Categories
гадаад мэдээ

Америкийг нэвтрүүлэхгүй гэсэн амлалттайгаар Оросоос арлуудаа авахыг Япон сонирхож байна

Япон­-АНУ-ын батлан хамгаалах гэрээнд хамруулахгүй байх нөхцөлтэйгээр Токио Москвагаас маргаантай арлуудаа эргүүлж авах хувилбар яригдаж байгааг дпломат эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын цэрэг, зэвсгийн үйл ажиллагаанаас болгоомжилж байгаа Оросуудад ийм амлалт өгснөөр арлуудыг эргүүлэн авах хэлэлцээр илүү хялбар болно гэж Токио үзэж байгаа аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины арванхоёрдугаар сард Японд хийх айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөхөөр бэлдэж байгаа юм.

Маргаантай дөрвөн арлын асуудлаас болоод одоо болтол хоёр улс Дэлхийн хоёрдугаар дайны дараах энхийн гэрээг байгуулаагүй байгаа.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Оросууд 1956 оны Япон-Зөвлөлтийн хамтарсан мэдэгдлийн дагуу бага хоёр арлыг энхийн гэрээ байгуулагдмагц эргүүлэн өгөх боломжтой гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Гэвч үүнд саад болж байгаа нэг зүйл нь Япон-АНУ-ын хооронд байгуулагдсан батлан хамгаалах гэрээний 5 дугаар зүйл. Уг заалтын дагуу, хэрвээ Япончууд бага хоёр арал болох Шикотан, Хабомайг эргүүлэн авбал тэнд АНУ цэргээ байрлуулах боломжтой болох юм.

Тиймээс Япончууд гэрээний 5 дугаар зүйлд дээрх хоёр арлыг хамааруулахгүй байх боломжийг судалж байна. Үүний дагуу ерөнхий сайд Шинзо Абэ маргаантай арлуудыг 5 дугаар зүйл заалтад хамааруулахгүй байх сонирхлоо зарлаж болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл ийм улс төрийн сонирхлоо зарлаж, АНУ-аас зөвшилцөл хийхийг хүсэж магадгүй байна.

Гэвч Украин, Сирид Оростой зөрчилтэй байгаа АНУ ийм хүсэлтийг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

Одоогоор тус арлуудын ойролцоо Охотскийн тэнгист Оросууд АНУ-ын цөмийн цохилтоос хамгаалах цөмийн шумбагч хөлгүүдээ байрлуулаад байгаа. Хэрвээ арлууд Японы харьяанд орвол энэ бүсэд Оросуудын давамгайллыг бууруулахын тулд АНУ цэрэг, зэвсгээ байрлуулах нь тодорхой.

Ингэвэл Оросын цэрэг, зэвсгийн Номхон Далайд гарах гарцыг Америк хааж чадах юм.

Тиймээс дээрх хувилбарыг АНУ-аар зөвшөөрүүлэх нь маш хэцүү, Япон-АНУ-ын холбоотны суурь харилцааг хөндөж болзошгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *