Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар гишүүнийд амьдралынх нь амттай түүхийг яриулан саатахуй

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд ард түмнээс хамгийн олон санал авсан гишүүдийн нэг нь Х.Нямбаатар. Тэрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж 12280 хүний санал авсан. Нэг ёсондоо сонгогч олон түүнд дуу нэгтэйгээр саналаа өгч итгэл хүлээлгэжээ. Шинэхэн гишүүний нэг өдрийн ажил, ахуй амьдралтай танилцахаар “Танайд өнжье” буландаа урьсан юм. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдааны дараа ажлынх нь өрөөнд уулзав. Намрын чуулганаар хэлэлцэж буй эхний асуудал болох 2017 оны төсвийн хуулийн талаарх мэдээ баримт ширээн дээрээ дэлгэчихсэн сууж байна. Тэрээр “Эдийн засаг хүнд байна. Гэхдээ бидэнд гарц бий. Хүнд хэцүү байдлыг шийд гэж ард түмэн биднийг энд суулгаж байгаа” гэсээр угтав. Хуулийн төсөлтэй танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх их ажлаас нь хэсэг хөндийрүүлж аав ээж, нутаг усных нь тухай ярилцлаа. Угсаа гарвалаа хөөвөл тэрээр Хэнтийнх ажээ. Өвөг эцэг Ц.Арилд нь хуучнаар Сэцэн хан аймгийн Дайчин далай вангийн хошуу буюу одоогийнхоор Хэнтийн Баян-Овоо сумын хүн байж. Нутагтаа 40 гаруй жил эх баригчаар ажиллаж, Бэрхийн уурхайн хүн эмнэлгийг байгуулалцаж явсан гэнэ. Харин аав нь тээврийн жолооч байжээ. Тиймээс хүүхэд насаа аавтайгаа хамт “Зил-130” машины кабинд өнгөрөөсөн гэнэ. Аав нь хаашаа тээвэр хийнэ, хүү нь дагаад л явдаг байж. Жонш олборлодог Бэрхийн уурхай бол Х.Нямбаатарын өссөн газар. Түүнийг арван нас хүрэх үед гэр бүлээрээ Улаанбаатар хотын айл болохоор нүүж ирсэн гэнэ. Хотод ирээд нийслэлийн 48 дугаар сургуулийн сурагч болжээ. Дунд сургуульд байхдаа тэрээр ангийнхаа онц сурлагатнуудын нэг байж. Физик, хими, математик гээд бүх л хичээлдээ онц сурч бусдыгаа манлайлна. Тэгсэн мөртлөө сахилгагүй гэж жигтэйхэн. Хаана, хэн сахилгагүйтнэ, тэнд Х.Нямбаатарын нэр заавал дуулдана. Заримдаа бүр багш нарын зөвлөлийн хурлаар орж шийтгүүлдэг байжээ. Харин дараа нь аль нэг хичээлээр олимпиадад түрүүлж гэмээ цайруулдаг байсан гэнэ. Бас спорт, урлагийн аль ч төрөлд ангийнхнаа аваад гарчихдаг сэргэлэн нь дэндсэн хүү байж. Ийм болохоор тэрээр ангийн найзуудынхаа дунд нэр хүнд сайтай, багш нарынхаа хайртай сурагчдын нэг болсон гэнэ. Хэдийгээр сургуулиа төгсөж амьдралын зам мөрөө хөөгөөд 18 жил болж байгаа ч гэлээ сонгуульд нэр дэвшлээ гэхэд ангийнхан нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж сурталчилгааны ажилд эрвийх дэрвийхээрээ оролцжээ. Энэ талаар тэрээр “УИХ-ын сонгуульд хамт олон, найз нөхдийнхөө хүчээр л амжилттай оролцсон. Шөнө унтах завгүй, биеэ хэд хувааж ажилламаар цагт найз нөхөд, анги хамт олон маань гол ажлуудыг нугалж өгсөн” гэж байлаа. Гишүүнтэй ийн хөөрөлдөөд гэр рүү нь явахаар болов. Эднийх “Оддын хотхон”-д амьдардаг ажээ. Очиход гэргий нь гурван хүүхдийнхээ хамт гаднаас зэрэгцэн орж ирлээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ ирж байгаа нь энэ. Том охин Н.Мишээл хятад сургуулийн сурагч гэсэн. Дунд охин Н.Минжин нь турк сургуульд сурдаг ажээ. Харин бага хүү Н.Хүслэн цэцэрлэгт явж байгаа гэнэ. Хүүхдүүд нь аавыгаа бусад өдрөөс эрт ирснийг хараад баярлаж байна гэж жигтэйхэн. Гэр нь цаанаа нэг халуун дулаан уур амьсгалтай, бусдаас ялгарах зүйлгүй, орчин үеийн залуу гэр бүлийн жишигтэй юм.

Х.Нямбаатар гишүүний гэргийг И.Баярмаа гэдэг. Тэд “Орхон” их сургуулийн оюутнууд байхдаа танилцаж гэр бүлийн амьдрал зохиожээ. Х.Нямбаатар тус сургуулийн хуулийн ангийг, эхнэр нь франц хэлний орчуулагчийн ангийг төгсчээ. Х.Нямбаатар бас л онц сурч сургуулийнхаа хэмжээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд байнга илтгэл тавьж түрүүлнэ. Бас оюутнуудын дунд зохион байгуулдаг илтгэлийн тэмцээнд сургуулийнхаа урдаа барьдаг “алтан толгойт” байсан гэсэн. Хаана, ямар л эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн тэмцээн болно тэр бүгдэд оролцохдоо заавал ч үгүй алтан медальтай ирдэг байжээ. Ингэж номын мөр хөөн явахдаа Соросын сангийн тэтгэлгээр их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцон гуравдугаар байр эзэлж 300 ам.доллараар шагнуулжээ. Тэр нь 1999 он. Тухайн үед дөнгөж гэр бүл зохиогоод байсан учраас шагналынхаа мөнгөөр зурагт авсан нь эдний гэрийн анхны эд зүйл. Иймэрхүү амжилттайгаар оюутны дөрвөн жилийг ардаа орхиж сургуулиа төгсөх үед багш нар нь Х.Нямбаатарыг сургуульдаа туслах багшаар үлдэхийг санал болгосон байна. Ингэж ажил амьдралынхаа гарааг оюуны их уурхайд “багш аа” гэж дуудуулснаар эхлүүлжээ. Х.Нямбаатар гэргий И.Баярмаатайгаа оюутан байхдаа ханилсан учраас өөрсдийн гэх гэр орон, унаа тэрэггүй. Бүх зүйл, сайхан ирээдүй өөрсдийнх нь гарт байгаа гэж итгээд сургуульдаа багшлахын зэрэгцээ өөр сургуульд цагаар хичээл зааж ажил хөдөлмөрийн амтанд шимтсэн гэдэг. Гэр бүл зохиосон эхний хэдэн жил толгой дээш татах ямар ч завгүйгээр хөдөлмөрлөдөг байсан нь түүнийг зүгээр сууж чадахгүй, эхлүүлсэн ажлынхаа ард заавал ч үгүй амжилттай гардаг занд сургасан гэнэ.

Эрхэм гишүүн анх хадмынхаа нэг өрөөнд амьдардаг байжээ. Удалгүй цалингаа хуримтлуулсаар Дарь-Эхэд хашаа худалдан авч гэр барин өрх тусгаарлаж байсан гэнэ. Дарь-Эхийн энэ л хашаандаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олноо урин авчирч Х.Нямбаатарынх гэдэг нэгэн айлын гал голомтыг бадраасан байна. Тэр үеийн анхны эд хогшил нь хоёр ширэмтэй “Мечта” плитка. Бас зурагт, ор зэрэг л байж. Яваандаа ажил хөдөлмөрийнхөө шимийг хүртэж монгол гэрээ модон байшин, дараа нь нэг өрөө, хоёр өрөө, гурван өрөө байраар солиод хамгийн сүүлд одоогийнхоо амьдарч буй дөрвөн өрөө орон сууцанд нүүж ирсэн гэнэ. Энэ бүхэн Х.Нямбаатарынх гэх айлын аз жаргалтай үеийн нандин дурсамжууд ажээ. Хэдийгээр одоо залуу байгаа ч гэлээ амьдралаа эхлүүлж байх үеийн гэгээн бүхнээ “Бид хоёрын залуу насны дурсамж” гэсээр ярьж байв. Өөрсдөө амьдралынхаа бүх зүйлийг А-гаас эхлүүлж байсан болохоор гурван хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнээс хол өсгөн хүмүүжүүлжээ. Хүүхдүүд нь ч аав ээжээсээ ийм, тиймийг нэхэхээс илүүтэй хичээл номдоо анхаарлаа хандуулдаг гэсэн.

Амьдралынх нь амттай түүхийг яриулан суух хооронд гэргий нь оройн хоолоо бэлдчихэж. Гараа гаргаж бэлдсэн хоолыг идэнгээ өвөөгөөс нь өвлөгдөж ирсэн тулгынхаа тухай ярьж өгөв. Эдний гэрийн хамгийн үнэ цэнэтэй эд болох энэхүү тулга Х.Нямбаатарын өвөөгийн эдэлж хэрэглэж байсан зүйл ажээ. Гэр бүл зохиож Х.Нямбаатарынх гэдэг өрх айлын эзэн болсных нь дараа эрүүл энх, аз жаргалтай, урт удаан амьдрахыг ерөөн бэлэглэсэн гэнэ. Гэрт нь орж ирсэн цагаас хойш анзаараад байхад гэргий нь нөхөртөө тун ч халамжтай юм. Бас залуу гэр бүлд тэр бүр байдаггүй бие биедээ хүндэтгэлтэй хандах хандлага эдний гэр бүлийн эрхэм зүйл бололтой.

Х.Нямбаатар “Орхон” их сургууль, Цагдаагийн академи, Удирдлагын академийг тус, тус төгссөн. Суралцаж байх хугацаандаа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Эрхзүйн боловсролын академийн гишүүн болжээ. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь түүнийг төрийн албанд зүтгэх зорилготой болгосон гэсэн. Өдөр бүр л янз бүрийн зовлонтой, асуудалд орооцолдсон хүмүүс ирж уулзан зөвлөгөө авна. Ингэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь өөрийн буруугүйгээс болж хохирсон, арга учраа олохгүй будилчихсан явдаг байж. Тиймээс тэдэнд туслах, нийгмийн олон асуудлыг шийдэх, хууль эрхзүйн орчинг илүү боловсронгуй, иргэддээ халгүй болгох үүднээс 2008 онд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан байна. Хүмүүс санаж байгаа байх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намыг дэмжиж сурталчилгаанд оролцсон гэдгийг. Тэгсэн мөртлөө МАН-аас нэр дэвшсэн ганцхан хүнийг тусгайлан дэмжиж байсан. Тэр нь Х.Нямбаатар. Энэ талаар нь асуухад “Монгол хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн Аса аварга бид хоёр бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Намайг УИХ-д нэр дэвших болсныг сонссон даруйдаа дэмжинэ шүү гэдгээ хэлсэн. Намайг тойргийнхоо иргэд, сонгогч олонтой уулзаад явж байхад хүрч ирж үг хэлсэн. Үүнд их баярласан. Ер нь ард түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа хүн олон сайхан найз нөхөд, хамт олныхоо дэмжлэгээр сонгуульд оролцдог юм билээ” гэв. Түүний хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр өдөр, шөнө гэлтгүй их ачаалалтай ажилласан гэсэн. Ерөнхийдөө дүүрэгтээ найман жил ажиллачихсан учраас иргэдийнхээ амьдрал, тулгамдаж буй асуудал зэргийг мэдэхийн дээдээр мэдэж байж. Тиймдээ ч иргэдийн дэмжлэгийг чамгүй авчихаад байсан гэнэ. Санал авах өдөр ганцхан хороо л санааг нь зовоож байжээ. Дүн гарах үед өөрийнхөө штаб дээр хамт олонтойгоо сууж байсан гэнэ. Өнөө яах бол доо гэж эргэлзэж байсан хорооны дүн мэдээ ирэхэд илэрхий ялчихаж. Тэгэхээр нь ялалт байгуулах нь тодорхой боллоо гэж бодоод дүүргийнхээ сонгуулийн хороон дээр иртэл Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн зургаан хүн зургуулаа ялалт байгуулсан сайхан мэдээ угтжээ.

УИХ-ын гишүүн болсон тухайгаа тэрээр “Өнөөдөр асуудал тулгарах бүрт төр буруутай мэтээр ярьдаг болсон байна. Ард түмнийхээ итгэлийг алдсанаас болоод төр, түшээдийн нэр хүнд их унажээ. Одоо энийг өөрчлөх цаг болсон. УИХ-д сонгогдож буй хүмүүс юун түрүүнд өөрийгөө хувь хүн талаасаа бэлдсэн байх ёстой. Эрдэм мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ ахуй амьдралын асуудлаа шийдсэн хойноо улс төрд хүч үзээсэй гэж боддог. Түүнээс биш улс төрд орж мөнгөтэй болно гэх ойлголтыг бүр мөсөн үгүй хийхийн төлөө ажиллана” гэж байлаа. Одоогийн залуус хувийн компанид өндөр цалинтай ажиллах биш, төрийн байгууллага руу зүтгэдэг сэтгэхүйг өөрчлөх ёстой хэмээж байв. Мөн эдийн засаг хүнд байгаа энэ үед эдийн засгаа эрүүлжүүлэх зоригтой алхмууд хийх ёстой. Халамжийн хөтөлбөрийг танаж буйг зөв гэж бодож байгаа гэлээ. Ирэх дөрвөн жил тэрээр хот төлөвлөлтийн стандартыг хангах асуудал дээр тусгайлан ажиллана гэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаар, хөрс маш их хэмжээгээр бохирдсон. Үүнээс улбаалж гүний ус руу хортой бодис орж эхэлсэн болохоор сэтгэл нь түгших болжээ. Бүр шинээр төрж буй хүүхдүүдийн цээжний тойрог нарийсаж буй гэх мэдээ сонссоноос хойш хот төлөвлөлтийг өөрчлөх ёстой гэдгийг баттай ойлгож авсан гэсэн. Мөн тэрээр хуульч мэргэжлийнхээ хүрээнд эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хуулиуд дээр мэдлэг боловсролоо шавхаж ажиллахаар зорьжээ. Ямартай ч парламентын бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн мэддэг чаддаг бүхнээ бүрэн зориулан ажиллана гэж байв.

Ийн ярилцах зуур гишүүний утас тасралтгүй хангинаж байлаа. Хэдий цаг орой болсон ч гэлээ Сонгинохайрхан дүүргээс нь дуудаж байв. Тэрээр орон нутгийн сонгуульд дүүргээ хариуцсан менежерээр ажиллаж байгаа болохоор зав л гарвал сонгуулийн штаб руугаа гүйдэг ажилтай болжээ. Гэрийнхэн нь ч түүнийг оройтлоо, ажил ихтэй байна гэсэн гомдлын үг хэзээ ч хэлж байгаагүй гэсэн. Их сургуулиа төгссөнөөс хойш амьдралаа төвхнүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаад сурчихсан болохоор ачаалал ч сайн даадаг гэнэ. Гэргий нь “Миний хань төрийн их ажилд зүтгэхээр тангараг өргөсөн. Ингэж ажиллахаас өөр аргагүй. Ажилдаа бүрэн анхаарлаа хандуулах боломж, нөхцөлөөр хангахыг хичээдэг юм” гэлээ. Хүүхдүүд нь ч завгүй байна, бидэнтэй тоглосонгүй гэж гомдоллохын оронд ажил хөдөлмөрт махран шамдахын жишээг ааваасаа үлгэрлэдэг ажээ. И.Баярмаа эгчтэй ойр зуурын сонин хачин хөөрөлдөх хооронд Х.Нямбаатар гишүүн хувцаслачихаж. Дүүрэг рүүгээ гараад давхичихъя гэж байна. Түүнтэй хамт гэрээс нь гарав. “Монголын заяа их ээ. Бид агуу их түүхтэй улс орны эзэд. Бахархах зүйл бидэнд их бий. Хожмын үеийнхэндээ амар тайван амьдралтай сайхан ирээдүй бүтээхийн төлөө зүтгэнэ ээ” гэж хэлээд дахин уулзахын ерөөл тавин одлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *