Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эрдэнэтийн 49 хувь дээр маргах шаардлагагүй, жам ёсоороо л явж байна

Image result for Ч.ХашчулуунМУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Таван толгой төсөл хөдөлбөл эдийн засагт том нэмэр болно гэж байгаа. Ойрын хугацаанд хөдлөх янз ажиглагдаж байна уу?

-Ямар ч нам засгийн эрх барьсан стратегийн хоёр дахь том төсөл болох Таван толгойг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Энэ Засгийн газрын хувьд эхний 100 хоногтоо багтааж БНХАУ, Япон Улсуудтай Таван толгойн хамаарах гол сэдвүүдээр ярьчих шиг боллоо. Төсөл амжилтад хүрэх нэг алхмыг хийчихсэн гэсэн үг. Зах зээлд яаж оролцох, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн хийх вэ гэдгээ тохирох учиртай. Таван толгой төслийг цаашид яаж хөдөлгөх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Хятадтай хэлэлцээр хийж байгаагийн сайн тал нь энэ чиг рүү явах эхний алхмаа хийсэн болов уу гэж харж байна. Нарийн ширийн деталь асуудал нь хожим гарч ирэх байх. Гэхдээ зарчмын хувьд шийдэлд хүрнэ гэдэг бол том алхам. Таван толгойн хоёр дахь том сонирхогч бол Япон. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж байсан улс. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ сэдвээр яриа хөөрнөө өрнөж, Японы зах зээлд Монголын нүүрсийг туршилтаар хүргүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Гуравдагч зах зээлд хүрэх замаа зайлшгүй нээх ёстой л доо. Хэдийгээр Хятадын зах зээл том, манай нүүрсийг шингээх бололцоотой ч Монголын хувьд нэг биш хэд хэдэн худалдан авагчтай байх нь илүү ашигтай.

-Таван толгойн гол асуудал бол төмөр зам. Төр төмөр замаа өөрөө барих ёстой, худалдан авагч талын хөрөнгө оруулалтаар барихаар нөгөө талд илүү ашиг ирнэ гэх юм. Энэ тал дээр байр сууриа хэлээч?

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт томоохон уурхайнуудын дэд бүтцийг аль болох хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой гэсэн заалт бий. Төмөр замын хөрөнгө оруулагч нь хэн ч байж болно. Гуравдагч орон, худалдан авагч улс, дотоодын гээд аль нь ч болох хувилбар. Учир нь төмөр замгүй бол аль ч талд хохиролтой, байвал хоёуланд нь ашигтай. Нэг нь илүү ашиг олох гээд байна гэж хардах шаардлагагүй. Хятадын компани төмөр замд хөрөнгө оруулж барилаа гэхэд саад бэрхшээл үүснэ гэж бодохгүй байна.

-Таван толгойд төрийн оролцоо өндөр байх ёстой юу, эсвэл хувьд даатгасан нь дээр үү?

-Дэлхийн жишгийг харахад төр уул уурхай, гутал, хоол хүнсний үйлдвэрлэлд оролцох нь зохимжгүй нь нэгэнт батлагдчихсан зүйл. Учир нь төр бол зохицуулагч. Төр бүхнийг үйлдвэрлэх ёстой гэдэг үзэл бол аль социализмын үеийн баримтлал. Зах зээлийн эдийн засагтай улсуудад төрийн өмчтэй компаниуд тодорхой тоогоор байдаг ч сүүлийн үед аль болох хувьчлах тал руугаа хандах болсон. Жишээ нь Япон төмөр замаа тэр чигт нь хувьчилсан. Бидний сайн мэдэх BBC компани гэхэд л хувьчлалд орж байна. Баруун Европын улсууд төрийн мэдлийн компаниудаа хувьчилж байгаа. Солонгосын Хөгжлийн банк хувьчлагдсан. Ерөнхий хандлагыг нь анзаарахаар улс орнууд томоохон компаниудаа хувьчилж байна. Төрийн мэдлийн компаниудаа хувьчилсаны эерэг нөлөө гэж яривал маш их. Учир нь тухайн компанид хөрөнгө оруулагчид орж ирснээр зардалд нь тавих хяналт, менежмент сайжирдаг. Хөрөнгө оруулагчид аль болох үр ашигтай ажиллуулахыг хичээдэг. Энэ нь эцсийн эцэст улсад л хэрэгтэй. Төрийн өмчтэй компаниуд ашигтай ажиллаж эхэлнэ, төсөвт өгөх татвар нь өснө. Алдагдалтай, татаастай, өрөнд баригдсан олон компани төрд хэрэггүй л дээ. Төсвийн алдагдал ихсэхээс өөр шидгүй шүү дээ. Мэдээж төр зохицуулалт, хяналтын үүргээ бол гүйцэтгэнэ.

-Төрийн оролцоо гэснээс сүүлийн үед Эрдэнэт дээр энэ асуудал халуун сэдэв болж байна. Зарим улстөрч Эрдэнэтийг 100 хувь төрд байх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт бол улсын том үйлдвэр. 51 хувь нь Монгол Улсын мэдэлд байгаа. 49 хувийг нь ОХУ-ын компани эзэмшиж байгаад зарчихлаа. Оросын талын хувь хувийн компанид очсоноор энэ компанийн хяналт илүү сайжирна. Зардал нь танагдана. ТУЗ-дөө холбогдох өөрчлөлтийг хийнэ биз. Төр нэгэнт илүү хувь эзэмшиж байгаа бол эзэмшигчийн хувьд эрхээ эдлэх нь ойлгомжтой. Эрдэнэт дээр айхтар маргаад байх зүйл байхгүй шүү дээ. Жам ёсоороо л явж байна.

-ОУВС-гийн төлөөлөл энэ сарын 20-нд ирнэ, “Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо. ОУВС-тай хэлэлцээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ. Энэ хөтөлбөрт орохоос аргагүй зайлшгүй шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Талцсан маргаан байр суурь бий ч “Стэнд бай” зайлшгүй хэрэгтэйг бүгд ойлгож байх шиг байна. “Стэнд бай” авахаас аргагүй хамгийн гол асуудал гэвэл ерөөсөө л өнөөгийн тогтолцоо. Санхүүгийн тодорхой хүндрэлтэй тулгарангуут хаа нэг газраас зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж ирсэн туршлага бидэнд бий.Өнгөрсөн жилүүдэд ийм арга хэрэглэсээр ирсэн. Ингэснээрээ санхүүгийн систем сайжраагүй, улам муудсан. Эдийн засгийн санхүүгийн төлөвлөлт маань болохгүй байгаа хэрэг. Тогтолцоо нь үрэлгэн, зардлаа зөв тооцож, танаж чадахгүй байна. Эцсийн эцэст зардал дээр нэг л гол асуудал бий. Их танахдаа биш юуг танах вэ гэдэгт гол учир байгаа юм. Улстөрчид таналт дээр сул улс. Яагаад гэвэл манайх ардчилсан тогтолцоотой. Улстөрчид дөрөв дөрвөн жилээр сонгогддог.

Тэр утгаараа улстөрчдийн зүгээс зардлаа таная гэж ярих нь маш хэцүү. Харин эсрэгээрээ зардлаа нэмэгдүүлье, ийм тийм юм хийж өгье гэж ярих нь илүү амар байдаг. Эцсийн дүндээ зардлаа танах биш, зардлаа нэмэгдүүлэх байдал руу хүссэн хүсээгүй орчихдог. Бүгд сонгогчдын гарт орсон учраас тэр л дээ. Тэгэхээр энэ асуудлыг монголчууд өөрсдөө шийдэж чадахгүй болчихсон. Ямар ч нам таналт хийж чадахгүй учраас гаднаас тусламж гуйхаас аргагүй. Өөрсдөө нөхөж чадахгүй болсон, их мөнгө урсдаг болоод удаж байгаа том нүхээ гадны байгууллагаас тусламж авч таглах шаардлага бий. Ингэж байж тогтолцоо сайжирна. “Стэнд бай” авч асуудлыг шийдэхээс аргагүй гэдгээ улстөрчид өөрсдөө мэдэж байгаа. Өөрсдөө шийдэхэд хэцүү учраас олон улсын байгууллагын хүрээнд шийдэх гэж оролдож байх шиг байна. Мөнгө авах бол дараагийн асуудал. Хамгийн гол асуудал нь тогтолцоогоо сайжруулах. Тогтолцоогоо сайжруулах чиглэлд ОУВС хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх байх.

-Төсвийн зардлаа өөрсдөө танаж чадахгүй гэж та сая ярилаа. Жишээ нь төсвийн бодлого дээр онцолж хэлэхээр яг ямар алдаа байна вэ?

-Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад УИХ-аар батлуулахаар оруулдаг. УИХ зардлаа багасгах биш нэмэгдүүлэх шахалтад орчихсон байдаг учраас нэмэгдүүлчихдэг. Зардлаа нэмэгдүүлэнгүүт төсвийн алдагдлыг тэг болгох гэж байсан сайхан санаа алга болдог. Сонгуулийн амлалттай холбоотой, ямар нэг тооцоо судалгаагүй хэрэгтэй хэрэггүй төслүүд орж ирдэг. Энэ бол намаас үл хамаарсан тогтолцооны гажуудал. Гэтэл Германд огт өөр жишиг үйлчилдэг. Засгийн газрын оруулсан төсвийг нэг бол тэр хэвээр нь баталдаг, эсвэл тэр чигт нь буцаадаг. Ийм хоёрхон хувилбар үйлчилдэг. Гэтэл манайд Засгийн газрын оруулсан Төсвийн төсөл дээр баахан зүйл нэмж, танигдахааргүй болгоод баталчихдаг. Танигдахааргүй болтол нь төсвийг зардлыг нэмдэг энэ сувгийг хаах ёстой.

-“Стэнд бай”-д орсон улсуудын үр дүн адилгүй байдаг. Амжилттай нь ч бий, амжилтгүй болж улам дордсон жишээ ч байгаа. Муу жишээ болохгүйн тулд ОУВС-тай хэлэлцээрт орохдоо бидний зүгээс юунд анхаарах ёстой гэж та бодож байна?

-ОУВС-гийн хувьд эдийн засгийн түргэн тусламж үзүүлдэг байгууллага. Хүүхдээр зүйрлэвэл Дэлхийн банк удаан хугацаанд өсгөн бойжуулж хөл дээр нь тэнцүүлдэг байгууллага. Харин ОУВС бол халуурангуут нь өвчнийг нь оношилж эм өгч халууныг нь буулгадаг газар. Халууныг нь буулгахаар улс орны эдийн засаг босч ирэх ёстой. Босч ирэхгүй тохиолдол бий. Тухайн үеийн зах зээлийн байдал сайжраагүй байж болно. Эмээ дуустал уугаагүй байж болно. Жишээ нь Грек ОУВС-тай гэрээ хийсэн, мөнгө авсан, гэхдээ хийнэ гэж амласан зүйлийнхээ 75 хувийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл эмээ уугаагүй гэсэн үг.

-Манай улс Грек шиг амласнаа биелүүлэхгүй бол…?

-Олон улсын байгууллагад хандаад хамтран ажиллая гэж байгаа нь тоглоом биш. Нэгэнт л ОУВС-гийн зөвлөмжийг авч, эдийн засаг, санхүүгийн тогтолцоогоо сайжруулъя гэж байгаа бол амлаж, амласнаа биелүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн үедээ төдийлөн таатай байхгүй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ урт хугацаанд тогтолцоо эрүүлжинэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг байнгын мөнгө урсдаг тогтолцоогоо хэвээр байлгавал ямар ч мөнгө орж ирээд нэмэргүй л дээ. Тэгэхээр ОУВС-тай гэрээ хийхдээ тогтолцоон дээрээ яаж анхаарах, Төсвийн хууль болон холбогдох бусад хуульд ямар заалт тусгах, төсвийг нэмэгдүүлдэг зарлагыг хуулиар яаж зогсоох гэх мэт зүйл дээр зөвлөгөө авах нь зөв болов уу. Түүнээс биш ОУВС-гаас түр хугацаанд мөнгө авч гал унтраах бол гол асуудал биш. Тогтолцоогоо засахад л анхаарах хэрэгтэй. Монголын хувьд ОУВС-тай хоёр, гурван удаа хамтарсан.

Ямартай ч хөл дээрээ тогтож өндөр хурдтай хөгжих зам руугаа орсон. Азийн хямралын үеэр Монголын санхүүг хөл дээр нь босгож эрүүлжүүлсэн газар нь ОУВС. Энэ удаагийн тухайд Азийн хямрал ч юм уу, дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас биш дотоодын асуудал хурцдаж улсаа хүнд байдалд оруулсан. Нийгмийн халамжийг зайлшгүй хүртэх ёстой хэсэгт нь хэрхэн чиглүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зайсанд амьдардаг, гэр хороололд аж төрдөг айлын хүүхдүүдийг ялгалгүйгээр хүүхдийн мөнгө өгөх нь зохимжтой биш. Оюутны автобусны хөнгөлөлтөд сургууль руугаа машинаар ирдэг оюутнууд хамрагдах шаардлагагүй.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *