Манай дунд, ахмад үеийнхний дунд “од” болсон дуучин М.Янжиндуламын олны хүртээл болгосон “Аавдаа” хэмээх уран бүтээлд
“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа
Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэсэн хачин сайхан мөр бий. М.Янжиндулам агсан өөрөө дуулна гэж чухам “алтан гургалдай байлаа” хэмээн ярьдагсан. Энэ мундаг дуучин, эл дууг мэдэхгүй хүн тун ховор. Дуунд хүртэл ингэж мөнхөрсөн Хантайширын нуруу Говь-Алтай аймгийн нутагт бий. Мөн бөхийн дэвжээ ч байдаг юм. Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээ байгуулагдсанаас хойш хэдийнэ 15 жил өнгөрчээ. Анх Монгол Улсын заан Р.Давааням агсан, улсын начин Б.Пүрэв тэргүүтэй үндэсний бөхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн санаачилгаар байгуулагдаж байв. Говь-Алтай аймагт байдаг хамгийн сүрлэг, өндөр уул бол “Тайширын нуруу” юм. Үүнээс үүдэн бөхийн дэвжээгээ “Хантайшир” гэж нэрлэсэн гэдэг. “Хантайшир” бөхийн дэвжээ 15 жилийнхээ ойн хүрээнд хийж буй ажлуудын нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт шаардлагатай байсан таван сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авч өгсөн нь олны хүндэтгэлийг хүлээгээд байгаа. Үндэсний бөхийн дэвжээд дундаасаа хамгийн анхлан сайн үйлсийн аянд ийнхүү уриалсан нь Хантайширын хөх харчууд юм. Маш зөв эхлэлийг Хантайширын хүчтэнүүд эхлүүллээ. Өнөөдөр аймаг бүр өөрийн бөхийн дэвжээтэй болсон. Тэгвэл аймгуудын дэвжээд өөрсдийн ойгоороо ийнхүү сайн үйлсийн аянг үргэлжлүүлбэл хэзээнээс бөхөө дээдэлж ирсэн ард түмэн улам л хүндэтгэж хайрлана. Бөхчүүд авч сурснаас алга тэнийж сураагүй хэмээн байнга шүүмжлэлд өртдөг. Харин энэ мэтчилэн сайн үйлсийг эхлүүлж байгааг нь дэмжих учиртай. Бүр нутаг усаар нь зарлаж байгаад магтсан ч яадаг юм. Төрийн наадамд тав давж улсын цолонд хүрсэн л бол насаараа байрны зээлэнд хамрагдаж яваа хүмүүсийн дэргэд ядаж л орон сууц, унах унаатай болж бөхчүүд санаа нь амардаг. Түүнийг бүх насаар нь дагах улсын цол, ард түмний хүндлэл бий болдог. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн Хантайшир дэвжээний бөхчүүдээс улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын начин, дэвжээний дасгалжуулагч Д.Бадрах, С.Багахүү нар дэвжээгээ төлөөлөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж бүрэн хэмжээний амьсгалын аппарат, тэргэнцэр, баллон гэх мэт тоног төхөөрөмж гардуулж өгсөн зураг хэдэн мянган лайк, талархлын үгэнд булагдаж байна. Нэг үгээр хэлбэл, Говь-Алтайн бөхчүүд бөхийн ертөнцөд шинэ жишиг тогтоож өглөө. Магадгүй Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “хашир” хүн зөвлөсөн ч байж мэднэ. Гэхдээ хэн зөвлөсөн гэдэг нь чухал биш. Ой тэмдэглэх нэрээр ойр зуураа найрлаад өнгөрсөнгүй. Энэ ням гаригт 15 жилийнхээ ойн хүрээнд Монгол бөхийн өргөөнд хүчит 224 бөхийн барилдаан зохион байгуулах юм гэсэн.
Тэдний хувьд хэн нэгэн гэж онцгойрохоос илүүтэй бөхийн дэвжээгээрээ Монголын хүүхдүүдийн эрүүл мэндэд эртнээс санаа зовниж туслахыг зорьж байсан талаараа ярьцгааж байна лээ. “Өгч байгаа хүнд өгөөд бай” гэдэг хэлц үг бий. “Хантайшир” дэвжээнийхэн шиг өгөөд байвал аймгуудынхаа дэвжээг алдаршуулж, ард түмэн минь тэр сайн сайхныг нь дуурсан ярихад хэрэгтэй юм. Нэг үеэ бодоход нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн олон таатай мэдээг бид дуулдаг болсон. Тэгвэл бөхчүүдээс анхлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр 2013 онд Монгол Улсын аварга цол хүртсэнийхээ дараахан нутгийн зон олондоо хүндэтгэл үзүүлж, Мандал сумынхаа төрөх эмнэлэгт таван сая төгрөг хандивлаж байсан нь үзэгдэл болж байлаа. Түүний эхлүүлсэн буянтай ажлыг Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үргэлжлүүлж Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд түрүүлчихээд “Буурал аваргынхаа буян хишиг шингэсэн барилдааны бай шагналыг хорт хавдрын эсрэг аянд хандивлаж байна” гээд Хавдар судлалын үндэсний төвд таван сая төгрөг хандивлаж байсныг бөхөд хайртай ард түмэн мартаагүй л байна. Сүүлд гэхэд л Г.Эрхэмбаяр аварга, Г.Элбэг тэргүүтэй “Их шавь”-ийн дээд сургуулийн бөхчүүд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд түймэрт өртсөн иргэдэд мөнгөн хандив, хагас тонн цагаан будаа гэхчилэн олон зүйлийг өгч байсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, залуу арслан Энхтөгсийн Оюунболд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг, залуу аварга Ч.Санжаадамба Архангай аймгийн иргэд байгалийн гамшигт нэрвэгдэхэд 10 гэр хандивлаж байлаа. Энэ мэтчилэн нийгмийн салбарт спортын алдартнууд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь том давалгаа үүсгэсэн. Дэвжээгээрээ гар, сэтгэл нийлэн сайн үйлсийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж тулгах нь ч хаашаа юм. Ямартай ч “Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэгчлэн түмэн олныхоо хүндэтгэлд том хариу барих, зөв алхамд уриалах боломж бөхчүүдэд бий.
Бөхийн орон гэж өөрсдийнхөө цээжийг дэлдэх дуртай монголчуудын хувьд нийгмээрээ бухимдалд автан амаргүй байгаа нь нууц биш. Ер нь тэдэн төгрөгийн зүйл хандивлалаа гэх нь нэг их чухал биш. Зөв сэтгэлтэй, хүнлэг, энэрэнгүй байгаа нь энэ нийгмийг өөрөө зөөллөх учиртай юм. Бөхчүүд ингэж бөх гэдэг мэргэжлийнхээ үнэ цэнийг гаргаж ирэх хэрэгтэй. Монголчууд энэ нийгэмд болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юунаас болов гэдгээ ойлгох цаг болсон. Хэн нэгнийг гүтгэж, доромжилж, элдэвлэж байхаар учир шалтгааныг нь олохын тулд бүүдгэрхэн өдөр хоногуудад ганц ч гэсэн лаа асаах хэрэгтэй. Хүүхэд Монголын ирээдүй. Хантайширын хүчтэнүүд үүнийг харж чаджээ. Эдийн засаг хүнд байгаа учир улсын төсөв мөнгө хаа хаанаа хүрэхгүй байна. Тэглээ гээд өөрсдийн боломжоо дайчлан багыг нь бага, ихийг нь их гэлгүйгээр хийж болохыг нь хийгээд явбал гарц шийдэл байх юм. Алтайн хүчтэнүүд үүнийг харж чадсанаараа сүүлийн хэд хоногт ямар ч эргэлзээгүй тренд болж байна. Ингэж л бид дэм дэмэндээ хөгжих учиртай. Бусдад тусалж чаддаг хүн өөрөө бусдын тус, хүндлэлийг хүртдэг. Сэтгэл бүтэн, гар тэнэгэр явлаа гээд бөхчүүдээс унах зүйл байхгүй. Өгөө, аваа тэнцэж байж чухамдаа сэтгэл хангалуун байдаг талаар багш минь дурсдаг байв. Өгөөмөр зан өөрийгөө шагнадаг гэж үг бий.
Хан эцгийн буурьтай гэгддэг “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн энэ санаачилгыг бусад бөхийн дэвжээд дэмжин үргэлжлүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй харж байна. Тэдэнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Бөхчүүд гэж хэлхгэр дээлтэй, хээ шаагүй, хөлс үнэртүүлсэн хөдөөний хэдэн нөхөд байдаг гэж шүүмжилдэг асан цаг ард үлдэх цаг иржээ.