Categories
мэдээ цаг-үе

М.Амбага: Далай ламын захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн

Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага нэгэн шинэ онол нээсэн билээ. Түүний шинэ нээлттэй холбоотой бүтээлийг Германы “Lam­bert” хэвлэлийн газраас ном болгон өнгөрсөн наймдугаар сард хэвлэсэн юм. Доктор М.Амбагатай сүүлийн хэдэн арван жилийн туршид хийсэн судалгааны ажил, шинэ онолынх нь талаар ярилцсан юм.

-Анагаах ухааны салбарынхан таныг андахгүй сайн мэддэг. Та манай уншигчдад өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлын талаар товчхон танилцуулаач?

-Би бол жирийн нэгэн эрдэмтэн, судлаач хүн. Дөчин жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. 1977 онд 22 настай байхдаа л ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд доктор Ц.Хайдавын удирдсан Уламжлалт анагаах ухааны судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар анх ажилд орж байлаа. Энэ дөчин жилд би нэг л чиглэлийн ажил хийсэн. Гэхдээ өөрийгөө хүн хийдэггүй том юм хийсэн гэж хэлэхгүй. Дөчин жилийн хугацаанд нэг ч өдөр, давруулж ярих юм бол нэг ч цаг шинжлэх ухааны ажлаа мартаж байсангүй. Эргээд харахад миний эрдэм шинжилгээний ажил, хэвлэгдсэн бүтээлүүдийг хэн нэгэн надад тэг ингэ гэж зааж өгөөгүй ч зөв замаар явсан юм уу даа гэж бодогддог. Би хэд хэдэн түүхэн хугацааг дурдмаар байна. 1977 онд анх Байгалийн нэгдлийн хүрээлэнд ажилд орчихоод байсан үе. Маарамба Чойжамц, Доржжанцан, Санжаажав, Баавгай гуай гээд түвд хэлтэй мундаг хүмүүс тэнд ажиллаж байлаа. Тэдний ярьдаг юм нь гэвэл одоо миний судалж, хэлж тайлбарлах гээд оролдоод байгаа хий, шар, бадган, таван махбодын онолын холбогдолтой зүйлүүд байлаа. Ажилд орсон эхнийхээ өдрөөс л би энэ сонирхолтой яриаг сонссон хүн. Гэхдээ тэр чиглэлийн судалгаа руу айхтар гүнзгий орж чаддаггүй байлаа. 1979 онд аспирантурын шалгалт өгөөд ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан. Тэнд бас нэгэн азтай учрал тохиосон. Миний багш мембраны онолын хүн байсан. А.Х.Коган багш маань надад их хэрэг болсон. Багшийн маань надад ярьсан зүйл дотор мембраны төлөвүүдийн талаарх яриа багагүй гардаг байсан. Тэр ч бүү хэл багш бид хоёр энэ талаар нэг ном бичих санаатай байсан боловч амжаагүй юм. Ингээд настай мундаг маарамбуудаас хий шар, бадган, таван махбодын онол, нөгөө талаас гадаад багшаасаа мембраны төлөвийн талаар сонссон нь яваандаа эдгээр нь хоорондоо холбогдох учир барилдлага болсон. Энэ бол ёстой л нөгөө бурхны аврал байсан гэх үү дээ. Өөрчлөн байгуулалт болж хий, шар, бадганы онолыг судлах талд хандлага зөөлөрсөн. Ингээд аспирантураа төгсөөд 1985 онд энэ сэдвийг аваад судлах боломж бүрдсэн. Тэр үеэс л би хий, шар, бадганы онолыг тайлбарлах гэж оролдсон хүн дээ. Энэ оролдлогын дотор амьд эс дотор гурван төлөв бүхий нэг том тогтолцоо байдаг юм байна гэсэн бодол салаагүй. Гэтэл 1990 оны намар нэг өглөө гэнэт хий, шар, бадганы гурвалсан онол, мембраны гурван төлөв хоёр холбоотой юм байна гэсэн сонин бодол төрж билээ. Дөрвөн жилийн дотор судалгаа шинжилгээний ажлаа хийгээд 1994 онд энэ сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш 1995 онд “Хий, шар, бадган ба мембрант байгууламж” гэсэн анхны номоо бичиж хэвлүүлсэн. 1996 оноос анхны шавиа эрдмийн зэрэг хамгаалуулж түүнээс хойш дөчөөд хүний эрдмийн ажлыг удирдлаа. Хий, шар, бадган, мембраны гурван төлөвт зохицуулгын чиглэлээр 200-гаад ном, 400-гаад өгүүлэл хэвлүүлсэн. Зөв замаар яваад байсан юм уу даа гэдэг маань үүнийг л хэлээд байгаа юм. 2000 онд энэ чиглэлээр сургууль байгуулсан. Одоогийн Шинэ анагаах ухааны дээд сургууль. Ингээд оюутнуудад энэ чиглэлээр өөрөө лекц унших хэрэгтэй болсон тул яавал ойлгомжтой хэлбэрээр ярих талаар өдөр болгон боддог болсон нь онолоо улам боловсронгуй болгоход их сайнаар нөлөөлсөн. Миний эрдэм шинжилгээний бүтээлүүд гадаадын, тэр дундаа өөр өөр улс орны нэр хүнд бүхий арваад томоохон сэтгүүлд нийтлэгдсэн. Энэ бол том алхам гэж боддог. Саяхан Германы хэвлэлийн газраас номыг маань хэвлэсэн. Нэг ийм л үргэлжилсэн удаан атлаа өгссөн хэлбэрийн судалгаа шинжилгээний үйл амьдрал ар араасаа өрнөсөн юм даа.

-Та бол NCM буюу шинэ анагаах ухаан гэсэн нэр томьёоллыг бий болгосон. Яагаад шинэ гэх болсон юм бол, ямар учраас NCM гэж нэрлэснээ тайлбарлаач?

-Уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухаан хоёрыг цоо шинэ мэдлэгээр холбож өгснөө би ингэж нэрлэсэн. Эхэндээ би “Уламжлалт анагаах ухаан судлал” гэж нэрлэдэг байсан боловч энэ нэрээрээ уламжлалт анагаах ухаан чиглэлээр хийгдсэн бусад хүмүүсийн судалгаанаас миний эрдмийн ажил ялгарахгүй байсан. Бараа бүтээгдэхүүнээр ярих юм бол давтагдахгүй, брэнд нэртэй болох ёстой юм байна гэж бодлоо. Эхлээд монгол нэр өгье гэж бодсон боловч болоогүй. Тиймээс NCM (Newly Coded Medicine) гэсэн нэр өгсөн. New гэдэг нь шинэ, Code гэдэг нь нэг талаас уламжлалт анагаах ухаан, нөгөө талаас орчин үеийн анагаах ухааны үзэл баримтлалыг холбосон шинэ мэдлэгэн код-хоорондоо үл нийцэгч мэдлэгүүдийг нэгтгэн холбогч гүүр код гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний бий болгосон хоёр том анагаах ухаан хоёр талдаа байхад бидний олсон, бий болгосон шинэ мэдлэгийн код тэдний дунд нь зогсч, хооронд нь нийлүүлснээр цоо шинэ гуравдагч анагаах ухаан бий болж байна гэсэн санаагаар NCM гэж нэрлэсэн. Сургуулиа мөн ингэж нэрлэе гэж бодсон боловч гадаад нэр өгч болохгүй гэсэн тул “Шинэ анагаах ухаан” гэж нэрлэсэн.

-Та өөрөө орчин үеийн анагаах ухааны чиглэлээр сурсан. Энэ хоёр анагаах ухааныг холбож өгөхийн тулд уламжлалт эмчилгээ, эм зэргийг нэлээд судалсан байж таарна.

-Амьд эс гэдэг бий болоод 4.4 тэрбум жил болсон. Уламжлалт анагаах ухаан бий болоод гурван мянган жил болжээ. Хүн, амьтны бие эсээс тогтдог гэдгийг нээгээд 400-гаад жил өнгөрсөн. Анх 1665 онд Роберт Гук, дараахан нь Левенгук амьд эсийг дуран авайн тусламжтайгаар нээсэн юм. 1665 онд хүртэл уламжлалт анагаах ухаан их давамгай байсан бөгөөд амьд эсийн тухай ойлголт байгаагүй. Хүний бие дотор бодитой байгаа юм бол амьд бие, амьд бадган, амьд шар гэж бүгд ойлгодог, үүнийг хэн ч эсэргүүцдэггүй, эсэргүүцэх үндэс ч байгаагүй. Тухайн үедээ бол асар дэвшилттэй төсөөлөл, үзэл баримтлал байсан. Ийнхүү 1665-1860 оны хооронд Европт амьд эсийн тухай үзэл баримтлал төлөвшсөн. Амьд бие амьд хий, амьд шар, амьд бадганаас тогтдог тухай ойлголтыг яаж амьд эсийн тухай энэ хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалтай зөв, зөрчилдүүлэхгүй, аль нэгийг нь буруутгахгүйгээр холбох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ л бидний судалгааны үндэс болсон. Уламжлалт анагаах ухаан бол бие дотор байдаг гурван төлөвт байдал бий гэдгийг хэлсэн байдаг. Ер нь уламжлалт анагаах ухаан бол амьд эсийг анх удаа хий, шар, бадгана гэсэн гурвал кодоор томьёолсон гайхамшигтай анагаах ухаан шүү дээ. Энэ хий, шар, бадганаар кодлогдсон зүйл маань угтаа 1665 оноос амьд эс гэдэг нэрээр яригдах болсон тэр зүйл дотор байдаг нь тодорхой болсон хэрэг. Хүний бие дотор 14 триллион эс байдаг гэж үздэг. Эдгээр олон миллиард эсийн доторх мембрант байгууламжийн төлөв байдал өдөрт гурван удаа өөрчлөгдөж байдаг. Өглөө нэг өөр, өдөр нэг өөр, орой нэг өөр. Адууны мах идэхэд нэг өөр, үхрийн мах идэхэд бас нэг өөр болно. Бага балчир насанд, идэр залууд, хөгшрөхөд өөр өөр. Улирал бүр өөрчлөгдөнө. Бидний энэ үзэл баримтлал гарахаас өмнө энэ хоёр шинжлэх ухаан хоорондоо багагүй зөрчилддөг байлаа. Эрдэмтэд нь хоорондоо ойлголцохгүйд хүрдэг явдал ч гардаг байсан. Харин бидний энэ онолоор нарийн ярих юм бол электрон протоны урсгал, мембран дахь гурван төлөв байдал дээр энэ хоёр анагаах ухааны онолууд хоорондоо нийлэн зангидагдаж байдаг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдөх юм юу ч байхгүй нь тодорхой болсон. Сайн муу, илүү дутуу гэж ярихын оронд энэ хоёр анагаах ухааныг NCM буюу шинэ анагаах ухаан руу нийлүүлэн оруулж сургалт, эмчилгээ, эмийн бодисыг судлахдаа ч ашиглаж болох үндэслэлийг бид гаргасан юм. Уламжлалт анагаах ухааны нэг гайхалтай жор байлаа гэхэд түүний үйлдлийн механизмыг мембраны төлөв дээрээ судлаад тайлбарлаад байхад зөрчилдөхгүй. Сая Улаан-Үдэд болсон олон улсын хурал дээр би илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ би хоёр номын агуулгыг харьцуулан ярилаа. Нэг нь 1980-аад онд Дарамсалад хэвлэгдсэн “Уламжлалт анагаах ухааны онолын үндэс” гэсэн нэртэй ном. Тэр номын ар дээр Далай ламын хэлсэн гайхалтай үгийг бичсэн байсан. Юу гэхээр, “Уламжлалт, орчин үеийн анагаах ухааныг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр, аль нэгийг нь сайн муу гэлгүйгээр, хооронд нь хольж хутгалгүйгээр энэ салбарын эрдэмтэд хамт суугаад шинэ онол баримтлалыг бий болгох юм бол хүн төрөлхтний түүхэнд энэ хоёр гайхамшигтай анагаах ухааныг багтаасан анагаах ухааны гурав дахь тогтолцоо гарч ирнэ” гэсэн байдаг. Энэ номыг би санамсаргүй олж уншсан юм.

