“Оюу толгой” компани үйлдвэрлэл болон гүний уурхайн бүтээн байгуулалтад дотоодоос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, үндэсний ажиллах хүчин бүрдүүлэх зорилтоо бататган ажиллажээ. 2010 оноос 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 5.9 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Нэг тонн хүдэр боловсруулахад улирлын дунджаар 0.477 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 84.9 хувийг дахин боловсруулж байгаа нь компанийн байгаль орчны гүйцэтгэлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүр хэвээр байгааг харуулж байна гэж үзжээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтдаа 2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг зарцуулжээ. Цаашдаа 750 сая гаруй ам.доллар зарцуулахаар гэрээ байгуулаад байгаа гэнэ. Мөн гуравдугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж, гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлжээ. 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Оюу толгой” компани “Хасу Мегаватт” болон “Редпаф” компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний нэмэлт гэрээг саяхан байгуулж, 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байгаа юм байна.
Мөн 2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан хэмээн тайландаа дурджээ.