Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм биш үү

Монгол Улсын Их хурлын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол нэхмэл, барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжид 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр заажээ. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2021 он хүртэл цаг хугацааны хувьд хязгаартай үйлчлэх юм. Үйл ажиллагааны жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь хамааруулахгүйгээр яагаад цөөн хэдэн төлөөллийг багтаахаар зүтгэж байна вэ. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын ямар нь араас нь, ямар нь өврөөс нь гарсан болоод ингэх болов. Тайлбар нь “Ж.Эрдэнэбат нь газар тариалантай, Н.Оюундарь хоолны сүлжээ ресторантай, Ж.Энхбаяр нь оёдол нэхмэлийн чиглэлийн Дархан нэхийтэй, Чойжоо нь барилгын компанитай” гэхчилэн есөн жорын юм сошиалаар явж байна. Гэхдээ энэ тайлбар юу л бол.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд жилд 1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжүүдээ ялгаварлахгүйгээр бүгдийг нь 90 хувийн хөнгөлөлтөд хамруулж болдоггүй юм уу гэсэн асуудлыг хөндсөн ч МАН-ын бүлгийн ханыг давж чадсангүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хэлснээр “Бүх аж ахуйн нэгжийг 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамруулахад 30-аад тэрбум төгрөгийн орлогын асуудал яригдана. Тийм учраас эхний ээлжинд амин чухал гэсэн салбарын ААНОАТ-ын 90 хувийг хөнгөлөхөөр оруулж ирсэн” гээд сууж байх юм. МАН-ынхан яагаад энэ салбаруудыг онцлон 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь зүгээр л сонгуулийнхаа сэтгэлгээнээс салж чадаагүйтэй нь холбоотой. Учир нь хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол нэхмэл, барилга, хүнсний салбарт монголчуудын дийлэнх нь ажилладаг. Эдгээр салбарт хамаарах иргэдийн хувь өндөр байгаа нь МАН-д л ашигтай. Тэд массыг л татахыг хүссэн. Сонгуулийн сэтгэхүйгээрээ ингэж хууль батлах нь бизнесийнхэнд тийм ч таатай зүйл биш. МАН-ынхан минь одоо сонгуулийн “ард түмэнд таалагдах” гэдэг тактикаасаа салаад эдийн засгийн хямралаасаа гарах арга хэмжээгээ авах болоогүй юу. Засгийн газраас оруулж ирсэн дээрх салбаруудаас гадна үүнд багтаж чадаагүй бизнесийнхэнд ч гэсэн эдийн засгийн хямрал хатуухан тусч байгаа. Бизнесийн аль нэг салбарыг ялгаварлахгүйгээр дэмжиж байж эдийн засагт сэргэлт өгнө. Тэгэхийн тулд жилийн 1.5 тэрбумаас ихгүй орлоготой бүх компанид 90 хувийн татварын хөнгөлөлт үйлчлэх ёстой л доо. Ингэж чадвал монголчууд баян чинээлэг болох боломж бүрдэнэ. Бизнесийнхэн нэг өндийгөөд авбал иргэдийн амьдрал сайжирна. Амьдрал сайжирснаас МАН-ын хийгээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр үр дүнд хүрнэ. Бид мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн энэ мэтчилэн мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болохыг хүсээгүй. Эрх баригчид ч тэгж амлаагүй.

Гурван нүүдлийн цаадахыг харна энэ тэр гэж сүржигнэж байхаар өмнөх нүүдлээ л зөв хийчих. Энэ хөнгөлөлтийн ард ганц ч компани үлдэлгүй хамрагдчихвал бизнесийнхний “нүд” нь сэргээд ирнэ. Итгэл нэмэгдэнэ. Засгийн газар нэг талаасаа татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж гаргаж байгаа хэдий ч бүгдийг нь хамруулахгүй гэвэл сошиалаар түгээд байгаа зарим сайд, гишүүдийн ашиг сонирхол үнэн болж ч мэдэх нь. “Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” хэмээх үг Татварын ерөнхий газрын үүдэнд томоос том бичээтэй буй. Төр гэж байгаа л юм бол өөрсдийн “хүүхдүүдийн” бизнесийг алагчлалгүй дэмжих ёстой. Татвар авахаараа хэнийг ч ялгахгүй бүгдээс нь авдаг атлаа хөнгөлөлт үзүүлэхдээ ганц удаадаа бүгдийг нь хамруулчих хэрэгтэй. Удахгүй бизнесийнхэн чинь энэ татварын хөнгөлөлт авсан манайх аваагүй гээд жагсаал цуглаандаа тулбал яах вэ. Өглөгийн уут ёроолдоо хүрсэн ч бүгдийг нь даагаад явчих ухаан энэ төрд байгаа гэж итгэх хүмүүс олон байна. Тоогдогсод нь томорч гээгдэгсэд нь гутарч болохгүй биз дээ, МАН-ынхаан. Бодлогын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа мэт харагдах ч татварын хөнгөлөлтийн гадна үлдэх компаниудын ажилчдын цалин, татвараа төлөх, түрээсийн мөнгөний асуудалд үнэндээ төр нэмэр болж чадахгүй хэвээр үлдэх нь. Ингэж дутуу алсан үхэр шиг хууль батлах гэж зүтгэж байхаар тэгш эрхийг бүгдэд нь олгох шаардлагатай. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Ганболд “Аавын хүүг алагчилж болохгүй л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр энэ нь чухал, энэ нь жижиг, энэ нь өрхөөр үйлдвэрлэл явуулдаг гэдэг бодлого барих юм бол бусад нь юу болох вэ” гээд гайхшаа бараад асууж байхав дээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хуулийн төсөлд дөрвөн салбарыг онцолж оруулж ирсэн нь дутуу дулимаг санагдаад байна. Үүний цаана нийгэмд маргаан үүсчихвий. Загас, зөгий аж ахуйг яах вэ. Мал аж ахуйн салбар гэх үү. Бизнесийнхнээ талцуулах юм болох гээд байна. 20 гаруй тэрбумын зөрүү л гарах юм байна ш дээ” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байсан юм. Бүлгийнх нь гишүүд хүртэл шүүмжлэлтэй хандаад байхад л үзэмж төдийхнөөр өөрсдийн ашиг сонирхолд таацуулан ингэж зүтгүүлэх хэрэг байна уу. Сонгууль болдгоороо болж, сонгогчид саналаа өгдгөөрөө л өгнө. Үнэхээр ард түмэндээ төгс төгөлдөр таалагдах гээд байгаа юм бол 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүддээ таалагдах юм хий л дээ. Улс нь мөнгө өгч чадахгүй хойно тухайн компани нь цалингаа ядаж цагт нь тавиг л дээ. Наад хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан шиг оруулчих. Эрх баригчид та бүгдийг алга ташиж хүлээж авна уу гэхээс одоо оруулж ирсэн дутуу дулимаг хууль шиг чинь дутуу үнэлэхгүй байх.

