Авто тээврийн тухай хуулийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд Нийслэлийн тээврийн газраас хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал “Гбус” ХХК-ийн гурав, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ-н нэг, “Автотерминал” ХХК-ийн ес, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн найм, “Тэнүүндэлгэр” ХХК-ийн тав, “Эрдэмтранс” ХХК-ийн долоо гээд нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь нь утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.
Зөрчлийг арилгуулах зорилгоор “Автотерминал” ХХК, “Тэнүүндэлгэр” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн “Гбус” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, ачааны 2 автомашины жолооч нарт 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцсон байна.