байсан бохио гарган мөнөөх залуухан ээжийн духан дээр наачихуутаа “Намайг ч бас ээж маань өрнөдийн аргаар сургадаг юм” гэсэн байдаг. Больж, хохь нь!

Манай боловсролын америк шинэчлэл ээ гэж.

Москвагийн Нисэхийн дээд сургуулийн танилууд маань нэг удаа төмөр замын буудал дээр нийлэлдээд, байгалийн сайхан руу аваачих вагоноо хүлээх зуур зоогойд орж 10 ширхэг хуушуур халаалгаж авахаар болжээ. Худалдагч нь 10 хуушуур богино долгионы зууханд хийчихээд зогсоод байх юм гэнэ. Аливаа юмыг хоёрхон минут халаахын тулд тийм зуух зохион бүтээснийг бараг бүгд мэднэ. Гэтэл таван минут, 10 минут өнгөрлөө гэнэ. Тэсэж ядсан манайхны нэг нь “Одоо болоогүй юү, наадхыг чинь халаахад хоёрхон минут л хангалттай шүү дээ” гэсэн чинь худалдагч урдаас нь “Ээждээ энгэр зөрүүлэхийг битгий заа, нойлын ногоон тэгнүүд! 10 хуушуурт чинь 20 минут хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” хэмээн тасхийсэн гэх.

Бас нэг танил маань байдаг юм. Нисэхийн дээдэд хамт сурч байлаа. Надаас олон ах л даа. Залуудаа дандаа Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээнд (АСТ) ороод манаргаж явсан эд. Одоо харин тэтгэвэртээ гарчихаад, уйдаагаа гаргахын тулд гадуур хэсэж, хүн амьтныг дөгөөж явдаг өвгөн. Тэр нөхөр хааяа ямар нэг зурагтын дэлгүүрт ороод худалдагчаас нь “Би зурагт худалдаж авах гэсэн юм аа. Танайх Куликовын тулааны13 ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлдэг үү?” гэж асуух болжээ. Гэтэл 10 худалдагчаас бараг л ес нь урдаас нь “Үзүүлнэ ээ, үзүүлнэ. Таны үнэмлэх байна уу?” гэж асуудаг гэнэ. Мань өвгөн халаасаа баахан ухсанаа “Өө харла гэж, үнэмлэхээ гэртээ орхичихож” гэвэл цаадуул нь “За яахав, яахав, Куликовын ахмад дайчин гэдэгт чинь үнэмшиж байна” гээд тооны машинаа шүүрэн авч хөнгөлөлтийг нь тооцож эхэлдэг гэдэг.

Ижил мөрнөөр усан онгоцоор дайвалзуулж явахдаа яг өөрийнхөө энэ хоёр чихээр сонссон яриаг дуулгавал, нэг зорчигч залуу хөлөгч өвгөнөөс “Танай хөлөг ямар кабелийн телевизтэй вэ?” гэж асуув.

Хөлөгч: Та аль хотынхыг үзмээр байна?

Залуу: Ярославынхыг.

Хөлөгч: Өө, харамсалтай байна. Ярославын кабель дөнгөж сая голын ёроолын модны ёзоорын үндсэнд тээглээд тасарчихаж. Удахгүй залгана аа…

Хөөрхий тэднүүс маань “америк тогтолцооны боловсрол”-оос өөр мэдлэггүйгээр яаж амь зууна даа.

Арай хижээлдүү насны багш нар намайг сүүлийн үед элдвийн хөгийн жишээ татсан захиагаар булах боллоо. Голдуу л Элсэлтийн ерөнхий шалгалтын лут найруулгатай зохион бичлэгүүдээс авсан ишлэлүүдээр дүүрэн.

Хэдэн жишээ сонсгоё:

-“Түүдгийн дэргэд хоёр хүн, нэг бүсгүй харагдана”. Эмэгтэйчүүд хүний тоонд ордоггүй юмсанж.

-“Австралийн имжнүүд аюул тохиолдсон үед орж нуугдахын тулд гэдэснийхээ гадна талд халаастай байдаг.” Өөр лүүгээ орж буй имжийг нэг харахсан.

-“Тэрбээр азарганы эврээс шүүрэн авав”. Бухны эврээс шүүрэн авлаа гэдэггүйсэн бил үү?

-“Зараа, мэлхий, хараацай нар цэцэрлэгчүүдийн хортой шавьжнуудаас ангижрах албанд сэтгэл харамгүй туслалцаа үзүүлдэг.”

-“Владимир Мономах 10 хүүтэй байсны бүгд нь хөвгүүд”. Ямар гээчийн үржил сайтай эр вэ!

-“Тэр бүсгүй биеийнхээ дээд хэсгээс хамгийн нэгдүгээрт хөхний даруулгануудаа дотуур өмднүүдтэйгөө буулгав”.

Бас нэг элсэгч “металлын зэврэлт” гэхийг “металлын хөвчрөл” гээд бичихсэн байх юм гэнэ14.

Намайг нэгэнтээ “Аягүй гоё” гэдэг зурагтын нэвтрүүлэгт урьсан юм. Шууд нэвтрүүлгийн хөндлөнгийн оролцогчоор. Маш гоё мөртлөө аягүй юманд орохоор элэг хөшөөгөөд хаячихдаг даа.

Хөтлөгч нь нэг оюутан охиноос “Хэдэн тив байдаг вэ, нэрлэнэ үү?” гэж асуулаа.

Хариу нь: “За байз уу, лав л экватор гэж байдаг”.

Хөтлөгч: “Бие дээрээ үзүүлсний хэрэггүй ээ”.

Асуулт: “Австрийн хаадын үе залгамжлагчдын ургийн нэр?”

Хариулт: “Гамбургер”15

Асуулт: “Жанна де Аркийг яаж егүүтгэсэн бэ?”

Хариулт: “Түүнийг хөнгөлсөн”.

Манай хүүхэд залуучууд ер нь хаана ийм муу боловсрол олсон байж таарах вэ? Америкт уу? Үгүй ээ, Оростоо, гэхдээ Америк боловсролын тогтолцоогоор! Яагаад гэвэл, америк боловсролын тогтолцоо гэдэг бол ардчиллын баталгаа учраас манай өнөөгийн төр засаг, манай Боловсролын сайдын зөвлөл (“Боловсролын яамны сайдын зөвлөл”-тэй бүү андуураарай) ийм тогтолцоонд шилжих замыг сонгосон юм! Би үүнийг хаа сайгүй ярьдаг, цаашдаа ч ярих болно. Яагаад гээч? Яагаад гэвэл ардчилалд хэрэгтэй. Муу боловсролтой хүмүүс аливаад эргэлзэх ухаангүй байдаг. Муу боловсрол ард түмнийг биш, ард түмний тодорхой хүрээг л сонгон “боловсруулахад” хэрэгтэй юмсанж. Тэгж “боловсорсон” тодорхой хүрээнийхэн аливаа сонгуульд олон таван үггүй идэвхийлэн оролцдог юм. Тиймээс л тогтолцоо нь тогтсоор байдаг юм.

Youtube-ээс товчлон авч монголчилсон Ж.Нэргүй

Орчуулагчийн тайлбар.

Оросын орчин үеийн нэрт шог зохиолч, тайзны шооч Михаил Николаевич Задорнов (1948 онд төрсөн) бол үгээр айхтар тоглодог хүн. Тиймээс энд хэрэглэсэн үгсийн далд утгыг тайлбарлахаас аргагүйд хүрэв:

1. Уг нь “Жук в муравейнике” гэсэн үг байдаг. Ийм нэртэй том роман ч бий. “Шоргоолжны үүрэн дэх цох” буюу “Алийгаа ч мэдэхээ болилоо” гэсэн зүйрлэл. Гэтэл энэ залуу багш орос хэлнийхээ нарийн ширийн илэрхийллийг мэдэхгүйгээсээ болоод “Шоргоолжны үүрэн дэх зөгий” (“Пчело в муравейнике” гэж хэзээ ч ярьдаггүй) гэжээ. Цаана нь бас “Би маш их зовж ядарч байна” гэж дургүйцсэн санаа илэрч байна.

2. “Портфель” гэсэн үгийг “Поортфель” гэж маяглах болсныг “цүүнх” гэж монголчлов.

3. “Джинсы” (жинсэн өмд) гэсэн, угаасаа олон тоон дээр байдгийн өмнө нэг гэсэн тооны нэр заагаад, “джинса” гэсэн эм үгний ганц тооны хувиралд оруулсныг ийн буулгах нь онох болов уу гэж бодов.

4. Очки. Дээрхтэй мөн адил.

5.“Продажная проститутка” гэснийг.

6. “Мясная говядина” гэснийг.

7. Орос хэлний бичгийн дүрэмд “е”-гээр төгссөн үгийг эрс хүйсний үг (средний род) гэдэг ч, “Кофе” гэдэг үгийг эр хүйсний үг гэж тооцдог уламжлалтай.

8. Бонус- аливаа үнэ, үйлчилгээний хөнгөлөлт. Анонс-олон нийтэд зориулсан арга хэмжээ, үйлчилгээний бичгэн юм уу, зурган зар, зарлал, сурталчилгаа. Анус-хошного.

9. Сногсшибательный- уг нь маш хүчтэй, гайхалтай гэсэн утгатай үг. Харин бүтцээр нь салгавал “с ног”- хөлийг, хөл дээрээс нь, “сшибать”-өшиглөх, түлхэх, унагах, зайлуулах үйлийн утга, бүгд нийлэхээрээ Задорновынхоор “хөл хугалах, хөл таших” гэсэн санаа.

10. “Мы сожжём ваши жиры” гэснийг ийн буулгав. Манай монголчууд ч бас “өөх хайлуулна” хэмээн солиордог болсон.

11. Дундад зууны Европт шашны тэрс үзэлтнүүдийг түүдэг гал дээр шатааж егүүтгэдэг ял байсныг “инквизация” гэдэг.

12. “Facebook” гэдгийг заримуудын хэллэгээр “Нүүр хуудас” гэхийн оронд “Цахим танилууд” гэвэл яах бол?

13. Куликовын тулаан 1380 онд болсон.

14. Эрозия гэж төмрийн зэврэхийг, эрекция гэж мөнөөх юмны босох, хөвчрөхийг хэлнэ.

15. Уг нь Габсбургийн угсаа гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *