Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзсан юм. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өглөө. Мөн яамдууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус, тусдаа тайлагнасан.

Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. Тухайлбал:

-Тавантолгой төсөлд өмнөх түншлэлтэй хийж байсан хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон тухай мэдээлсэн. Засгийн газар өмнө нь нэлээд олон хэлэлцээр хийсэн байдаг. Тиймээс аль түншлэлтэй хийсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэх вэ?

-Өмнө нь гэрээ хийх түншлэлээ сонгоод, Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээ хийж байсан “Mongolia mining corporation”-ий түншлэлийг хэлж буй бололтой. Манай Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байна. Тиймээс өмнөх хэлэлцээрийг судалж үзэж байгаа. Гэхдээ алдааг нь залруулах хэрэгтэй.

-Төмөр замын төсөлд хаанаас санүүжилт татах вэ?

-Төмөр замын төслийг урагшлуулахын тулд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий. Улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай төмөр замын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт ч тавьсан. Тавантолгойн төмөр зам болон уурхайн ашиглалтын цогцолбороор нь явуулах ёстой.

-Ам.долларын ханш “Найман шарга” зах дээр 2360 төгрөгтэй тэнцлээ. Яах хэрэгтэй вэ?

-Өмнөх Засгийн газар “Сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүдийн хүрээнд асар их хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлсэн. Санхүүгийн зах зээл рүү оруулсан мөнгө ам.долларыг чангалж байна. Энэ байдлыг манай Засгийн газар зогсоож, валютын ханшийг тогтворжуулсан. Одоо буулгах арга зам хайж байна. Валютын дотогшлох урсгалаа нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн цөөн урсгалаар валют орж ирдэг. Экспортоо нэмэх хэрэгтэй байна. Сангийн яамнаас Хямралыг даван туулах хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлвэл ам.долларын ханш буцаад 2250 төгрөгтэй тэнцэх болно гэж харж байгаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газрын 100 хоногт нэг бэлэгшээлтэй зүйл тохиолоо. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсан. Тиймээс энэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц байна гэж бэлэгшээж байна. Монгол улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр юм.

Манай Засгийн газар түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн.

Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэр гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэр гаргасан. Яг үнэнийг хэлэхэд биднийг ажлаа хүлээж авахад хүүхдэд өгөх мөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч бид хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараахь байдлаар тоймлон сэтгүүлчдэд мэдээллээ. Үүнд:

1. 3993 татварын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн. Мөн 373 нийгмийн даатгалын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн

2. “Эрдэнэт”-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхэллээ

3. “Тавантолгой” чиглэлд 13 хатуу хучилттай зам тавихаар болсон

4. Төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан

5 .Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн

6. Оюутнууд төлбөрийн дарамтгүй болсон

7. 12609 хүүхэд цэцэрлэгтэй болсон

8. Орхон голоо хамгаалж үлдэх шийдвэр гаргасан

9. Монгол улсын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон

10 .Мянганы сорилтын сангийн тусламж дахин ирлээ

11. Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон

12. Аж, ахуйн нэгжийн орлогын татварыг 1 хувь болгоно

13. Оффшорыг хуульчлан хориглохоор болов

14. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

15. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулахаар болсон

16. 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон

17. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахаар тогтлоо

18. Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.метр болгож нэмэгдүүллээ

19. Хөшигийн хөндийн хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ

20. Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдлээ

21. Автобензин, дизелийн түлшний онцгой алан татварыг буурууллаа

22. Эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг цахимжуулав

23. Гемодиализын эмчилгээ төлбөргүй, хүртээмжтэй боллоо

24. Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

25. Нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айл цахилгаантай болов

26. Хонгор суманд нарны цахилгаан станцын ажлыг эхлүүллээ

27. Хятадын буцалтгүй тусламжаар 1000 орчим айлын орон сууцыг барихаар болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *