Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн эмч мэргэжилтнүүд “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-д хамрагдаж байна. Тус сургалт нь эмч мэргэжилтнүүдэд өөрийгөө таних, харилцааны чадварын давуу ба сул талыг олж мэдэх, хамтран ажиллагсад, өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнтэй өдөр тутмын харилцаанд орохдоо зөв харилцах дадал зуршилд чиглүүлэх зорилготой. Түүнчлэн, нийгмийн харилцааг амжилтгүй болгодог, хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэдэг, улмаар ажлын бүтээмж урам зоригийг мохоож байдаг стресс, уур бухимдлаас хэрхэн зайлсхийх, хэрхэн түүнээс ангижрах биенээ ойлгосон, хүндэлсэн хандлагыг бий болгох нь тус сургалтын чухал хэсэг ажээ. Сургалтыг Франц улсын “Пипл Праймтайм” Олон улсын академаас уригдан ирсэн 29 жилийн мэргэжлийн туршлагатай нийгэм судлаач, харилцаа хандлагын мэргэжилтэн, сэтгэл зүйч Жиоржио Боуроникос болон байгууллагын стратеги зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн мэргэжилтэн Оливие Ноблот нар явуулж байна. Сургалт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.