ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холливүүдийн жүжигчин Стивен Сигалын Оросын иргэн болох хүсэлтийг зөвшөөрчээ.
64 настай 90-д оны тулаант киноны од Сигал сүүлийн жилүүдэд ОХУ-д тогтмол зочилдог болсон бөгөөд хэд хэдэн гардан тулааны урлагийн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Путинд бараа болж байсан юм. Тэр бас Оросын төрийн тэргүүний бодлогыг хамгаалсан үг хэлж байв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Сигал нь Оросын иргэн болох хүсэлтээ удаан хугацааны турш илэрхийлж байсан” гээд “түүний манай оронд ханддаг халуун дулаан сэтгэл, үүнийгээ хэзээ ч нуудаггүй байсан нь, мөн нэр хүндтэй жүжигчин зэрэг нь Оросын иргэн болох үндэслэл болж байна” гэжээ.
Сүүлийн жилүүдэд гадаадын хэд хэдэн алдартан ОХУ-ын иргэн болсны дотор Францын жүжигчин Жирар Депардье, АНУ-ын боксчин Рой Жонс нар багтаж байна.
2013 онд Сигал Оросын нэгэн телевизийн сувгаар ярихдаа “Намайг анх түүний өрөөнд ороход жүдог үндэслэгч Кано Жигоро биеэрээ зогсож байх шиг санагдсан. Би шууд энэ үеэс эхлэн түүний тухай илүү их мэдэхийг хүсэх болсон юм” гэж Путинтай анх уулзсан тухайгаа ярьж байжээ.