Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Одоо “Стэнд бай”-г хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Ямархуу байр байдалтай төсөв орж ирж байна вэ. Үүнд эдийн засагчийнхаа байр суурийг илэрхийлэхгүй юу?

-2017 оны төсвийн танилцуулга л орж ирчихээд байна, дөнгөж. Уг танилцуулгад 1.3 хувьтай байгаа өсөлтийг гурван хувьд хүргэх буюу 1.7 хувиар өсгөнө гэж байна. Энэ тоонд хүргэхийн тулд томоохон төслүүдийг эрчимжүүлэх асуудал яригдаж байгаа. Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулах, төмөр зам, Эрдэнэс Таван толгойг эрчимжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх зэргээр томоохон төслүүдийг явуулснаар Монгол Улсын эдийн засаг гурван хувьд хүрнэ гэсэн асуудал яригдаж байгаа. Мөнгөний бодлогын хувьд инфляцийн түвшинг найман хувьд барина гэсэн. 2017 онд ДНБ-ийг 9.9 хувь руу оруулчихъя гэж байгаа. Ер нь томоор нь харвал томоохон төслүүдийг явуулна гэдэг цаг хугацааны асуудал. Гэтэл эдийн засгийн байдал тэр хугацаа хүртэл тэсч чадах уу. Үүнтэй холбоотойгоор бага хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг эрэлхийлж байгаа нь үнэн. Саналаа тавьчихсан байгаа нь ч үнэн. Зээлийн асуудал бол санал тавих төдий шатанд явна. ОУВС-гаас “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Тус сангаас хүмүүс ирээд ажиллаж байгаа байх. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарч магадгүй. Өмнө нь хоёр удаа аваад хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ газрын баялгийн үнийн өсөлттэй холбоотойгоор “Стэнд бай” хөтөлбөрөөс хурдан хугацаанд гараад байсан юм. Энэ удаад ОУВС-гийнхан ажиллаад манай Засгийн газартай хэлэлцэж тохирох юм бол ямар ч байсан дараагийнхаа амь тариаг авах хүртэл “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарч болно.

-БНХАУ-аас авах гэж буй зээлийг улс төрийн зорилготой гэж тодотгоод байгаа. Хэрвээ энэ зээлийг авбал газар нутгаа алдчихаж ч болзошгүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм жишээ ойрхон болоод байгаа шүү гэдгийг хэлэх хүмүүс их байна?

-Гаднаас томоохон зээл хөтөлбөрийг авахад тэр асуудал заавал УИХ-аар орж ирнэ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ гээд асуудал зөндөө. Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрсөнтэй холбоотойгоор тийм яриа гарсан байх. Улс төрийн зорилго гэдэг нь өөрөө манайхан хэтэрхий улстөржөөд байгаатай холбоотой. Улс төрийн зорилготой гэдэг нь юуг яриад байна вэ гэхээр би Өмнөговь аймгаас сонгогдсон шүү дээ. Гэтэл Өмнөговь аймгийн газар нутгийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд тавьчихаад ирчихэж гэнэ ээ, барьцаанд тавьчихсан байна гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Өмнөговь аймаг 61 мянган хүн амтай, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна. Энэ томоохон зээл тусламжууд чинь УИХ-аар хэлэлцэгдэж байж эцэслэгдэн шийдвэрлэгддэг. Тэгж байж бид олон талаас нь авч хэлэлцэнэ. Үнэхээр газар нутгаа барьцаанд тавих зорилготой байна уу, үгүй юу гэдэг нь тодорхой биш. УИХ-аар хэлэлцэж, энэ мөнгийг эргээд яаж төлөх юм, тэд цаанаас ямар шаардлага нөхцөл тавьж байна вэ гэдгийг ярина. Одоо бүх юм тодорхойгүй байна. Зөвхөн Монгол Улсын талаас санал тавьж 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээл хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн.

Яагаад 4.2 тэрбум төгрөгийн асуудал яригдаад байна вэ гэхээр манайх зээлжих хувиа 88 гэчихсэн шүү дээ. Түүгээр бидэнд одоо 4.2 тэрбум ам.долларын зээл авах босго, боломж л байгаа юм. Тэрийг л хүмүүс шууд утгаар нь ойлгоод Хятадаас тийм хэмжээний мөнгө зээлчихэж байгаа юм байна гэж хүлээн аваад байна. Бусдаар бол дөрвөн тэрбум ам.доллар гаргаад өгчих улс нь хаана байгаа юм. Хятад өгөх гэж байгаа юм уу, үгүй ч юм уу. Тэд бидэнд дөрөв, хоёр эсвэл 500 сая ам.доллар өгөх гэж байгаа юм уу, бүх юм тодорхойгүй. Хэвлэлийнхний ингэж хардаад байгаа, ард иргэдийн яриад байгаа улс төрийн зээл гээд байгаа нь улстөржилттэй л холбоотой.

-Тэгэхээр эдийн засаг амь тариатайгаа залгах хүртлээ “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу?

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл амь тариагаа авах боломжтой болно. Энэ хөтөлбөр жаахан хумигдмал. Сөрөг тал нь гэвэл манай улсын эдийн засаг, улсын төсөв маань ОУВС-гаас хараат болж, орж гарч байгаа мөнгө нь хяналтад орж, зарим халамж зогсч болзошгүй.

-“Стэнд бай” хөтөлбөр нарийн шат дарааллаар өндөр хяналтын дор хэрэгждэг учир улстөрчид түүнээс хувьдаа мөнгө завших боломжгүй. Тиймээс Хятадаас хэцүүхэн нөхцөлтэй зээл авахаар улайрч байна гэж хардаж байгаа?

-Буруу л ойлголт. Хэн нэгнийг муулаад байх зохимжгүй. Гэхдээ ийм зүйлийг ард түмний сэтгэхүйд хэн суулгаад өгчихөв өө. Төрд гараад ирэхээрээ, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээрээ мөнгө идээд эдийн засгаа хямраагаад байдаг гэдэг зүйлийг хэн суулгачихав гэдэг чинь өөрөө өөр асуудал болчихоод байна.

“Стэнд бай” хөтөлбөрийг авчихвал манай төсвийг ОУВС хянаад эхэлнэ. Тусгаар тогтносон улс маань ОУВС-гаас хараат болчихно гээд байгаа юм. Нөгөө талаас тэр зээл байна. Зээлгүй орон гэж байхгүй шүү дээ. Алдагдлаа нөхөхийн тулд зээл авч нөхөхөөс өөр аргагүй, магадгүй шууд эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортлоод эхлэх уул уурхайн бүтээгдэхүүн бэлэн байхгүй, өнөөдөр гэхэд “Эрдэнэт”-д асуудал гарчихаад л яваад байна. Эдийн засгаа шууд сэргээчих бололцоо бага байгаа тохиолдолд, элгээрээ уначихгүйн тулд яаралтай амь тариа хэрэглэхээс өөр аргагүй. Удахгүй “Чингис”, “Самурай” бондын хүү, үндсэн зээлээ төлж эхэлнэ гэхээр чинь үндсэндээ элгээрээ хэвтчихсэн эдийн засагтай байгаа бидэнд хэцүү шүү дээ. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлж болзошгүй. Тэр нь ч дээр байж магадгүй. Жил, хагас жил хэрэгжүүлээд. Үүнээс их хэмжээний мөнгө авахгүй гэж бодож байгаа. Үсрээд л тэрбум ам.долларын зээл авах байх. Тэгээд үүгээр эдийн засгаа жаахан сэргээж байх хоорондоо нэг жилийн дараагаар урт хугацааны зээлээ олох боломжтой.

Одоо чинь зээлийн нөхцөлийг өөрчлөх гэж нэг юм яриад байна. Хугацааг нь уртасгаад хүүг нь багасгах зэргээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрчлөхийг ярьж байгаа. Бусдаар бол бүх улс л өртэй шүү дээ. Бүх улс гаднаас зээл авдаг. Манайхан зээл авахаараа эдийн засгийн өгөөжөө удаан хугацаанд өгдөг зам, барилга руу л оруулчихаараа өндөр хүүтэй арилжааны банкны шахуу арилжааны зээлээ эргээд гүйцэхгүй, хүүгээ төлөөд ирэхээрээ хүнд байдалд ороод байгаа юм.

-Эдийн засгийн үр ашгаа хурдан өгөх үйлдвэрүүд байгуулбал энэ байдал дээрдэнэ гэж тооцож байна уу?

