Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт хулгайн гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг тарааж байна

Сүүлийн үед нийслэлд хулгайн гэмт хэрэг гарах нь ихэссэн байна. Тухайлбал хүйтний улирал эхэлсэн учраас машины хучлага, дугуй, толь зэрэг алдагдах нь ихэсчээ. Түүнчлэн иргэд хайхрамжгүй байдлаасаа үүдэн машинаа цоожлохгүй байх, эд зүйлсээ машиндаа орхих зэргээс болж хулгайн хэрэг их гардаг байна. Тиймээс хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид жолооч нарт сэрэмжлүүлэг бүхий утасны дугаар бичих бэлдэц тараасан байна.

БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэн “өвөл болж машины эд ангийн болон машины хучлага ихээр хулгайд алдагддаг учир урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нар машины дугаараа бичээд сэрэмжлүүлгийг нь харж, хариуцлагатай байх болов уу гэсэн үүднээс ийм ажил санаачилж хийж байна” гэв. Жолооч нар “Уучлаарай түр зогсов” гэсэн бэлдэц дээр өөрийн утасны дугаараа бичиж машиндаа байршуулах бөгөөд бэлдэцийн дотор талд,

-Та аюулгүйн бүсээ бүслээрэй,

-Та эд, зүйл, бичиг баримтаа машиндаа бүү орхиорой,

-Та өөрийнхөө эд хөрөнгийг өөрөө л хамгаална,

-Та зориулалтын харуул хамгаалалттай газар машинаа тавиарай,

-Та машинаа түгжсэн үү гэх зэрэг анхааруулгыг бичжээ. Ингэснээр жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, өөрсдөө хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ хэмээн үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *