Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү?

“Өдрийн сонин”-ы 2016.10.24-ний №245 /5510/ дугаараас авч нийтлэв.


Хөгжлийн банкийг тойрсон 1.3 их наяд төгрөгийн асуудал сүүлийн үед дуулиан шуугиан болоод байгаа. Гэхдээ энэ талаар хөндөх гэсэнгүй. Харин тус банкнаас “Блүүмбэрг” телевизтэй зар сурталчилгааны төлбөр гэж 2013 онд 816 мянган ам.долларын гэрээ байгуулснаас үүдээд Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн дүр төрх, үнэ цэнийн талаар онцлохыг хүслээ. Блүүмбэргт 816 мянган ам.доллар өгснийг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр албан ёсоор мэдэгдсэн билээ.

Мөн тэрээр тус банкнаас 2012-2015 онд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан байна гэж хэлсэн. Найман зуу гаруй доллар зар сурталчилгааны төлбөр гэж авсан дээрх телевизийн сувгийг муулж баалахыг урьтал болгосонгүй. Харин ч Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд ийм хэмжээний гэрээ байгуулж, өөрийгөө үнэлж чадсанд нь бахархууштай. Тэгвэл хамгийн олон мянган үзэгчтэй, топ телевизүүдэд яагаад ийм хэмжээний гэрээ Хөгжлийн банкнаас байгуулсангүй вэ. Эсвэл хамгийн олон үзэгчтэй телевиз Блүүмбэрг үү гэх асуултууд эндээс зүй ёсоор урган гарч байна. “Maxima media” судалгааны компаниас өнгөрөгч онд телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланг гаргасан. Уг компани нь Английн “Кантар медиа”-гийн технологиор Улаанбаатар хотын хэмжээнд судалгааг хийж буй мэргэжлийн газар юм. Ингээд рейтингийн судалгаагаар Монголын топ арван телевизээр “Боловсрол”, “МҮОНТ”, “ТВ-9”, “МN-25”, “NTV”, “UBS”, “TВ-5” зэргийг нэрлэснээ олон нийтэд мэдээлсэн.

Эдгээр телевизүүд нь дунджаар тогтмол 2.6-12.4 хувийн рейтинг хандалттайг тодруулсан. Мөн хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөрөөр “МҮОНТ”-ийн “Цагийн хүрд” 27.2, “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” 13, “ТВ-9”-ийн “Энэ өдөр” 12.4, “UBS”-ийн “City news” хөтөлбөр 15.2 хувьтай гарчээ. Энэ бол сар бүрийн дундаж үзүүлэлт. Хэвлэлийн хүрээлэнгээс жил бүр тогтмол гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” хэмээх энэ онд гаргасан судалгаагаар үзэгчдийн 46 хувь нь “МҮОНТ”-ийг, 38 хувь нь “Боловсрол”, 28 хувь нь “ТВ-9”, 20 хувь нь “MN-25 дугаар суваг” 19 хувь нь “ТВ-5” телевизүүдийг үздэг гэсэн байна. Уг судалгаанд хамгийн бага үзүүлэлттэй нь буюу хоёр хувьтай нь “VTV”, “TM” телевизүүд нэрлэгджээ. Эдгээр судалгаанд “Блүүмбэрг” сувгийн үзүүлэлт алга.

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар хоёр хувиас ч доош байх нь. Ер нь судалгааны хэд хэдэн газраас уг телевизийн сувагтай холбоотой судалгаа одоохондоо алга байгаа нь хачирхалтай. Энэ нь тухайн суваг судалгаанд хамрагдах үзүүлэлтийг хангахгүй байна уу, эсвэл өөр зүйл байна уу. Өнөө сэтгүүлчдийн болоод хүмүүсийн дунд тэнүүчилж явдаг “Блүүмбэргийг Монголын цөөн хэдэн эдийн засагч, хөрөнгийн биржийнхэн л үздэг” гэх дэгс яриа байдаг нь ортой ч зүйл шиг. Гэхдээ баталж байгаа юм биш шүү. Ямар чиг л байсан хэвлэл, мэдээллийн судалгааны гол агентлагуудад хамрагдаагүй, хичнээн үзэгчтэй нь тодорхой бус телевизийн сувагт зар сурталчилгааны төлбөр гэж 816 доллар буюу бараг л хоёр тэрбум төгрөг өгчээ. Үүнд Монголын нийт хүн амын дийлэнх олонхи нь үздэг, хамгийн олон үзэгчтэй гэж гайхуулцгаагаад байдаг телевизүүд анализ хийж нэгийг бодох хэрэгтэй.

Хөгжлийн банк үнэхээр л ганцхан телевизийн сувагт найман зуу гаруй доллар өгчихөөд бусад хэвлэл мэдээллийн байгууллагад, ялангуяа Монголын топ хэвлэлүүдэд нэг ч төгрөг өгөөгүй нь үнэн үү. Үүнд шууд эргэлзээ төрж байна. Монголын хэвлэл, мэдээлэлд мөнгө зарсан л байж таарна. Ажлын хэсгийн мэдэгдсэнээр дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулсан гээд байгаа. Тэр мөнгө хаашаа оров. Яг энэ асуудлын гогцооноос зуурч авахад Монголын сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрх тун ч уншигдахаар байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Хөгжлийн банктай очиж уулзан таван төгрөг салгасан нь мэдээж. Хэрвээ редакторууд очиж уулзсан бол ердөө 300-400 мянган төгрөгөөр л тохирно. Үндсэн байгууллагадаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр хувьдаа, 400 мянган төгрөг халаасалчихаад ганц нэг мэдээг нь зурагтаар явуулах, сониноор гаргах нь тэдэнд ашигтай. Ингэж хэлснээр хэвлэл мэдээллийнхнийг доромжилж байгаа юм биш.

Сэтгүүл зүйн өнөөгийн өнгө төрх ердөө л ийм болсон. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Хөгжлийн банкныхантай сэтгүүлчид уулзсан бол бүр инээдэмтэй дүр зураг харагдана. Сурвалжлагчид 30-40 мянган төгрөгийн л үнэ ханш хэлнэ. Түүн дээр нэмээд эмэгтэйчүүд нь оройн хоол, эрчүүд нь ганц шил юм л нэхнэ дээ. Өөр ч зүйл яригдахгүй л болов уу. Ингээд мэдээг нь гаргаад өгчихнө. Хөгжлийн банк Монголын хамгийн олон мянган уншигч захиалагчтай “Өдрийн сонин”-той ганц ч төгрөгийн гэрээ хийгээгүй. Харин манай редактор, сурвалжлагчид дээрх маягаар хувьдаа таван төгрөг аваад л өнгөрсөн байлгүй. Монголын сэтгүүл зүй хөгждөггүй, өнөөдрөө аргацааж үлгэн салган яваагийн гол учир шалтгаан энэ юм. Телевиз сониноо боддоггүй, зөвхөн хар амиа хичээж өнөөдрийн таван төгрөгөөс ирээдүйн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтынхаа сувгийг хэвлэлийнхэн ингэж л хааж боодог. Мөнгөтэй болж, хөрөнгө оруулалт татаж байж эдийн засаг сэргэн тухайн байгууллага цаашид оршин тогтнох бааз суурь нь улам батаждаг жамтай. Орчин үеийн шинэ техник технологиор ажилчдаа хангах, гадагшаа дотогшоо явуулах, сургалтад хамруулах, орон байр өгөх гээд бүхий л зүйл хөрөнгө мөнгөтэй холбоотой. Гэвч дотор нь ажиллаж байгаа хүн зөвхөн өөрийгөө бодоод байгууллагадаа 20 сая төгрөгийн гэрээ хийхээс илүүтэйгээр өөрөө 300 мянган төгрөг авчихаад хорлоод суувал ямар байх вэ. Бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд манай хэвлэл мэдээлэл өнөөдөр ямар ч дархлаагүй болсон. Захын нэг нөхөр сэтгүүлчдийг цуглуулаад таван төгрөг өгөөд нийгмийг яаж ч эргүүлж болох болсон. Энэ бол хамгийн том аюул.

“Блүүмбэрг” телевиз 2012 оны аравдугаар сараас Монголд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байдаг. Дэлхийн 270 сая айл өрх санхүү эдийн засгийн гол мэдээллээ авдаг хийгээд бизнесийн амжилтын стратеги, тэрбумтнуудын нууц, Ази Номхон далайн санхүү эдийн засгийн төвүүд төдийгүй Европ, Хойд Америкийн зах зээлийн үйл явдлыг шууд дамжуулдгийг бид мэднэ. Дэлхий дахинд бол үнэндээ эдийн засаг бизнесийн том суваг. Харин Монголын нийгэмд тэр бүр нөлөөллөө хүчтэй тогтоож хараахан чадаагүй байгаа жижигхэн телевиз.

Гэтэл орчин цагийн хэвлэлийн менежмэнт гэж ямар байдгийг тухайн телевиз харуулж ердөө ганцхан банктай хоёр тэрбум орчмын зар сурталчилгааны гэрээ байгуулж чадаж байна. Үүнд хэвлэлийнхэн өөрсдөдөө дүн шинжилгээ хийж, сэтгүүлч сурвалжлагчдынхаа хар амиа бодсон өчүүхэн сэтгэлгээг өөрчилж, рекламын гэрээ байгуулж түүнээс ашгаа хүртдэг олон улсын жишгийг дагах цаг болсныг Хөгжлийн банкны 800 мянган доллар гэрчлээд өгөв бололтой.

Р.БАТСҮХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү? нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэг, хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ”Ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ” ярилцлага нийтлэгдлээ.

Мөн нэг болон зургаадугаар нүүрт Г.Саруул: “Банкны салбарт шинэ уур амьсгал, шинэ бизнес загварыг оруулж ирнэ”ярилцлага оржээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Хөгжлийн банк “Блүүмбэрг” телевизэд 800 мянган доллар өгчихөөд Монголын хэвлэл мэдээлэлд ганц ч төгрөг зарцуулаагүй гэж үү? нийтлэл хэвлэгдлээ.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын ээж Ц.Гантбаттай хийсэн “Хүү минь надад хийсэн буруу зүйл байхгүй. Битгий санаа зов гэсэн”ярилцлагыг долдугаар нүүрээс уншаарай.

Төв аймгийн Архуст суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрснээс болж хүүхдээ сахиж байсан 24 настай эмэгтэй харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл энэ хэргийн дүгнэлт гарчээ. Энэ талаар хадам эгч Ц.Нарангэрэлтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг 11 дүгээр нүүрээс уншаарай.

Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагын “Далай ламын захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн” ярилцлагы 12-р нүүрээс уншаарай.

“Дэвжээ” буланд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцалтай хийсэн ярилцлага оржээ. Тэрээр дугуйн спортод зориулсан 40 гаруй жилийнхээ жаргалтай болоод зовлонтой дурсамжаа бидэнтэй хуваалцжээ.

“Сонгодог урлаг” буланд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглосон УДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруултай хийсэн ярилцлага оржээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *