АНУ-ын Пеннсилвани, Калифорни, Орегон, Вашингтон мужуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эсэргүүцэгчдийн жагсаал өрнөж байна. Ойролцоогоор 500 гаруй хүн улсынх нь Ерөнхийлөгчөөр арьс өнгөөр ялгаварлагч, эмэгтэйчүүдийг гадуурхагч нэгэн сонгогдсонд эсэргүүцлээ илэрхийлж, АНУ-ын туг далбаа, Доналд Трампын зургийг шатааж “Бидний Ерөнхийлөгч биш” хэмээн дуу хоолойгоо нийлүүлж жагсаж байна.
ABC News телевизийн мэдээлснээр жагсагчид KNTV телевизийн байр руу нэвтэрч, Трампын зургийг шатааж, цонх хагалж, гал тавьснаар замбараагүй байдал үүсчээ.
Үймээн самууны улмаас Портландад хоёр ч удаа галт тэрэгний шугамыг хүчээр хаахад хүрч, автозам нэлэнхүйдээ жагсагчдын цуваагаар дүүрч, атомашины замыг хаагаад байгаа учир тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаад байгаа аж. Тэрчлэн жагсаалын үеэр Калифорнийн хурдны замд нэг эмэгтэй автомашинд мөргүүлсний улмаас бэртсэн тухай ойролцоох шатахуун түгээгүүрийн ажилтан ABC News-д ярьжээ.
АНУ-ын хотуудад эсэргүүцлийн жагсаал улам ширүүсэх төлөвтэй байна. Ороннутгийн цагаар шөнийн гурван цагт цагдаа нар хүчээр жагсаалыг тараах оролдлого хийсэн ч, жагсагчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Сиэтльд гэхэд 100 гаруй хүн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн гудамжинд жагсаж, хог шатаан гал тавьжээ. Тэд “Трамп биднийг дэлхий ертөнц муугаар харуулах хүн. Өнөөдрөөс эхлээд би өөрийгөө, хувь хүнээ алдсан мэт, хулгайлагдсан мэт санагдаж байна. Өөрөө ч хууль журмаа сахьдаггүй хүн Ерөнхийлөгч боллоо. Америкийн хувь заяа аймшигтай санагдаж байна. Трампыг зогсоохоор нэгдэцгээе. Тэр бидний Ерөнхийлөгч биш” хэмээн тэмцэж байна.