-Далай ламын хэлсэн тэр санааны биелэл нь таны нээсэн шинэ онол буюу NCM мөн үү гэж танаас асуух гээд байна?

-Тийм ээ, мөн. Үүнийг 1980-аад оны үед Далай лам хэлсэн байгаа юм. Дээрхийн гэгээнтэн маань иймэрхүү юм байх ёстой гэдгийг зарчмын хувьд тэр үед тодорхойлсон байна. Гэтэл Монголын эрдэмтэн түүнийг нь мэдээгүй, дуулаагүй байхдаа энэ хоёр анагаах ухааныг холбосон. Далай лам бол ерөнхий санааг нь хэлсэн. Би Дээрхийн гэгээнтэнтэй уулзаж байгаагүй, намайг мэдэхгүй. Гэтэл түүний захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн байна. Шинжлэх ухаан гэдэг маань нэг иймэрхүү л зам мөрөөр явдаг бололтой юм.

-Хоёулаа тодорхой жишээн дээр ярья л даа. Таныг гаргасан NCM-ийн онолыг ямар өвчнийг эмчлэхэд туршин ашигласан бэ?

-Бидний бүтээсэн салимон, нефромон, хоффитас гээд эмүүд бий. Жишээ нь, дархлаа сайжруулах үйлчилгээтэй эмийг Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан хэдэн зуун ургамал дотроос олж гаргана гэвэл хий, шар, бадганы ямар кодчиллоор энэ ургамлууд хэрэглэгдэж байсныг эхлээд судлах хэрэгтэй. Тэндээсээ хөөгөөд энэ нэг хэсэг ургамлууд л дархлаа сайжруулах үйлчилгээтэй эм болох боломжтой юм байна гэдэг урьдал санааг мембраны онолын үүднээс туршилт эхлэхээс өмнө оюун бодлын хүрээнд гаргаад ирнэ, дараа нь үүнийгээ батлах судалгааг амьтад дээр явуулна.

Арван мянган жороос яг оновчтойг нь сонгоно гэдэг эрдэмтэн хүний мэдрэмж, зөн совин багагүй оролцдог зүйл шүү дээ. Утга учиргүй судалгаа явуулаад л баахан цаг үрээд, мөнгө зарцуулаад байх хэцүү. Бүр тодруулж хэлбэл, орчин цагийн анагаах ухаанд хэрэглэгдэх зайлшгүй шаардлагатай нэг эмийг гарган авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл мембраны онол, редокси потенциалын онол, протоны урсгалын онолыг ашиглаад уламжлалт жоруудаас эрэл хайгуул хийдэг. Ингээд арван мянган жороос гурван мянгынх нь дотор хайлт хийнэ гэсэн үг. Тэрнийгээ багасгасаар байгаад сүүлдээ тав, арван жорыг үлдээж аваад харин тэдэн дээрээ бол ёстой маш нарийн судалгааг явуулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа ажлын чиг баримжааг өөрийнхөө онолоос авдаг гэсэн үг. Энэ бол зөвхөн шинэ эм дээрх жишээ. Тэгвэл өвчин дээр авч үзье. Халдварт шар өвчнөөр гурван хүн өвчилсөн байна гэж бодъё. Бүгд нэг хүн эсвэл эмнэлгийн хэрэгслээс авсан байж болно. Эмч нар бол дийлэнхдээ үүнийг гурвуулаа адилхан эмгэг жамтай гэж ойлгодог. Тиймээс нэг ижил чиглэлээр эмчилдэг. Бидний шинэ онолоор бол нэг өвчтөн нь төрөлхийн шарын хийсвэр кодтой. Нөгөө нь бадганы хийсвэр кодтой, гурав дахь нь хийн хийсвэр кодтой байсан байж болдог. Энэ тохиолдолд уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг оновчтой ашиглаагүйгээс болоод зарим нэг алдаа гарах магадлал өндөр. Мөн дээр нь бидний энэ онолыг дээрх уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолоо тайлбарлахад ашиглаж альфа гамма төлөв түвшинд дахиад авч үзвэл алдаа бүр багасна.

Тэгэхлээр биднийхээр бол хий, шар, бадганы онолоо ашиглан оношоо алдалгүй тавиад, дахин орчин цагийн анагаах ухааны оношоо тавиад, дараа нь гурав дахь онолоо барьж байгаад мембраныг түвшинд электрон протоны урсгалын түвшинд бидний нээсэн гээд байгаа протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээний аль үе шат дээр эсийн түвшинд илүүтэй гэмтсэнийг тогтоож оношоо бүр тодруулаад эмчилгээ явуулбал алдаа тэр хэмжээгээр багасна. Ингэхэд бидний боддогийн эсрэг эмчилгээ хийх үндэслэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг сонссон хүмүүс ямар эсрэг юм яриад байна гэж бодож магадгүй. Ингэж эмчилсэн тохиолдолд халдварт шар өвчний дараахь архагшилт үлэмж багасах боломж байгааг бид амьтан дээрх туршилтын нөхцөлд баталсан юм. NCM анагаах ухаан нь бүх өвчний оношлогоо, эмчилгээнд иймэрхүү хандлагыг шинээр бий болгосон. Мэс заслын практикт ч энэ хандлагыг хэрэглэж болно.

-Таны энэ онолыг манай эмч, эмнэлгүүд авч хэрэглэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Бидний энэ онол хугацааны хувьд сүүлийн 20-30 жил дотор л яригдаж байгаа шинэ зүйл. Иймээс одоохондоо анагаах ухаанд шууд авч хэрэглэхгүй байгааг зөвтгөх зүйлүүд бий. Гэхдээ ОХУ-ын эрдэмтэдтэй энэ талаар бидний эхлүүлсэн зүйлүүд зарим нь хэрэгжээд эхэлсэн. Манай эмнэлэг, эмч нар батлагдсан стандарт эмчилгээ, оношлогоогоо л баримталдаг. Түүнийгээ баримтлахгүйгээр янз бүрийн шинэ санааг хэрэгжүүлээд эрсдэл үүсэх юм бол хэцүү, хууль ч чанга болчихсон байна. Манай улсын эмч, эрдэмтэд бидний онолыг олон улсын түвшинд хэр баталгаажих нь вэ, гадаадын эрдэмтэд хэр зэрэг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байсан байх л даа. Гэхдээ сүүлийн хоёр жилд дэлхийн эрдэмтэд бидний шинэ санааг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байгаа нь мэдээж судлаач бидэнд бол хамгийн чухал зүйл юм. Гадаадын анагаах ухааны чиглэлээр дагнасан томоохон сэтгүүлүүд бидний бичсэн, явуулсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг дэлхийн эрдэм шинжилгээний төвүүд рүү илгээж, мэргэжлийн өндөр түвшний эрдэмтдээс санал авахдаа “Таны энэ санаа өмнө нь байгаагүй, давтагдашгүй чанартай болжээ” гэсэн дүгнэлтийг ирүүлээд хэвлэж байгаа нь бидний дөчин жилийн хөдөлмөр талаар болоогүйг харуулж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *