Өнгөрөгч долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Томилгоогоор Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллах болсон.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн ээлжит хурал тун удахгүй хуралдаж, гүйцэтгэх захирлын нэрийг зарлана. Харин хэн гүйцэтгэх захирлаар томилогдох вэ гэдэг нь аль хэдийнэ тодорчихсон болох нь өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдлээс илэрхий болсон.
Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд томилно. Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлөх хүмүүсийг томилсон. Харрин ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай” гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эрх баригч намын “Бодлогын хүн” очдог байсан. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн дотнын хүн Ч.Ганзоригийг мэдлэг боловсрол, үйлдвэр, худалдааны салбарт ажилласан туршлагаар нь онцлон “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилж байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригч намаас УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилох шийдэлд хүрчээ. Түүний хувьд хотын ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн болж, улмаар сайдаар сонгогдож байсан нэгэн билээ. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн бөгөөд түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. Энэ утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нөлөө өнөө хэр хүчтэй байгаа гэх яриа ч байгаа юм. Мөн түүнийг ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгтэй худ ураг гэх яриа ч дуулддаг.
Ямартай ч энэ удаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.