-Эдийн засгийн үр ашгаа хурдан өгөх томоохон үйлдвэрүүд, төслүүдийг яаралтай оруулах хэрэгтэй. Баяжуулах, нефть боловсруулах үйлдвэр, олон хүнийг ажлын байраар хангах хөнгөн үйлдвэрүүдийг баривал эдийн засгийн онолоороо ажлын байртай болж эдийн засаг сайжирна. Гол нь эдийн засаг маань “Стэнд бай” хөтөлбөр, зээл аваад сайжирдаг юм биш. Хүмүүс ажлын байртай болбол цалинтай болно. Цалинтай болбол эдийн засагт мөнгө эргэлдэж эхэлнэ. Тийм болохоор ажлын байр бий болгож, түргэн ашгаа өгдөг үйлдвэрүүд рүү энэ гаднаас авах санхүүжилтээ оруулж ирэх хэрэгтэй. Ингэж санхүүжилт хийхгүй бол 20, 30 жилийн дараа үр ашгаа өгөх дэд бүтэц рүү хөрөнгө оруулах нь өнөөгийн нөхцөлд хүнд байна. Гэхдээ дэд бүтэц хөгжиж байж эдийн засаг хөгжинө гэдэг нь салшгүй л юм. Гэвч энэ бүхний харьцаа балансыг бариулахгүй бол болохгүй. Зээл авбал төсвийн алдагдлаа жаахан нөхөж багасгах ёстой. Үгүй ядаж ДНБ-ээ 3-5 хувь руу оруулаад ирвэл гадаад талд нэр хүнд өсчихнө. Хөнгөлөлттэй зээл авах, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гээд олон талын ач холбогдолтой л доо. Эдийн засгийн тал дээрээ орлого талаа нэмэгдүүлэх боломжоо хайх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дандаа зарлага тал руу яваад байна. Үгүй ядаж л энэ хэдэн хилийн боомтын эргэлтийг түргэтгэх ёстой. Жишээ нь, Өмнөговьд 30, 40 км урт машины цуваа байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр гаалийг олон улсын чанартай болгож, түргэн эргэлтэд оруулж байвал Монголд орж ирэх мөнгө нь нэмэгдэнэ. Жижиг гэлтгүй иймэрхүү зүйлүүдийг харж тэгээд макро түвшинд нь том төлөвлөгөө гаргаад явчихвал Монгол чинь тавхан их наядын төсөвтэй. Ийм улс чинь эдийн засгийн хувьд сэргэх бүрэн боломжтой. Тийм учраас гаднаас, Хятадаас авах гэж байгаа зээлийг авахаас өмнө маш том улс төр явж байна, маш том хардалт бий болж байна. Энэ бүхэн хэзээ бодит болох вэ гэхээр Хятадын тал судалгаагаа хийгээд зээл өгөхөө илэрхийлснээс хойш харин нөхцөл нь юу юм гэдэг дээр УИХ-ын 76 гишүүн санаа бодлоо уралдуулна. Тиймээс ард түмэн одоо санаа бодлоо уралдуулаад хэрэггүй. Үүн дээр нь улстөрчид аваачаад улстөржүүлээд ард түмнийг талцуулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь зээл авах нь дамжиггүй.

Улс төрийн сонгууль явагдсанаас хойш эдийн засагт гэгээлэг гэгээлэг юм болоод л байна. Хонины нэхий гурав, дөрвөн мянган төгрөг хүрчихлээ. Ямааны ноолуурын үнэ өслөө. Улс төрийн тогтвортой байдал, гадныхны хандах хандлага өөрчлөгдөж байна. Гадны хөрөнгө оруулагчид биднийг сонирхож эхэллээ. Янз бүрийн форум, уулзалтууд болж байна. Ингэж жаахан эерэг хандлагууд бий боллоо. Тийм болохоор одоо “Стэнд бай”-г аваад хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг байж мэднэ.

-Хууль зүйн байнгын хороон дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирж оролцож “Эрдэнэт”-ийн асуудалд тайлбар хийсэн нь олон хүний анхаарлыг татсан. МАН-ынхан бүгд түүн рүү дайрч байсныг урьдаар бэлтгэсэн асуултуудаас нь харж болохоор байсан?

-Ч.Сайханбилэгийн нэг л зүйл нь таалагдаж байгаа юм. Гадаадад байсан юмыг Монголд авчраад өгчихлөө гэсэн зүйл нь л таалагдаж байгаа. Гэхдээ Монгол Улс эрхзүйт, парламентын засаглалтай улс. Төрийн өндөрлөгүүд нь хуулийн хүрээнд ажлаа явуулахгүй байж ард түмнээ хуулиа хэрэгжүүл гээд шаардаад хэрэггүй шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, тэр үйл явц хуулийн хүрээнд явсан уу, үгүй юу гэдэг асуудал бий. Хоёрдугаарт, Монголыг тойроод цөлмөж байгаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очих ёстой юм уу, Монголын ард түмэн, гурван сая иргэний мэдэлд очих ёстой юм уу. Энэ хоёр асуудал дээр л гишүүд анхаарлаа хандуулж ярьсан. Үүнээс нэг л зүйл олж харсан. Хууль зөрчжээ гэдэг нь харагдсан. Үйл явдал болдгоо болоод өнгөрчихсөн байхад буруу тайлбар хийгээд зогсч байдаг Ерөнхий сайд байж болохгүй шүү дээ. Бүхнийг хуулийн хүрээнд л шийдчих ёстой байсан. Хуулийн хүрээнд шийдээгүй учраас юу болсон бэ гэхээр томоохон улстөрчид хуйвалдаж аваад эзэн суучихлаа гэдэг хардлага гарсан. Энэ хардлагыг гаргахын тулд одоогийн парламент ард түмэнд үнэн зөвөөр харуулах нь чухал. Тэр л өнцгөөс нь харж байна. Хуулийн хүрээнд явагдаагүй бол асуудлыг хуулийн хүрээнд нь шийдэх ёстой. Үүний цаана томоохон улстөрч, олигархи оролцсон бол тэрийг ил гаргах ёстой. Тэгэхгүй бол Монгол ганцхан эзэнтэй болох гээд байна.

Хууль, хяналтын байгууллагууд энэ үйл явц хууль зөрчсөн эсэхийг шалгаад гаргаад ирэх ёстой, үнэхээр хууль зөрчсөн байвал хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Ийм шийдэл гаргах байх. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гаргах эцсийн шийдвэр гаргалаа гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүдийн хувьд төсөв хэлэлцэх үеэр гадны хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн зөв алхам. Тэднийг татахын тулд зоригтой алхам хийх ёстой гэцгээж байсан. Хөрөнгө оруулагчид ч биднийг сонирхсон хэвээр байгаа гэдгээ илэрхийлээд байгаа?

-Гадны хөрөнгө оруулагчид ямар нөхцөлд орж ирэх вэ гэхээр улс төрийн тогтвортой байдал. Хоёрдугаарт, мөнгөний бодлого, зээлтэй холбоотой асуудлаа зөв шийдвэрлэсэн байвал. Хөрөнгө оруулагчид биднийг сонирхож байгаа гэдэг нь үнэн. Сонирхол байгаа мөртлөө яагаад орж ирэхгүй байна вэ гэдэг дээр тэр саадыг нь арилгах ёстой. Тэр саадыг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газар ажиллаж ёстой болчихоод байна. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сахилга баттай боллоо гэж бодъё. Энэ хөтөлбөрөөс гараад авсан жаахан зээлээ төлөөд цаашилбал зээлжих зэрэглэл маань тогтворжоод эхэлнэ. Эхний удаад хөрөнгө оруулагчид төрийн маш их дарамттай байсан учраас зугтаагаад гарсан. Улс төр нь тогтворгүй байсан. Засгийн газар нь байнга солигдож өнөөдөр нэг сайдтай ярьсан бол маргааш өөр нэг сайдтай ажил ярих болчихоод байлаа. Гэх мэтчилэнгийн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид гараад эдийн засаг тогтворгүй болоод эхэлсэн. Тэгэхээр сахилга баттай эдийн засагтай, тогтвортой улс төртэй байвал гадны хөрөнгө оруулагчид дахин орж ирнэ. Хөрөнгө оруулагчид ийм байдал нэхэж байгаа нь зөв. Бид тэр шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *