Монгол улсын нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг гэх статистик тоо бий. Иргэд жил бүр 8040 төгрөг даатгалд төлж долоон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан бол шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу даатгалд төлөх мөнгө 1-2 хувиар буюу 28-46 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаар 14 төрлийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой болсноос гадна даатгалын мөнгөө тухайн жилдээ төлөөгүй бол торгууль оногдуулахаар болжээ. Тодруулбал, иргэд эрүүл мэндийн даатгалаа сар болон жилдээ багтааж төлөөгүй тохиолдолд даатгалд төлөх ёстой мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно хэмээн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэ хуулийн 25.2.1-д заажээ.
Эрүүл мэндийн салбарын нийт орлогын 24 хувийг иргэний эрүүл мэндийн даатгал бүрдүүлдэг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд өнгөрсөн онд 231 сая төгрөг төвлөрүүлснээс 174 сая төгрөгийг давхардсан тоогоор 4.4 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан байна.