Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Миссийн тэмцээнийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч П.Баярхүү болон НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа нар “Нийслэлийн 100 хоног”-ийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Засаг дарга С.Батболд хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн 100 хоног”-ийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэд “Хотын дарга 100 хоногт зогсоох, нэр хаяг өөрчлөх үйл ажиллагаа л явууллаа” гэж дүгнэсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Манай баг өнгөрсөн зуу хоногт хүн рүүгээ чиглэсэн ажлыг түлхүү хийлээ. Аравдугаар сарын тооллогоор нийслэлд нэг сая 375 мянган хүн амьдарч байна. Миний гаргасан бүх шийдвэр хүн рүү чиглэсэн байсан.Хүнээ яаж эрүүл байлгах вэ, хүүхдээ яаж цэцэрлэгтэй байлгах уу гээд энэ бүхэн бодит ажил болж байна.

-Засаг даргын тамгын газрыг шилэн данс хөтлөхгүй байна гэх шүүмжлэл нэлээд байна?

-“Шилэн данс” хөтлөх хуультай юм чинь би хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ шилэн данс хөтлөөгүй байсан бол “Улаанбаатарын намар” арга хэмжээг 106 сая төгрөгөөр зохион байгуулсныг олон нийт мэдэхгүй байсан.“Шилэн данс” хөтлөхгүй байна гэх мэдээлэл бол зориудаар бидний ажлыг харлуулах гэсэн оролдлого.

-Тэгэхээр “Улаанбаатарын намар” арга хэмжээг 106 сая төгрөгөөр зохион байгуулсан нь үнэн гэсэн үг үү?

“Улаанбаатарын намар” арга хэмжээнд 12 мянга гаруй залуус цугласан. Цаашид энэ арга хэмжээг фестиваль болгон өргөжүүлж, хугацааг нь долоо хоног болгон сунгахаар төлөвлөж байна.

-Та “Face of the beauty” олон улсын миссийн тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төргөг хандивласан гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ том хотын амьдрал соёл урлаггүйгээр явахгүй. Тиймдээ ч “Face of the beauty” олон улсын миссийн тэмцээнд 20 сая төгрөг хандивласан. Гэхдээ Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаагүй. Энэ тэмцээнийг зохион байгуулагчид бараг жилийн өмнөөс Э.Бат-Үүл даргад хандсан байдаг. Э.Бат-Үүл даргын багийнхан үүнийг шийдээгүй, ажлаа өгчихсөн.

Энэ арга хэмжээ бол Улаанбаатар хотыг дэлхий нийтэд сурталчлах томоохон арга хэмжээ болсон. Тийм болохоор“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зарцуулах ёстой хөрөнгөөс 20 сая төгрөгийг өгсөн. Монголыг, Улаанбаатар хотыг сурталчлах ажилд мөнгө зарах хэрэгтэй.Гэхдээ тэр нь нээлттэй, ил тод байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *