Categories
мэдээ цаг-үе

Акош Мадари: Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхож байгаа

Энэ өдрүүдэд “Улаанбаатар хот дахь Унгарын долоо хоног” тохиож байна. Уг арга хэмжээ даваа гаригт 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ. Энэ үеэр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Акош Мадаритай уулзаж, манай хоёр улсын харилцаа сүүлийн үед хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад тэрээр Москвагийн их сургуулийн оюутан байхдаа монгол хэл сурсан бөгөөд өмнө нь манайд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна.

-Нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2015 онд Унгар улс дахин Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн. Өнгөрсөн хугацаанд танай яамнаас хийсэн ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өнгөрсөн оны тавдугаар сард манайх Монгол Улс дахь ЭСЯ-аа дахин нээсэн. Үүнээс өмнө Унгарын Ерөнхийлөгч, дараа нь манай Гадаад хэргийн сайд танайд айлчилсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын ээлжит хуралдаан болсон юм. 2016 оны нэгдүгээр сард Унгарын Ерөнхий сайд Монголд айлчилсан бөгөөд түүнийг дагалдан 100 төлөөлөгч ирсэн. Энэ бол маш өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг хэлмээр байна. Учир нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжихөд нөлөөлсөн. Унгарын ЭСЯ дахин нээгдсэнээс хойш манай хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа эдийн засаг, соёл, боловсролын салбарыг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна бид янз бүрийн салбарт төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа. Саяхан танай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Унгарт айлчилсан бөгөөд энэ үеэр Биокомбинатын шинэчлэлийн ажлын талаар ярилцсан. Удахгүй энэ ажлыг ямар арга, технологиор хийхийг нарийвчлан тохирно. Хамгийн гол нь Унгарын технологийг хэрэглэх юм. Ирэх арванхоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Будапешт хотноо болох бөгөөд Монголын бизнесийн төлөөлөгчид энэ үеэр Унгарт очно. Ер нь Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхдог, бараг долоо хоног бүр манайхаас төлөөлөгчид ирж байна. Тэд янз бүрийн төслийн талаар санал тавьдаг. Сүүлийн жил манай хоёр улсын гадаад худалдааны гүйлгээ нэмэгдсэн. Унгарын үнэт цаас хэвлэдэг компани танай шинэ иргэний үнэмлэхийг хэвлэж байгаа. Электрон иргэний үнэмлэх нь чиптэй, орчин үеийн технологийг ашиглан хийгдсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг Унгарын компаниуд сонирхож байна. Энэ чиглэлээрх төслийн санхүүжилтийг шийдэх бөгөөд манай EXIN банк энэ ажлыг дэмжиж байгаа. Өөр нэгэн Унгарын компани Монголд газрын тос олборлох, цэвэрлэх инженерийн технологийг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна. Ер нь бол хамтран ажиллах боломж нэлээд байна. Жишээ нь Будапешт, Улаанбаатар хоёр идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жил Унгарын нийслэлийн орлогч дарга танайд айлчилсан. Ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Будапештад айлчилна. Энэ үеэр нийслэл хотууд эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм. Мөн “Смарт сити” төслийн технологийн талаар ярилцахаар төлөвлөсөн. Манай техник технологи нь чанарын хувьд сайн, Франц, Герман зэрэг орнуудынхтай харьцуулахад хамаагүй хямд. Эдийн засгаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2015, 2016 онуудад хэдэн зуун монгол залуус Унгарт суралцахаар явсан.

-Эдгээр залуус нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа юу?

-Тийм ээ. Манай Засгийн газраас сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэнээр ийм боломж бүрдсэн. Унгарын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа суралцагсдын тоог ирэх жилээс 200 болгон нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ бол миний бодлоор хамгийн сайн тусламж. Учир нь сайн боловсон хүчин Монголыг хөгжүүлэх хүч нь болж өгнө. Танайд хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа. Тиймээс энэ чиглэлээр суралцах Монголын залууст тэтгэлэг олгож байгаа. Техник, технологийн мэргэжлээр суралцагсад эх орондоо ирээд сурч мэдсэнээ нэвтрүүлнэ.

-Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд учирч байгаа гол бэрхшээл нь юу вэ?

-Хамгийн гол бэрхшээл нь хоорондын зай. Хоёр улс 4000 орчим км зайтай оршдог. Сүүлийн үед Монголд Унгарын барааг нэлээд оруулж ирсэн. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтарсан төслүүд бий гэхдээ тэднийг ямар аргаар санхүүжүүлэхийг хараахан шийдээгүй байна. Төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг боловч банкны баталгаа хэрэгтэй.

-“Улаанбаатар дахь Унгарын долоо хоног”-ийн хүрээнд ямар ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ой тохиож байгааг дурдсан. Үүнтэй холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг даваа гаригт хийлээ. Үүнд манай нэрт хөгжмийн зохиолч Бела Бартокийн талаар өгүүлсэн зургууд тавигдсан. Үүнээс гадна Унгарын хамгийн сайн чанар бүхий, дэлхийд нэртэй бүтээгдэхүүнүүдийг монгол анд нөхдөдөө толилууллаа. Энэ үеэр Унгарын дарс импортлогчдыг дэмжиж тэдний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Мөн Унгарт төгсөгчдийн холбоо, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэг гэж бий. Танайд Унгарт их, дээд сургууль төгссөн 600-гаад хүн байдаг. Тэднийг бид дэмжин ажиллахыг хичээдэг. Энэ долоо хоногийн арга хэмжээний хүрээнд Унгарт төгсөгчдийн холбоотой хамтран найрсаг уулзалт зохион байгуулна. Энэ үеэр оролцогсод хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа хэлэх байх. Даваа гаригт болсон үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын хоёр компани оролцсон. Эдгээр компаниудын дарга нь Унгарт төгссөн бөгөөд маш чанартай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийг нь би өөрөө хүртэл худалдан авч унгар найзууддаа бэлэглэхэд маш чанартай юм байна гэж их магтаж байсан. Манайд сургууль төгссөн хүмүүс ийнхүү амжилттай ажиллаж байгаад миний сэтгэл маш хангалуун байдаг. Тиймээс ч бид ийм хүмүүсийг заавал дэмжих ёстой гэж боддог.

-Ингэхэд та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?

-Би 1992-1997 онд Монгол дахь Унгар улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэл сурсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *