УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн Б.Батзориг:
- Үндсэн чиглэлд судална, үнэлэлт дүгнэлт өгнө гэсэн ерөнхий зүйл нэлээд байгааг анхаарч тодорхой зүйлийг хариуцах эзэнтэй, хүрэх үр дүнтэй нь уялдуулж тусгах, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцдог байхад анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
- Гадны банк оруулж ирэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ойрын үед тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэсэн санал хэлэв.
Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.
МҮОНРТ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар шалгуулах санал хүсэлт УИХ дээр нэлээд ирсэн байна. Иймд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар боллоо.
Сануулахад, өчигдөр /2016.11.08/ МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр “Шуурхай мэдээ” гэсэн статустай “МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь хууль зөрчиж, ажилчдын эрх ашигт халдаж байна” гэсэн утгат бүхий мэдээлэл цацагдсан. Үүний хариуд тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сэтгүүлчдийг ажлаа тараад явсан, эзгүй үеэр ММ агентлагийн дарга Ч.Батцэнгэл эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Түүхэнд байгаагүй зүйл. Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал” гэсэн тайлбар хийсэн байгаа билээ.