Энэ оны эхэнд улсын хэмжээнд 164 мянга орчим аж ахуйн нэгж байсан бол аравдугаар сарын статистик мэдээгээр 63 мянган аж ахуйн нэгж байгаа гэнэ. Тэгвэл эднээс 4678 нь татварын хөнгөлөлтөд хамаарах аж. Дундаж аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд компаниа хоёр, гурав болгон хувааж татварын хөнгөлөлтөд хамрагдахаар үйл ажиллагаа явуулах эрсдэл бий. Өнөө л далд эдийн засгийг дэмжчих юм биш биз гэсэн хардлага явж байна. Хэрэв ингэж алагчилж татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол татвараас бултах түмэн аргыг хэрэглэж мэдэхээр байгаа юм. Гэх мэтчилэн тал талын сөрөг үр дагавруудаа бодож байж хуулийн төслөө хэлэлцэхгүй бол бизнесээ өргөх нэрийн доор улам сөхрүүлж магадгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн хоёрын хооронд гурвын дунд, өөх ч биш булчирхай ч биш хуулиар бизнесийг талцуулж байхаар зоригтой шийдвэр гаргаад явчих.

МАН-ынхан үнэхээр мэргэжлийн Засгийн газартай болсон гэж байгаа бол мэргэжлийн сайд нар нь өөрсдийнхөө салбаруудыг зүтгүүлэх хэрэгтэй. Зүтгэнэ гэж бүтэн салбар хариуцсан сайд болсон шүү дээ. Сайд нь зүтгүүлэхгүй бол таны салбарын ажил унах нь. Хариуцаж байгаа салбарт тань хөгжил дэвшил юу ч ирэхгүй нь байна шүү. Энэ мэтчилэн татварын хөнгөлөлтийг Их хурлаар хэлэлцэж байхад Татварын ерөнхий газрын байранд гал гарч ч байх шиг. Галын дөл өөдөө гэх үү, татварын бодлого чинь буруу байгаа болохоор бурхан цаанаас чинь тэгж байна гэж мунхаглах уу. Бизнесийг ялгаварлан гадуурхах чинь сонгуулийн оноо авах гэсэн увайгүй үйлдэлтэй чинь зөрчилдөөд байна.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

“Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм биш үү” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ” чуулганы мэдээллийг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УБТЗ дахь МАН-ын дайны түүх нийтлэлийг сонирхоорой.

Баримт, үзэл бодлын 3-р нүүрт “Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм шүү” нийтлэл хэвлэгдлээ.

Өдрийн зочин булангаар Викториагийн их сургуулийн оны шилдэг диссертацийн шагналыг авсан анхны монгол сэхээтэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш В.Данаасүрэнтэй танилцах боломжтой юм.

Уламжлалт “Хэлэх индэр” буланд иргэд чөлөөт үзэл бодлоо илэрхийлжээ.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Ховд аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургуулийг 1971 онд төгссөн 10б ангийнхан уригдан оролцжээ.

Долдугаар нүүрний “Энэ тухай” булангаар та СЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Дашпилжээтэй хийсэн ярилцлагыг уншаарай.

Есдүгээр нүүрээс Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн 100 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан түүний ууган шавь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхярваатай хийсэн ярилцлагыг таалан сонирхоорой.

Уранзохиолын уламжлалт “Өд бэх” булангаас Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналыг бий болголоо нийтлэл хэвлэгджээ. “Бадархундага-2016” яруу найргийн XI их наадмын эргэн тойрон дахь сонин сайхныг эндээс сонирхон уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *