Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн талаар болон Улаанбаатар хотыг Санхүүгийн Төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Элчин сайд Катрин Арнолд “Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинээр ямар салбаруудад хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж санал бодлоо солилцох бодолтой байна. Миний бие Монгол Улсад суугаад нэг жил гаруй хугацааг өнгрөөж байна. Энэ хугацаанд болон урд өмнө нь хэд хэдэн салбарт хамтран ажилласаар ирсэн. Бид хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөөд байгаа ажлуудаа гурван хэсэгт хуваагаад байна. Санхүүгийн төв болгох, Хотын ногоон хөгжил, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах бодолтой байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө саяхан батлуулсан. Мөрийн хөтөлбөрт энэ гурван зүйл багтсан байгаа. Ногоон хөгжил нэг гол цөм хөтөлбөр болж орсон. Ирэх жилүүдэд хотын ойр орчимд аялал жуулчлалын бүсүүд байгуулж иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгрүүлэх газруудыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Мэдээж хэрэг ногоон хөгжил ярихад агаарын бохирдолын асуудал хөндөгдөж байгаа юм. Агаарын бохирдолын талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаа хэдий ч тодорхой үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Энэ асуудлууд дээр олон жилийн туршлагатай танайх шиг орноос суралцаж туршлага солилцож ажиллах сонирхолтой байна. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Ямар нэгэн албан тушаалтан шийдвэр гаргахын өмнө заавал иргэдийн дунд хэлэлцүүлж санал бодлыг нь тусган ажиллах ажил хэрэг болгож байх хэрэгтэй. Үүнээс гадна санхүүгийн үйлчилгээ, бодлого төлөвлөгөөний талаар холбогдох хэлтэс, агентлагууд болон НИТХ-ын төлөөлөгчидийг оролцуулж зөвлөлдөх уулзалт, ярилцлага зохион байгуулах саналтай байна. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж бэлэн байх болно” гэдгээ илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *