Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам-ын дарга Г.Уянга намынхаа хэсэг нөхдийн хамт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлаар дамжуулж тус намынхан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдлээ.
Намын дарга Г.Уянга ”Эрдэнэт үйлдвэрийг худалдах эсэх нь Монгол, ОХУ-ын төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн тэрээр “Эрдэнэтэд хувьчлал болоогүй, худалдан авалт болсон гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрдэнэтийн хувьчлал гэж яриад байна.
Гадны улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхээр нэр томьёоны хувьд хувьчлал биш. Хэрвээ хувьчлал хийхээр бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай гэж мэдэгдсэн. Зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ерөнхийлөгч өөрийгөө илчилсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувийн өмчид шилжсэн л бол бид хувьчлал гэж ярих эрхтэй. Хэрэв Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал хийгээгүй зүгээр л худалдан авалт хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49 хувь ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд тайлбарлах ёстой. Ерөнхийлөгч хувьчлал биш гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна” гэв.
О.ӨНӨР