Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон
хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон
холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал
болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл
өглөө.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их
байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс
хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд
ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг,
хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын
ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5
тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн
буухгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг
бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч
хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий
болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар
төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг
шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж,
хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан
бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв
системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын
бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч
хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр
төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж,
түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.
Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80
хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *